Б.ДОЛЖИНЖАВ
Монголын цахилгаан мэдээний агентлаг “МОНЦАМЭ” “Монголчуудын бослого” нэртэй анхны мэдээгээ бэлтгэж, тухайн үеийн Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Дальта агентлаг руу дамжуулснаас хойш бүтэн 100 жил өнгөрчээ. Жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор Монгол ардын журамт цэргүүд Хиагтыг гамин цэргүүдээс чөлөөлсөн тухай мэдээг 1921 оны гуравдугаар сарын 30-нд Дальта агентлагаас РОСТА агентлаг дамжуулан мэдээлснийг эх сурвалж болгон Оросын “Правда” сонинд нийтэлж, дэлхий дахины сонорт Монголын хувьсгалчдын харийн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн анхны томоохон ялалтыг тунхагласан юм. Ийн Монгол Улсын талаарх мэдээлэл дэлхийн сонорт албан ёсоор хүрч эхэлснээс хойших 100 жилийн ойг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн холбооны шагналт, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн тусгай сурвалжлагч асан Дамдины Самданг “Амьдралын тойрог” буландаа урилаа.
Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын зурагчнаар ажилласан жилүүд

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг “Зүүн талын худаг” гэдэг газар 1938 онд малчны гэр бүлд төрсөн хүү Монголын хамгийн анхны хэвлэл мэдээллийн агентлаг МОНЦАМЭ-гийн гэрэл зургийн тусгай сурвалжлагч болж, шилдэг удирдагчдын үйл хэрэг, дүр төрхийг гэрэл зургийн хальснаа буулган, хойч үед уламжлуулах нэр хүндтэй үүргийг гүйцэтгэсэн нэгэн түүх бий. Нийтлэлийн маань эзэн Д.Самдан МОНЦАМЭ агентлагт 41 жил ажиллахдаа Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын маршал Юмжаагийн Цэдэнбал, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Жамбын Батмөнх нарын гэрэл зургийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байлаа. Энэ хугацаандаа нам, төрийн айлчлалаар дээрх удирдагчдыг дагалдан Герман, Чех, Болгар, ЗХУ, Энэтхэг, Вьетнам, Лаос, Камбож зэрэг орноор сурвалжлагчаар явжээ. Энэ тухайгаа “Гэрэл зургийн тусгай сурвалжлагч байхдаа төрийн айлчлалаар олон орноор явсан. Хүмүүс айлчлалын үеэр болон бусад үед зурагчдыг зав ихтэй гэж боддог. Гэвч гэрэл зургийн сурвалжлагчид их завгүй хүмүүс байдаг. Тухайлбал, Ю.Цэдэнбал даргын зурагчин байхдаа ордон, студи хоёрын хооронд гүйдэг байлаа” хэмээн хуучлав.
Улсын сайн малчин аав ээжийн гар дээр өсөн хүмүүжиж, нэгдлийн адуучин, моринд гарамгай байсан тэрбээр 24 настайдаа Улаанбаатар хотод шилжин ирж, улмаар гэрэл зургийн тусгай сурвалжлагч болсон юм. Тэрбээр Фото студи, МОНЦАМЭ агентлагт лаборант, тусгай сурвалжлагчаар ажиллаж байв.
Д.Самдан анх 1961 онд Улаанбаатар хотод ирээд Соёлын яамны дэргэдэх Гэрэл зургийн курсэд суралцжээ. Үүний дараагаар түүнийг МОНЦАМЭ агентлагт 1967 онд ороход тус агентлаг “Монгол Улс” өнгөт сэтгүүлийн монгол хэл дээрх дугаарыг сар бүр, англи хэл дээрх дугаарыг улирал бүр, Новости Монголии сонинг эрхлэн гаргадаг байв. Түүнийг гэрэл зурагчнаар ажиллаж эхлэхэд Германаас мэргэжилтнүүд авчран зөвлүүлж Монгол Улсад өнгөт зураг дөнгөж үүсч байсан үе тохиосон юм. Тэрбээр Германд зургаан сарын курст суралцаж ирснийхээ дараагаар МОНЦАМЭ-гийн “Монгол Улс” өнгөт сэтгүүлд олон жил ажиллаж, өнгөт зургийн хөгжилд асар их хувь нэмрээ оруулсан билээ. Үүний дараагаар Чех, Хятадын Синьхуа агентлагт дээд курст суралцаж ирээд МОНЦАМЭ-гийн гэрэл зургийн тусгай сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн байдаг.
