Д.ЦЭРЭННАДМИД

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Би энэ эрдэмтэн Намсрай гэдэг хүнийг зөвхөн мэднэ. Гэхдээ чухам хэн бэ гэдгийг саяхан болтол мэдрээгүй л явж.  Ер нь түүнийг дэлхийгээр нэг мэддэг байхад монголчууд бид яагаад мэдэхгүй байхсан билээ. Тэрбээр физикийн салбарт шинэ нээлт хийж дэлхийд нэрээ бичүүлсэн хүн юм шүү дээ. Ертөнцийн бүтэцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикт цоо шинэ чиглэл гаргасан юм билээ тэр. Түүнийг нь дэлхийн физикчид хүлээн зөвшөөрч "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэж нэрлэсэн байдаг.

Бас математикийн салбарт интеграл дифренциал тоололд шинэ санаа дэвшүүлж интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг гаргаж тавьжээ. Тиймээс 2000 онд Кембриджийн Олон улсын намтрын хүрээлэнгээс XX зууны дэлхийн хамгийн нэртэй 100 эрдэмтний жагсаалтад Монголын нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай хэмээн оруулсан байдаг юм.

Ийм алдартай хүнээ зууны эрдэмтнээ огтоос мэдэхгүй гэх юм бол ёстой алдас болох байлгүй дээ. Цөөн жилийн өмнөхөн физикч Х.Намсрай гуайд төрийн дээд шагнал "Чингис хааны одон" хүртээх үед түүнтэй хэдэн үг сольж амжсансан. Энэ л завшаан болсон. Уг шагнал тэр хүнд очсон нь нүдээ олсон хэрэг байлаа. Хагас зуун жил бичиг цаастай ноцолдохдоо хүнтэй ганц, хоёр үг солих төдийд хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болж дээ манийн хувьд. Сэтгүүлч мэргэжлийн маань ач буян тэр байх.

Х.Намсрай гуайн хэнээс ч цэрвэдэггүй, хэнд ч бөхөлздөггүй зан бол чухам өөрийнх нь "хувийн өмч" гэж болно.Түүний тодорхойлолтод уураг тархи гэдэг авдраа уудлах гэж л төрсөн, тэвчээрийн бол хөтөч нь, сурсан эрдмийнхээ хүчээр холын хол замыг эргэлт буцалтгүйгээр сонгосон их ухаантан гэсэн бий. Тэр нь гүн сэтгэгч, оюун санааг бүтээгч, эрэн хайгч Намсрайд тун зохьсон өгүүлэмж санагдсан. Энэ хүний тухай энэхүү хөрөг нийтлэлийг бичих гэж бодлоо нэрж шингэлж нэг, царцааж нэг үзэж суухуйд их эрдэмтний дүр улам намбалаг төрхөөр бууж ирэх нь эрдэмт хүн даруу гэдгийн илэрхийлэл байх л даа. Х.Намсрай гуай эх орны хоймор нутаг Завханых. Яахаараа энэ нутгаас дандаа ухаантнууд төрдөг байнаа гэж бодогдох. Дээр үеийн хутагт хувилгаадаас эхлээд алдартай зохиолч, яруу найрагч, төрийн зүтгэлтнүүд эндээс л төрсөн байдаг. Саяхны нэг хошиндуу үг байдаг даа. Нэг сурагчаас багш нь Ерөнхийлөгчийг хаанаас тодруулдаг вэ гэж суухад огтхон ч түгдрэлгүй "Завханаас" гэсэн гэдэг. Арга ч үгүй юм. Монголын шинэ төрийн анхны хоёр ерөнхийлөгч Завханых байсан. Уг нь багш нь сурагчаасаа Ерөнхийлөгчийг ард түмэн тодруулдаг гэсэн хариулт хүлээж байж.

Тэгэхээр Хангай говь хосолсон энэ нутгийн зан сайтай өвгөд нь, зам заагч буурал эмгэд нь буянаа хайрлаагүй бол Цагаанхайрхан уулын цэнхэр салхи ухаан шивнээгүй бол Х.Намсрай гэдэг хүн шинжлэх ухаанд гайхагдах нэгэн байх байсан гэж үү гэсэн бодол ургах. За тиймээ. Мэргэдийн ухаан төрөлх уул усандаа шигэсэн байдаг юм гэнэ билээ.

