Б.БЯМБАЖАРГАЛ
Өнгөрсөн есдүгээр сард улсаараа шатахууны хомстолд орж дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрээс хэрэглээгээ хангах шаардлагатайг улам бүр мэдэрсэн. Тэгвэл жилд 1.5 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ямар шатанд явж байгааг өнгөрсөн пүрэв гаригт сэтгүүлчдэд өглөө. Манай улс өнгөрсөн таван жилд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулдаг. Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор бид шатахууны хэрэгцээгээ дотоодоосоо хангаж нэг тэрбум ам.долларыг гадагш урсгахгүй болох юм. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж буй нь цаашид химийн үйлдвэр барьж байгуулах боломжийг нээж өгч байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь манай улсад хэрэгжиж буй томоохон мега төслүүдийн нэг юм. Энэ хүрээнд 12 байгууламж барина. Бүтээн байгуулалт дөрвөн үе шаттай явж байгаа юм байна.
“Дэд бүтцээ түшиглэж үйлдвэрийн байршлыг сонгосон”
Хамгийн сүүлийн судалгаагаар Тосон-Уул 179.6, Тамсаг 127, Цагаан элс 26 сая тонн нийт 332.6 сая тонн ашиглаж болох газрын тосны нөөцтэй гэж гарчээ. Тэгэхээр олон нийтийн дунд газрын тосны үйлдвэр нь олборлолтын талбайгаасаа 500 гаруй километр зайтай баригдаж байгаа нь сонирхол татаж, асуулт дагуулдаг. Тэгвэл энэ талаар “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨКХ-ийн захирал Д.Алтанцэцэг “Хүнд аж үйлдвэрийн байршлыг тодорхойлдог онолууд бий. Газрын тос боловсруулах үйлдвэрт асар их хэмжээний түүхий эд, бараа материал шаарддаг. Түүхий тосоо боловсруулж олон төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Тэр гаргасан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхийн тулд бүтээгдэхүүний чанар, стандартаас хамаарч өөр өөр тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг. Тэгэхээр гол зах зээл, дэд бүтцээ зайлшгүй тооцох ёстой. Газрын тос олборлолт явагдаж буй талбайд үйлдвэрээ барих нь дэд бүтцээсээ хол учраас төмөр замаа түшиглэж сонгосон. Мөн усны нөөцөө түшиглэх ёстой. Бор-Хөөврийн говийн усан санг түшиглэн үйлдвэрээ барьж байгаа” гэв.
Дамжуулах хоолой нь халаалтын системтэй байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ерөнхий процессийг энгийнээр тайлбарлавал ийм. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд анхдагч болон үйлдвэрийн дагалдах хангамжийн байгууламжийн барьж байгуулна. Анхдагч технологийн байгууламжид энгийн, вакум нэрлэгийн байгууламж, хий ялгах байгууламж багтана. Тамсагийн сав газраас дамжуулах хоолойгоор ирж буй газрын тос нь эхний шатанд энгийн нэрлэгийн байгууламжид орж дараа нь атмосфер болон вакум нэрлэгийн байгууламжид нэрэгдэж хий, бинзен, онгоцны түлшний түүхий эд, азот гарах аж. Энэ үе шатуудаас гарсан бүтээгдэхүүнийг дахин гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгоно. Харин дагалдах болон хангамжийн байгууламжид түүхий ус боловсруулах систем, хөргүүр, хаягдал ус боловсруулах систем, азотын хангамжийн систем, агуулах сав, ачих буулгах байгууламж, түлшний систем орох юм.
Олон улсад түүхий тос, нефтийн бүтээгдэхүүнийг дөрвөн тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг. Тухайлбал, далайн тээвэр, галт тэрэг, дамжуулах хоолой, авто зам. Үүнээс манай улсад аюулгүй байдал, эдийн засаг талаасаа дамжуулах хоолойгоор зөөвөрлөх нь хамгийн тохиромжтой аж. Тиймээс Тамсагийн сав газар дахь газрын тосны олборлолтын Тосон-Уул XIX-р талбайгаас үйлдвэрийн талбай хүртэл нийт 530 орчим км урт, халаах, өргөх насос бүхий түүхий тосыг дамжуулах хоолой байгуулах юм байна. Одоогийн байдлаар тендерт оролцох дөрвөн компанийн санал ирж үнэлгээний ажил явагдаж байгаа аж. Дамжуулах хоолойг 250 сая ам.доллараар барина. Тэгвэл олборлолтын талбайгаас үйлдвэрт дамжуулах хоолойгоор хүргэх бол үйлдвэрээс зах зээлд хэрхэн нийлүүлэх талаар мэдээлэл өглөө. Энэ талаар Дамжуулах хоолойн газрын дарга Л.Болорчулуун “Ачих, буулгах байгууламж нь дөрвөн салаа төмөр замтай. Замын-Үүдийн шилжүүлэн буулгах байгууламж нь өдөрт найман баррель вагон ачдаг бол энэ үйлдвэр нь 151 баррель түлш, шатахуун ачих боломжтой. Нийт бэлэн бүтээгдэхүүний таван хувийг автотээврээр ойролцоох зах зээл буюу говийн бүсэд хүргэнэ. Ачих буулгах байгууламж нь өдөрт АИ95, дизель түлш, шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлшийг тус бүр 10 автоцистерн ачих хүчин чадалтай. Процессийн байгууламжийн дараах чухал байгууламж бол агуулах сав, ачих буулгах хэсэг. Агуулах сав, парк нь үндсэн гурван хэсэгтэй. Түүхий эд буюу газрын тос агуулах сав, дундын буюу завсрын бүтээгдэхүүн агуулах сав, эцсийн бүтээгдэхүүн агуулах сав” гэв.
Говийн усыг аривлаж ус боловсруулах үйлдвэр барина
Газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 2.8 сая тонн түүхий ус ашиглах тооцоолол бий. Үүнийг Бор-Хөөврийн усан сангаас авч ашиглах юм байна. Ашиглахдаа цэвэршүүлж эрсдэсгүйжүүлэн ашиглах аж. Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг томоохон хэсэг нь усан хангамжийн байгууламж. Мөн говийн бүсэд байгуулагдаж байгаа учир усыг аривлан хэмнэх шаардлага бий. Тийм учраас зураг төслөө ч ус хэмнэх зарчмаар боловсруулжээ. Тухайлбал, өвлийн нөхцөлд үйлдвэрийн томоохон байгууламж, урсгалыг хөргөх зориулалттай усыг агаараар хөргөж усыг хэмнэх аж. Мөн хаягдал усыг дахин боловсруулж үйлдвэрт ашигласан усыг дахин ашиглах зарчмаар ажиллах юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.8 ДАВАА № 218 (6695)