Б.БЯМБАЖАРГАЛ
Хоёр жил зогсонги байдалд байсан соёлын салбарыг сэргээж, эрчимжүүлэхээр соёлын салбарынхан чуулж “Соёлын бүтээлч сар” аяныг эхлүүлжээ. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын долоо хоног бүрт соёлын салбарын бүх төрөл, байгууллагуудыг хамруулсан үйл ажиллагааг ээлжлэн зохион байгуулах юм байна. Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяр “Соёлын яам байгуулагдсан цагаасаа өөрийн бодлого, стратегийг тодорхойлж гурван чиглэлд онцгойлон анхаарч байгаа. Тухайлбал, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарыг эдийн засагжуулах буюу бүтээлч байдлыг хөгжүүлэхэд анхаарч гол чиглэлээ болгон ажиллаж байна. Монгол улс дунд хугацааны бодлогын хөтөлбөрийг батлахаар хэлэлцэж байгаа. Ирэх оны гуравдугаар сард батлагдана. Үүнтэй холбоотойгоор дунд хугацааны бодлогын хөтөлбөрт соёлын асуудлыг тусгах, соёлын салбарын бүтээлч байдал, хүн нийгмийн хөгжилд нөлөөлөх соёлын нөлөөний талаар салбарын эрдэмтэд, судлаачидтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа юм” гэв.
Бүтээлч сарын хүрээнд эхний долоо хоногт салбарын эрдэмтэн, судлаачдын уулзалтыг зохион байгуулах бол хоёр дахь долоо хоногт соёлын өвийг хамгаалах, таниулах зорилгоор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа явуулах аж. Харин гурав дахь долоо хоногт орчин үеийн урлаг, уран сайхны бүтээлийг дэлгэх бол сүүлийн долоо хоногт соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ирээдүйн чиг хандлага, хөгжил, бүх нийтийн соёлын боловсролыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах юм. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 30-нд “Соёлын бүтээлч сар” аяны хаалт болгон ерөнхийлөгчийн ивээл дор соёлын форумыг зохион байгуулсанаар өндөрлөх аж.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир “Бид соёлын асуудлаа нэг сарын турш авч хэлэлцэнэ гэдэг сайн хэрэг. Дэлхий даяар хөгжлийн талаар ярихдаа соёлыг хаяж ирсэн нь зарим талаараа сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Үүнд олон жишээ дурдаж болно. Бид хөгжил ярихдаа эдийн засаг, материаллаг зүйлсийг голдуу ярьдаг ч нөгөө талдаа соёл, үзэл санаа, биет бус өвөө хаядаг талтай. Материаллаг зүйлс, техник технологи, эдийн засгийн үзүүлэлт бол хөгжлийн зөвхөн нэг тал. Хүн төрөлхтөн зоосны нөгөө тал буюу соёлын асуудлыг олон жил хаяж явсан. Бид энэ алдааг давтах учиргүй. Ялангуяа эрдэмтдийн үзэж буйгаар тухайн үндэсний өөрийн түүх, соёлын уламжлалд нь тохирсон хөгжлийн чиг хандлагатай байж хөгждөг гэдэг. Түүнээс биш Америкийн хөгжлийн загварыг Монгол Улсад хуулж авчраад турших нь бүтэхгүй. Яагаад гэвэл, Америкийн нөхцөл байдал, түүх, соёл, нийгэм өөр. Түүх, соёлын уламжлалыг тооцохгүйгээр хөгжлийн бодлогын төлөвлөгөө гаргах нь биелэх магадлал багатай гэж үздэг” гэв.
Соёлын яам өнгөрсөн хугацаанд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг хийж салбарын хамрах хүрээгээ тогтоосон аж. Урлаг, уран бүтээл, кино, ном зохиол, дизайн, архитектур зэрэг 12 чиглэл энэ салбарт хамаарч байгаа юм байна. Монгол Улсын хэмжээнд соёлын үйлчилгээний чиглэлээр бүртгэлтэй 11.6 мянган ААН, байгууллага байдаг бол үүний 5.6 орчим идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Соёлын салбарт нийт 33 мянган хүн ажиллаж ДНБ-ний 1.3 хувийг бүрдүүлдэг байна. Энэ хүрээнд Соёлын яам соёлын салбарын ДНБ-ний эзлэх хувийг нэмэгдүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч ажиллана гэдгийг уулзалтаар онцлов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.4 ПҮРЭВ № 217 (6694)