 

*    *    *

 

Эрдэмтэн Х.Намсрайн намтар Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт малчин ард Хавтгайн хүү болж төржээ гэж эхэлдэг. Тэднийх Ширээгийн голоор голдуу нутагладаг айл байж. Багадаа хонинд явдаг жаал хүү байхдаа юм л бол нэгийг олсон байх. Чөдөр ногт ч юм уу ташуур ч магадгүй. Тэгэхээр аав, ижий нь "Манай хүү юм олох одонд төрсөн юм" гэж магтдаг. Цаашдаа олз омогтой сайн хүн болох байх гэцгээдэг байв. Х.Намсрайг бага байхад  тэднийх малаа туугаад холоо нүүжээ. Нүүдэл дунд бороо шаагиж будан суусан Цагаанхайрханы алаг нуруу талбиухан байсан тэр нэг зун. Хоёр сар шахуу нүүж буусаар яваад Архангайд ирж. Бүр цаашлаад Улаанбаатарт үдэлсэн мэт ганцхан жил болоод Дорноговь руу дахиад нүүсэн гэх. Х.Намсрай вагонд анх суулаа. Сонин байв. Харин энэ ирийсэн олон төмөр дээгүүр энэ том "машин" яагаад яваад байгаа нь түүнд улам гайхмаар байж. Учрыг олохсон гэж бодоод амжиж. Аав нь Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт ажилладаг болсон учир Намсрай хүү тэнд сурагч ахуй насаа өнгөрүүлжээ. Аравдугаар ангиа төгсгөөд Москвагийн их сургуулийн физикийн факультетэд суралцсан. Энэ тухай Намсрай гуай дурсахдаа,

-Олон аавын хүүхдүүд галт тэргэнд хөгжилдөж аав, ижийнхээ өгч явуулсан боорцог боовыг идэж, зарим нь шидэлцэж явсаар замдаа тав хоног өнгөрснийг бараг мэдээгүй Москвад очиж сургуульдаа орлоо. Онц сурч байсан гэх ч орос хэл мэдэхгүй сандарсан даа. Хичээлээ цээжилж л эхэлсэн дээ гэж ярьсан.

Тэр долдугаар ангид байхдаа эрдэмтэн Цэрэнгийн номыг уншаад физикийн ухаан гэж сайхан юм. Үүнийг л сонирхохсон гэж бодож. Энэ бодлыг нь лавшруулсан тохиолдлууд гэвэл 1960-аад оны эхэн үед тэнд ч атомын бөмбөг дэлбэрч гэнэ. Бас тив алгасан нисэх пуужин зохион бүтээлээ, усан доогуур явдаг онгоц бий болж гэсэн яриа залуу хүүгийн бодлыг нэг л зүгт хөтлөөд байх шиг байв. Ингээд л физикийг сонгож дээ. Аав, ижий нь ч дургүйцээгүй "Миний хүү сураад бай, хичээгээрэй" гэж.

Зөвлөлтөд сургуулиа төгсгөж ирээд Шинжлэх ухааны академийн физик, техникийн хүрээлэнд ажиллажээ. Академийн ерөнхийлөгч нь Б.Ширэндэв гуай байж. Гэтэл удалгүй математикийн хүрээлэнд захирал болгочихдог юм. Тэндээ тооцоолох бодох төвтэй болгож дөрвөн жилийг ардаа хийжээ. Дараа нь дэлхийд нэр хүндтэй Дубна дахь цөмийн шинжилгээний институтэд очиж ажилласан нь жинхэнэ эрдмийн хүн болох зам нь засагдсан байдаг.

Тэнд байхдаа Оросын алдартай эрдэмтэн Ефимовын удирдлагаар "Цэгэн бүс квант онолын зарим мөрдөлгөө" гэсэн сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Бас хэдэн жилийн хойно мөн л Дубнад очиж эрдмийн ажлаа үргэлжлүүлж доктор болсон юм билээ.

Дубнад ажиллаж байхдаа Нобелийн шагналт, дэлхийн гарамгай эрдэмтний нэг магадлалын онолын математикч Ландау, цөмийн институтын захирал Ковалёв зэрэг физикийн шинжлэх ухааны ноён оргил гэгдэх хүмүүсийн лекцийг тун хичээнгүй сонсдог байсан нь түүний эрдмийн ажлын цар хүрээ тэлэхэд их тус болсон гэх.

1981 онд болоход Монголд шинжлэх ухааны уур амьсгал сайхан болж. Улмаар монгол хүн сансарт ниссэн нь гайхамшиг байлаа. Яг энэ үед Х.Намсрай шинжлах ухааны докторын зэргээ хамгаалсан байдаг. Энэ тухай ТАСС мэдээлж. Түүнийг аав нь сонсоод хөөе Мядагаа "Хүү чинь доктор боллоо. Мэдээнд малчны хүү гэхийг сонсов уу чи" гэж догдолж байсан гэдэг.

