Монгол улс хойд хөрштэйгээ дипломат харилцааг 1946 оноос эхэлсэн мэтээр бичиж ярьж байгаа залуучууд олширч байгаа учраас  энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид анх 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо хүрэлцэн очиж “Найрамдлын барилдлагааг байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар  манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоныг бид бүгд мэднэ.

Монгол улсын Ардын  Засгийн  газар (АЗГ) Зөвлөлт Орос Улстай  (ЗОУ) 1921  оны 11  сарын 5-нд Москва хотноо байгуулсан Найрамдлын  Гэрээ бичгийн Тавдугаар  зүйлд: «Монголын Ардын Засгийн газар ЗСБНХОУ-ын Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр ЗСБНХОУ-ын нийслэлд Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч, түүнчлэн Оросын хил орчмын тойргуудад консул суулгаж болно» гэсний дагуу  өөрийн  улсын  Бүрэн  эрх барих Элчин төлөөлөгчийг  Москва хотноо томилон суулгах талаар  ихээхэн анхаарал тавьж, 1922  оны 12-р сарын 10-нд Ерөнхий сайд бөгөөд Гадаад Яамны сайд   Догсомын Бодоог Орос улсад Бүрэн эрх барих төлөөлөгчөөр томилох шийдвэр гаргасан байна.  Удалгүй Монголын  Засгийн  газрын  мөн оны гуравдугаар  сарын  3-ны  өдрийн хуралдаанаар  Цэргийн  яамны  дэд  сайд  Хатанбаатар  С.Магсаржавыг тохоон томилж  ЭСЯ-ны  орон  тоог  8 хүний  бүрэлдэхүүнтэй  баталж байжээ. С.Магсаржав  бие  өвчтэй  гэж  чөлөө  гуйсан учир   Хэмжээт эрхт Богд хаанаар  зөвшөөрүүлэн Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцэж,  мэйрэн Ж.Давааг  ЗОУ-д  суух  Бүрэн эрхэт элчин сайдаар  томилж, дүрмийн ёсоор “Улсад туслагч түшээ  гүн”-гийн  хэргэм  хүртээжээ.  Ж.Даваа нь  1921 оны 11 дүгээр  сарын  5-нд Москвад гарын үсэг зурсан  Монгол-Зөвлөлтийн найрамдлын  барилдлага байгуулах гэрээ хэлэлцээнд  нарийн  нарийн бичгийн даргаар  оролцож  байсан хүн юм билээ.   

  Ардын эрхт  Монгол  Улсын  элчин, түшээ гүн Ж.Даваа  1922  оны  зургадугаар сарын 2-нд Бүх Оросын  Төвийн Гүйцэтгэх Хорооны дарга  М.И.Калининд Итгэмжлэх жуух  бичгээ  барьж, уулзалтад  Элчин яамны зөвлөх  Н.Жадамба, I нарийн бичгийн дарга Г.Гүрсэд, Бүх  цэргийн  дэд  жанжин  Х.Чойбалсан, нар  оролцож байжээ.  Ийнхүү Монгол Улсын хилийн чанад дахь анхны Дипломат төлөөлөгчийн газрын түүх бичигдэж эхэлсэн байна.

Бүрэн  эрхт  элчин  Ж:Даваа  элчин  төлөөлөгч  нараа  харилцан  суулгаж  буй  нь  тус  хоёр  орны  хоорондын Найрамдал хамтын ажиллагаа бүх талаар гүнзгийрэн хөгжиж байгаагийн бэлэг тэмдэг болгож 1000 толгой үхэр  ЗОУ-д  бэлэглэж байсан нь түүхэнд тэмдэглүүштэй сонин баримт болон үлджээ.  1922  оны  тавдугаар  сард  ЗОУ-ын  Засгийн газар Монголд суух  Бүрэн  эрх барих Элчин төлөөлөгчөөр  Коминтерний Гүйцэтгэх хорооны тусгай төлөөлөгч Н.М. Любарскийг томилж, тэрээр мөн оны долдугаар  сарын  7-нд  Нийслэл  Хүрээнд  хүрэлцэн ирж Ерөнхий сайдын албан тушаалд шинээр томилогдоод удаагүй байсан Жалханз хутугт С.Дамдинбазарт Итгэмжлэх жуух бичгээ гардуулсан байдаг.

