Б.БЯМБАЖАРГАЛ

Эрээн хотод коронавирусын халдвар бүртгэгдэж аравдугаар сарын 18-нд хил хаасны улмаас зарим нэр төрлийн барааны үнэ өсөж хомстол үүссэн. Тэгвэл “МЕК” судалгааны төвөөс хүнсний бүтээгдэхүүний өсөлтийг энэ оны дөрөв, аравдугаар сарын үнэтэй харьцуулан гаргажээ. Судалгаанд ижил нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг адил хэмжээгээр худалдан авч нийт болон ширхэгийн үнийн дүнг гаргасан байна. Үүнээс үзэхэд сонгино сарын дотор 45 төгрөгөөр өсжээ. Тухайлбал, аравдугаар сард 160 грамм сонгино 268 төгрөг байсан бол арваннэгдүгээр сарын 1-ны байдлаар 313 төгрөг болсон байна. Өндөг 10 ширхэг, талх, ургамлын тос, хиам, сонгино, төмс, жүүс, цагаан будаа, хонины мах, сүү, гурил, тор багтсан багцын үнэ аравдугаар сард 42477 төгрөг байсан бол энэ сарын эхний байдлаар 41784 төгрөг болж буурчээ. 
Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд хийсэн судалгаагаар багцын нийт үнэ 38897 төгрөг байсан бол арваннэгдүгээр сард 2887 төгрөгөөр өссөн байна. Үүнд Мишээл талх дөрөвдүгээр сард 1859 төгрөг байсан бол энэ сард 2079 төгрөг болж 220 төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Мөн дөрөвдүгээр сард 250 грамм хиам 3006 төгрөгийн үнэтэй байсан бол 4312 төгрөг болж 1310 төгрөгөөр, “Сакура” цагаан будуу нэг килограмм нь 4439 төгрөг басйан бол 5729 төгрөг болж 1290 төгрөгөөр огцом нэмэгдсэн байна. Харин өндөг 10 ширхэг нь 5332 төгрөг байсан бол 4849 төгрөг, дээд гурил нэг килограмм нь 1619 төгрөг байсан бол 1499 төгрөг болж буурчээ. 

Эх сурвалж: www.polit.mn