"Цэгэн бус онол ба санамсаргүй кват механикийн шийдэл" гэсэн нэртэй номоо хэвлүүлж. Уг ном нь дэлхийн аль ч орны их, дээд сургуулийн номын санд байх болов. Бас дэлхийн физик, математикийн талын эрдэмтдийн ширээний ном нь болсон байдаг. Ер нь физикийн шинжлэх ухааны онол боловсруулах явцад шийдэж боломгүй хүндрэл зөндөө гардаг. Тэгвэл энэ хүндрэлийг давахад Х.Намсрайн гаргасан онол тус болов. Болох болохдоо физик талдаа дэлхийн бүх эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн юм билээ.

Энэ тухай өөрөө хэлэхдээ "Миний онол дэлхийн олон эрдэмтдийн бүтээл дунд нэг л дусал нь гэж даруухан хэлдэг.

Аливаа хөдөлгөөнд бөөмийн урсгалыг эрдэмтэд урьд нь бүтэцгүй гэдэг байв. Тэгвэл Х.Намсрай бөөмийг бүтэцтэй гэдгийг тогтоогоод өгчээ. Тэгэхдээ нэг сантиметрийг хэдэн сая, хэдэн тэрбум хуваасантай тэнцэх бүтэцтэй гэдгийг баталсан байдаг юм. Үүнийг дэлхий физикт тохиолддог шийдэж боломгүй хүндрэлийг арилгах арга зам гэж үзсэн учир шинэ нээлт гэжээ. Уг онолыг энгийнээр тайлбарлах юм бол телевиз, гар утасны дэлгэцэд гүйж байгаа гэрэл бол бөөмийн урсгал юм гэнэ. Тэгэхээр бас физик гэж юу вэ гэдэг ойлголтыг мэдэх хэрэг гарч байгаа юм.

Байгаль, байгалийн тухай мэдлэг гэдгээс гаралтай матери, энерги, орон зай ба цаг хугацааг захирдаг тулгуур нь физикийн шинжлэх ухаан гэж тодорхойлдог. Бүр ойлгомжтой хэл гэх юм бол физикт ертөнц ба түүний харилцан үйлчилгээний эгэл хэсгүүд, мөн зарчмын хүрээнд ойлголт өгөх системүүдийг судалдаг байх юм. Физикийг тулгуур шинжлэх ухаан гэхийн утга нь хими, дэлхий судлал, биологи болон нийгмийн шинжлэх ухаанууд физикээс эхтэй физикт суурилдаг гэж болно.

Физик нь анх байгалийн философийн нэг хэсэг байсан бол 19 дүгээр зууны үед философиос салж бие даасан шинжлэх ухаан болсон түүх бий. Одоогоос 100 жилийн өмнө Альберт Энштэйн харьцангуйн ерөнхий онолыг бүтээсэн нь орчлон ертөнцийн асар их хэмжээсүүдийг тайлбарлажээ.

Үүнээс хойш хүн төрөлхтний мэдлэгийн хэмжээ далайц гэрлийн хурдаар өсч ертөнцийн үүсэл хөгжлийн тухай ойлголт улам хөгжсөн аж. Орчлон ертөнц 13.8 тэрбум жилийн настай, таван тэрбум галактикуудаас бүрдсэн гэх зэргээр физикийн ойлголт туйлын сонирхолтой болж иржээ. Х.Намсрай доктор өөрийн нээлт гэгдсэн онолыг багтаасан номын тухай хэлэхдээ,

-Би номоо дэлхийн хэмжээнд тарааж олны хүртээл болгож чадсан л даа. Шинжлэх ухааны бүтээл бол жирийн уран зохиол биш болохоор асар их нягт нямбай ажиллагаа шаарддаг. Нэг тэмдэг зураас илүү бол тэр бүтээл бүтээл биш болно. Бас аль нэг тэмдэглээг орхивол болохгүй л дээ. Бүтээлд орсон нэр томьёог бүгдийг нягталж шалгах ёстой. Тэгэхээр Эйнштэйн хэлсэнчлэн эрдмийн ажил гэдэг бол тийм баяр хөөр авчирч байдаг ажил биш уйтгартай юм шиг атлаа хэзээ нэг цагт зорьсондоо хүрэхэд түүн шиг бахархалтай юм байхгүй шүү гэж ярьсан юм.