Өнгөт гэрэл зургийн Самдан

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Оцон Мааньтын Хилийн цэрэгт гурван жилийн алба хаасны дараагаар Ноён, Гурвантэс, Сэврэй сумын Сум дундын шүүхэд нарийн бичгийн даргаар ажиллаж байж. Улаанбаатарт ирснийхээ дараа Барилгын II трестэд ажиллаж байсан ажил мэргэжлийн олон туршлага Д.Самданд бий. Түүний гэрэл зургийн сурвалжлагч болох эхлэл ч цэрэгт байхдаа гэрэл зургийг сонирхох болсонтой холбоотой. Хамгийн анх тэрбээр “Зоркий С” гэсэн аппараттай Улаанбаатарт ирж байжээ. Үүнээс хойш Германы “Практик”, Оросын “Киев” гэсэн аппаратуудыг удаан ашигласан байна. Харин Германаас төгсч ирээд төрийн айлчлалуудад явахдаа Nikon аппараттай болсон байжээ.
Энэ тухайгаа Д.Самдан “Гэрэл зургийн студид 1985 оноос Японоос олон аппарат авч эхэлсэн. Өмнө нь ганц нэгхэн аппарат ирдэг байсан учир зурагчид дамжуулж хэрэглэдэг байлаа. Ер нь бидний үед зураг авахад гэрэл зурагчнаас асар их хөдөлмөр шаарддаг байсан. Учир нь бид зургаа авна, хатаана, хороо найруулна гэсэн олон үйлдлийг өөрсдөө гардан хийдэг байв. Одоо харин зурагчдын үйлдэл их хөнгөрч, амар болжээ” гэж ярилаа.
Гэрэл зурагтай нөхөрлөснөөс хойш тэрбээр бие даасан гурван цомог гаргасан төдийгүй хамтарсан олон үзэсгэлэн гаргасан байдаг. Тухайлбал, Монгол Улс байгуулагдсаны 50, 55, 60 жилийн ойн ном, альбом, сэтгүүлүүдийг мэргэжил нэгт нөхдийн хамт гаргаж байлаа. Энэ хугацаанд Герман, Чех, Орос, олон улсын болон Монголдоо гэрэл зургийн уралдаануудад оролцож, I, II байр болон тусгай шагналт байр эзэлсэн юм билээ.
Ирвэсний зураг авсан анхны зурагчин

Түүний сонирхлыг татдаг зүйлс нь байгаль, ан амьтан юм. Тиймээс 1984 оноос байгалийн үзэсгэлэнт давтагдашгүй дүр төрх, ховор, сонин ан амьтдыг гэрэл зургийн хальснаа буулгахаар зорьжээ. Ингэснээр ан, амьтны зургийг авч эхэлсэн анхны хоёр монгол хүний нэг болсон юм. Тухайн үед Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн О.Уртнасан, МОНЦАМЭ-гийн гэрэл зургийн тусгай сурвалжлагч Д.Самдан хоёр л ан амьтны зурагт хаа л бол дөрөө харшуулж явдаг байлаа. Тиймээс түүнийг ирвэсийг зургийн хальснаа буулгасан Монголын анхны зурагчин гэдгээр нь олон хүн танина.
