Б.БЯМБАЖАРГАЛ
Эрээн хотод коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хатуу хөл хорио тогтоож хилээ хаагаад байгаа. Үүний улмаас импортоос хамааралтай манай улсад зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж хомсдол үүсч үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа ч доголдоход хүрсэн талаар бид өмнө нь сурвалжилсан. Үүний хажуугаар үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмж байна гэсэн шүүмжлэл тасрахаа болив. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчдийн нөхцөл байдал, байр суурийг хүргэж байна.
А.Амар-Отгон /Алт, мөнгөний “Дорнын цас” компанийн захирал/:
Мөнгөний үнэ 30 хувиар өссөн
-Монголбанкны алт, мөнгөний ханш дэлхийн зах зээлээс хэт өндөр байдаг учраас Хятад, Солонгос улсаас үнэт металлаа худалдаж авдаг. Монголбанкнаас өндөр үнэтэй худалдаж аваад үйлдвэрлэл, үйл ажиллагааны зардлаа нэмээд борлуулахад үнэ нь хэт өндөр гардаг учраас иргэд худалдан авахгүй шүү дээ. Алт, мөнгөний компаниуд хэвийн үед нэг лан мөнгийг 84 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан ч хил хаасан учраас ченжүүд 112 мянган төгрөг болгосон. Ойролцоогоор 30 хувиар нэмэгдээд байна. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс өөр аргагүй. Ченжүүдийн нөөц дуусахад л алт, мөнгө, гоёл чимэглэлийн компаниудын үйл ажиллагаа доголдоход хүрнэ. Манай улс алт, мөнгөний ордтой. Монголбанк алт, мөнгөө дэлхийн ханшаар зардаг байсан бол бид дотоодоос авах бүрэн боломжтой. Эцсийн дүндээ үнийн өсөлтийг хэрэглэгчид л нуруун дээрээ үүрдэг.
Э.Удвал /Арьсан эдлэлийн “Aragont leather art studio”-ийн захирал/:
Тоноглолын үнэ хэд болж өсөхийг мэдэхгүй
- Манайх арьсаа Монголоосоо авдаг учраас гол түүхий эд тасалдаагүй. Гэвч арьсан эдлэлийн тоноглол, туслах материалыг импортоор авдаг. Эрээн хотын боомт хаагдаж захиалсан бараа ирээгүй, гацаад байна. Тиймээс захиалагч нартаа захиалгаа хойшлуулах, сунгах эсвэл цуцлах санал тавиад ажиллаж байгаа. Мэдээж захиалагч нарт таатай биш нь ойлгомжтой. Одоогийн байдлаар бид үнэ ханшаа нэмээгүй. Захиалсан тоноглолын үнэ, ачаа тээврийн үнэ хэд болж өсөж ирэхийг мэдэхгүй байна. Эрэлт үүсэх амархан. Нийлүүлэлт хэцүү гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Захиалагчдын гар дээр очиход олон шат дамжлагатай учраас хил гаалийн асуудлаас үүдэн доголдох асуудал гарч байгаа.
Б.Цэцэгбалжид /“Amita cake studio” ,“Camellia cake and drink house” үүсгэн байгуулагч/:
500 грамм гүзээлзгэнэ 15 мянган төгрөг байсан бол 25-30 төгрөг болсон
- Үйл ажиллагаагаа хэвийн явуулахад олон хүндрэлтэй асуудал үүссэн. Зөвхөн сав баглаа боодлоос гадна бялуунд ашигладаг жимс, жимсгэнэ үнэд орсон. Жишээлбэл, хил хаахаас өмнө 500 грамм гүзээлзгэнэ 15 мянган төгрөг байсан бол одоо 25-30 мянган төгрөгийн үнэтэй болсон. Сав баглаа, хайрцгаа урдаас захиалж авдаг. Сүүлийн захиалга ирж амжаагүй учраас бүх нөөцөө шавхаад зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүйд хүрсэн. Одоогийн байдлаар бүтээгдэхүүний үнээ нэмээгүй ч цаашид энэ байдал удаан үргэлжилбэл нэмэхээс өөр аргагүйд хүрнэ. Ялангуяа жижиг үйлдвэрлэгчид түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоох эсвэл ашиггүй, алдагдалтай ажиллахаас өөр аргагүй болж байна.
Д.Цэцэгмаа \Хувиараа оёдлын бизнес эрхлэгч\:
Түүхий эд, материалын үнэ хоёр дахин өссөн
- Материалын олдоц муу болчихлоо. Өнгөрсөн найм, есдүгээр сард 6500 төгрөгийн үнэтэй байсан материал одоо 12-13 мянган төгрөг болсон байх жишээтэй. Ялангуяа өвлийн хувцасны материал олдохгүй байгаа. Тэгэхээр материалын үнэ хоёр дахин өссөн учраас эцсийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Гэхдээ бид үйл ажиллагааны зардлаа нэмж, ашиг хараагүй. Алдагдалгүй ажиллахын тулд материалын нэмэгдсэн үнээ нэмж тооцохоос өөр арга байхгүй. Цар тахлын нөлөө жижиг, дунд бизнес эрхлэгчдэд л хамгийн хүнд тусаж байна даа.
Энэ мэтчилэн үндэсний үйлдвэрлэгчид үнэ тогтвортой байж түүхий эд нэмэгдэхгүй л бол бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй гэдгийг хэллээ. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар Эрээн хотын халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул ойрын хугацаанд хил нээхгүй бололтой. Хамгийн сүүлийн мэдээллээр аравдугаар сарын 29-нд БНХАУ-ын Эрээн хотод тусгаарлалтад байсан нэг иргэнээс халдвар илэрч нийт тохиолдол 17 болжээ. Ингэснээр ӨМӨЗО-нд 289 тохиолдол гарч үүнээс улбаалан 12 муж, хотуудад халдвар тархсан талаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газраас мэдээлсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.1 ДАВАА № 214 (6691)