 Тэр үед ЗОУ болон Хэмжээт цаазат Ардын эрхт Монгол Улс хоёр олон улсын эрхзүйгээр олон улсын хэмжээнд  бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан тул элчин сайд нараа посол буюу Элчин сайд гэж нэрлэддэггүй  харин Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч буюу Полномочный представитель, товчоор Полпред, Элчин Төлөөлөгчийн газрыг  Полномочный Представительство, зарим барим бичгүүдэд Миссия гэж нэрлэж, бичиж байжээ. Мөн сонирхуулахад тэр үед одоогийн НҮБ-ын гишүүн 192 орны 75 хувь нь улс төрийн картан дээр улс гэж тэмдэглэглэгдээгүй байсан он цаг шүү дээ.

1922  оны 12-р  сарын  30-нд  Орос, Украин, Белорус, Өвөр Кавказын БНУ-ууд ЗСБНХУ байгуулагдсаны  дараа  Элчин, түшээ  гүн  Ж. Даваа  М.И. Калининд  Итгэмжлэх  жуух  бичгээ  барьснаар  тэрээр мөн БНМАУ-Улсаас  тус улсад суусан  анхны  элчин  сайд болсон юм.   Ж.Даваагийн  халааг  авч МАН-ын  дарга   А. Данзан  1924-1925 онд, 1929-30 онд   Б.Буянчуулган  1925-1926 онд дараа нь,  элчин сайдаар Г.Гүрсэд 1927-28 онд  ажилласан байна.

Шинээр байгуулагдсан  ЗСБНХУ-ын анхны элчин  сайд А.Н. Васильев эн  ирж, 1924 онд  Ерөнхий сайд Б. Цэрэндоржид Итгэмжлэх жуух бичгээ барьж байжээ.  Элчин сайд А.Н.Васильевийг ажил хэргээ эхлүүлсэнтэй нь  холбогдуулан хоёр орны ард түмний найрамдлын энэрэнгүй үзэл, сайн  санааны  илэрхийлэл болгож, Ардын ЗГ хууль ёс зөрчин хоригдож байсан Зөвлөлтийн харъяат иргэдэд  өршөөл үзүүлж  суллан гаргаж байсныг  дипломатын практикт шинэлэг зүйл гэж үзэж болохоор байдаг.   Хоёр орны хооронд ийнхүү  элчин төлөөлөгчийн  хэмжээнд  харилцаа  тогтнон хөгжсөн нь  Монгол Улс  тусгаар бүрэн эрхт улс мөнийг дахин нотолсон  хэрэг юм.

1921  оны  арваннэгдүгээр  сарын  5-нд  байгуулсан  Найрамдлын   гэрээ бичгийн  Дөрөвдүгээр зүйлд «... ЗСБНХОУ-ын Засгийн газар Монголын Ардын Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын нийслэлд Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч, түүнчлэн  Ховд, Улиастай, Алтанбулаг зэрэг хотуудад консул суулгаж болно» гэж заасны дагуу Зөвлөлт Орос улс 1922 оны долдугаар сард анхны консулын газраа Ховдод нээж байжээ. Ховдын хязгаарын өөртөө засах АЗГ-д  ажиллаж байсан тува үндэстэн Сирен Шойжелов Нацовыг консулаар  томилж байжээ. Мөн 1924 оны хавар Алтанбулаг хотноо  консулын газрыг  нээж, А. Г. Старковыг томилсон байдаг.  1924 оны улсын анхдугаар их хурлын / ГЯЯ-ны сайд А.Амарын/ илтгэлд тэмдэглэснээр 1925 оны 10-р сарын 29-нээс Баянтүмэн Хан уулын хошуу, өнөөгийн Чойбалсан хотод ЗСБНХУ-ын консул сууж эхэлсэн байна.  

Ш.Пүрэвсүрэн

1.Ашигласан материал: Москва хотноо Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдсан нь  ХИС-ийн др.проф. Д.Уламбаяр