Ирвэсний зургийг хэрхэн авсан тухайгаа Д.Самдан “Миний төрсөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост Тосон бумбын нуруу 1982 оны үед ирвэс ихтэй байв. Тухайн үед ирвэсний тухай киноны багийнхан намайг томилолтоор хамт авч явсан юм. Бид хэдэн хоног хүлээсэн ч ирвэстэй тааралдаагүй. Гэтэл нэг орой ирвэс айлын хонь барих үеэр нь шөнө сахиж хонож байгаад зургийг нь авч билээ. Ирвэс бол хүний бараа харав уу үгүй маш хурдан явчихдаг амьтан. Гэхдээ их идэхээрээ агуй, хонхорт удаан хэвтдэг амьтан учир энэ үеэр нь ойртож зургийг нь авсан. Ангийн зургийг хальснаа сайн чанартай буулгахын тулд тэсвэр тэвчээртэйгээр хүлээн суух хэрэг гардаг. Ангир, хандгай үүрээр юмуу шөнө л усандаа ирдэг. Халх гол, Нөмрөгтийн тусгай хамгааллалттай газарт олон бий. Би нэг удаа хандгайтай бараг 20 метр ойртож байгаад зургийг нь дарж чадалгүй үргээчихсэн. Хол очсон хойно нь дарсан даа. Ангийн зураг дарах амаргүй. Зурагчнаас их тэвчээр шаардана. Амьтнаа иртэл хүлээж их сууна. Ирэхгүй бол олон хононо. Хад, уул төдийгүй усан дотор ч их сууна” хэмээв.
Зурагчин болсон цагаасаа эхлэн ангийн зураг авсан тэрбээр хүмүүсийн буруу үйлдлээс шалтгаалан ан, амьтны тоо толгой ховордож байгаад сэтгэл эмзэглэдэг тухайгаа ярьсан юм. Тэрбээр “Намайг анх зураг авч байхад ан амьтан элбэг байсан. Одоо их ховордсон. Зургийг нь авах амьтан ч бараг байхгүй болсон. Ган, зуд, уул уурхайгаас үүдэн нүх ухаж, тэсэлгээ хийсний улмаас гол, ус ширгэж, амьтад ховордсон. Таван жил болоод очиход байгаль өнгөө өөрчилчихсөн байдаг болсон. Дорноговь аймгийн Их нартад өнгөрсөн жил очиж аргал, янгиртай газар 15 хонохдоо байгалийн голдуу зураг дарсан. Учир нь амьтан олдоогүй. Олон компани байгаль орчинд халтай технологиор үйлдвэрлэл явуулж алт эрдэнэс, ашигт малтмал, ой модоо хайр найргүй цөлмөх болсонд туйлын харамсаж байна” хэмээн ярилаа.
Монгол Улсад хоёр “зүрх” лугшдаг

МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн тусгай сурвалжлагч Дамдины Самдан анхны бие даасан үзэсгэлэнгээ 1985 онд "Хүн байгаль” сэдвээр гаргаж байсан бол үүнээс хойш Чингис хаан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаа, Хөрөнгө оруулалтын лавлах, Түүхийн музей “Унасан газар угаасан ус”, “Хөх тэнгэрээс заяасан Хүн, байгалийн гайхамшиг” бүрэн хэмжээний бие даасан гэрэл зургийн цомгоо гаргаад байна.
Хамгийн сүүлд гаргасан “Хөх тэнгэрээс заяасан Хүн, байгалийн гайхамшиг” номынхоо талаар “Монгол Улсад хоёр зүрх лугшдаг гэж би боддог. Энэ хоёр “зүрх” бол хоёр том нуруу юм. Нутгийн төв хэсгийн хойд талаар орших Хэнтийн нуруу, баруун хэсгийн төвд Зүүн баруун тийш хөндлөн үргэлжлэх Хангайн нуруу юм. Хүн байгалийн салшгүй хүйн холбоотойг санаж сайхан Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, ой мод, ан амьтан, ургамал, түүх соёлын дурсгалт газрууд, уламжлалт зан үйл зэргийг хайрлан хамгаалахыг хойч үе өсвөр үеийнхэндээ захиж, эх орноо танин мэдэх, мэдлэг оюунд нь хувь нэмэр оруулахыг зорьж гэрэл зургийн цомгоо бүтээсэн. Манай улс ус, ургамал, амьтан,уул хад ихтэй Баянбүрд зэрэг үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газар олонтой, ашиг малтмал ихтэй нутаг” гэв.
Түүний “Хөх тэнгэрээс заяасан Хүн, байгалийн гайхамшиг” номонд нов ногоон модод, тунгалаг цэнхэр гол, мөрөн, нуур, өвөрмөц тогтоцтой уул, хаднаас эхлээд зөвхөн Монголд ургадаг жимс, рашаан булгийн зураг багтжээ. Тухайлбал, Алтай таван богд, Түргэний уул, Бодончийн хавцал, Жаргалант хайрхан, Хар нуур, Чоно харайхын гол, Аварга могойн домог, Улаан цутгалан гэсэн үзэсгэлэнт газруудыг дүрсэлжээ. Мөн дарьганга, үзэмчин, буриад, мянгад, казак, дөрвөд гэсэн олон ястнуудын зургийг зэрэгцүүлэн цомогтоо оруулсан нь үндэстний ялгаа, өвөрмөц төрхийг харуулсан байна.
Үүнээс гадна морь уургалж буй адуучин залуу, айраг бүлж буй малчин эмэгтэй, сарлагийн бухны тулаан, Хөвсгөлийн цаатны амьдрал, тэмээн сүрэг, дөнгөж төрсөн ботго, хотолж буй хонь ямаан сүрэг, чулуун тоглоом, өрөм, аарц, хурдан морьд, дээл оёж буй гэрийн эзэгтэй гэсэн Монгол ёс уламжлалыг харуулсан нь даяаршиж буй нийгэмд шинэ өнгө төрх нэмж, содон мэдрэмж төрүүлэхээр болжээ. Түүнчлэн зэрлэг гахай, хангайн шилүүс, хүрэн баавгай, шивэр хандгай, говийн мазаалай, хулан, бөхөн,угалз, янгир, ирвэс, хавтгай гэсэн улаан номонд бүртгэгдсэн ховор амьтдын зургийг түүний цомгоос харах завшаан олдсон юм.
Цомгийг үзэж суухуйд Монгол орны хойд Монгол шарын даваанаас өмнөд цэг Орвог гашууны овоо, баруун гэвэл Алтай таван богдоос зүүн хязгаар Халхын гол, Нөмрөгийн дархан цаазат газар хүртэлх тэр уужим нутагт Самдан гуай яваагүй газаргүй нь илт. Хаа газрын уул даваа, гол ус, нуур цөөрөм бүгдийг байгаль судлаач шиг ярих юм билээ. За тэгээд ан амьтан, жигүүртэн шувуу гээд ярьвал ямар ч амьтан судлаачаас дутуугүй мэднэ.
Ховордсон амьтдыг хэрхэн гэрэл зурагт буулгасан тухайгаа зурагчин Д.Самдан “Баавгайтай олон өдөр хөөцөлдсөний эцэст ганцхан удаа зургийг нь авч байсан. Зургийг нь дарахад маш хэцүү юм билээ. Хөвсгөлийн цаатангуудад очиж цаа унаад хөдөө цастайд уулын оройд 10 хонож үзсэн. Шилмүүс дэрлээд, голдоо галаа түлээд унтдаг байв. Нэхий дээлтэй ч цаашаа харж унтахаар нүүр даараад буруу харахаар нуруу даарсан ч тэсээд л явсан” гэсэн юм.
Монгол Улсын байгаль хөндөгдөөгүй үзэсгэлэнтэй байх үеэс нь байгальтай, ан амьтадтай ойр байж, цаатангуудын амьдралаар ч амьдарч үзсэн түүний хувьд гэрэл зурагчин төдийгүй байгаль, амьтан судлаач мэт санагдав. Тэрбээр “Шувууд хэзээ ч төөрөхгүй, алс хол нисэхдээ цаг орон зайг баримжаалан мэдрэхдээ гойд. Тэдэнд “нарны луужин” гэх дотоод цаг бий. Түүний тусламжтайгаар цаг уурын үзэгдлийг урьдчилан мэддэг. Харин Хавтгай сонсох, харах, үнэрлэх эрхтэн маш сайн хөгжсөн гойд соргог амьтан” гэж ярьсан юм.
Тэрбээр 1998 онд тэтгэвэртээ гарснаас хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Өдгөө 83 настай ч тун удахгүй дөрөв дэх цомгоо гаргахаар бэлтгэж байгаагаагаа бидэнд сонирхуулсан юм. Үүнээс үзэхэд гэрэл зураг Д.Самдангүйгээр, Д.Самданг гэрэл зураг, камергүйгээр төсөөлөхөд бэрх юм. Дашрамд дурдахад Д.Самдан гурван охин, хоёр хүүтэй. Тэдний дөрөв нь нэг салбарт санаа сэтгэл, гар нийлэн улсынхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.8 ДАВАА № 218 (6695)