 

*    *    *

 

Х.Намсрай физик математикийн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа дэлхийн олон орон, алдартай их сургуулиуддад уригдаж зочин эрдэмтнээр ажиллажээ. Үүнд,

-ОХУ-ын Дубнагийн цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд 1969-1974, 1978-1983 онд

-АНУ-ын Саракусын их сургуульд 1989-1990 онд

-Английн Лондоны их сургуульд 1993 онд

-Швейцарын Женев хот дахь Европын цөмийн шинжилгээний лабораторид 1993 онд

-Германы Хайделбергийн их сургуульд 1995 онд, Хамбургийн их сургуульд 2000 онд

-Итали улсын Триест хот дахь олон улсын онолын физикийн төвд (гурван удаа) гэдэг жагсаалт хөвөрнө.

 

*    *    *

 

Дэлхийн академид данстай монгол эрдэмтэн зургаа бий. Тэдний анхных нь Х.Намсрай доктор. Дал гаруй орны 800 гаруй шалгарсан эрдэмтдийн гишүүнчлэлтэй дэлхийн академи гэж бий. Энэ том байгууллагын нэг гишүүн нь болгож. Үндэслэл нь юу байсныг сонирхвол түүний англи хэл дээр бичсэн нэг монографийг олон орны эрдэмтэд үнэлж 1986 онд Голландад хэвлүүлжээ. Тийнхүү үнэлсэн нь хамгийн хатуу шинжлэх ухаан буюу тоо, физикээр монгол эрдэмтний хийсэн анхны бүтээл гэж үнэлсэн. Энэ үнэлгээний явцад тохиолдсон нэг бахархалтай үйл явдлын тухай Намсрай гуай хөөрөхдөө,

-Би тэнд нобелийн шагналт Салам гэдэг том хүнтэй уулзсан юм. Тэхдээ манай монголд тухайн үед амьдрал хэцүү  шинжлэх ухааны байгууллагууд бараг тарахдаа тулж залуу авьяаслаг хүмүүс нь наймаанд явчих гээд байна гэж ярьсан юм. Тэгсэн тэр хүн "Би дэлхийн гуравдагч орны академиас 100 ам.доллар гаргаж өгье. Чи тэр залуусаасаа жилд хоёр хүнийг шагнаж бай гэсэн. Хорь гаруй хүн уг шагналыг аваад байна. Энэ нь 1990-ээд онд шинжлэх ухааны байгууллагыг аврахад багагүй тус болсон юм шүү гэж байналээ. Судлаач, эрдэмтэн хүн нэг шинэ юм хийчихлээ, шинэ нэр томьёо олчихлоо гэж хэлэх эрхтэй. Гэхдээ тэр нь олны хүртээл болж нийтэд зөвшөөрөгдөнө гэдэг урт хугацааны үйл явц байдаг аж. Х.Намсрай гуай дэлхийд нээлт гэгдсэн тэр онолоо боловсруулахдаа дөчин жил зарцуулсан гэж хэлдэг юм.

Дөчин жил нэг юмыг оролдоно, хийнэ гэдэг асар их тэсвэр тэвчээр шаардсан ажил байж таарна. Энэ тухай доктор маань ярихдаа,

-Би бусдаас юугаараа ялгаатай вэ гэвэл ганцхан тэвчээртэй сууж сурсанд л байгаа юм. Надад өөрөөр олигтой авьяас, ургуулан бодох гүн гүнзгий бодол, их хурдан бичдэг гэх зэрэг нь байхгүй л дээ. Гэхдээ яагаад ч юм суугаад сурчихсан. Нэг юм хийе гэвэл зүтгэчихдэг. Хөдөлмөрлөхөд энэ л амин сүнс нь юм даа гэж байна лаа. Нээрээ энэ хүн сууж байгаад л дэлхийд нэртэй эрдэмтэн болсон юм билээ. Нэг зүйлийг энд хэлэхэд тэр Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байхдаа төв номын санд ном дэлгээд байхад нь нэг эмэгтэй хажууд нь ирж сууж. Тэр хүн нь насан туршийн хань нь болсон гэдэг. Заяаны хань зам дээр гэдэг болохоор номын сангаас олдсон хань нь одоо ч хажууд нь сууж л байгаа юм билээ.

 

*    *    *

 

Х.Намсрайн ухаалаг байдал бусдад ч наалдацтай, үр хүүхдүүдэд нь ч мундаг нөлөөтэй гэж болно. 1970-аад онд математикийн хүрээлэнд захирал байхдаа тооцоолон бодох төвдөө хэдэн сайхан залуусыг авч сургажээ. Найман хүн гадаадад явуулж улмаар эрдмийн зэрэг хамгаалуулсан юм билээ. Тэднийгээ хожим нь Шинжлэх ухааны академид математикийн талын судалгаа хийх амаргүй ажлыг үүрч гарсан хүмүүс гэж хэлнэ лээ. Хүүхдүүд нь бас аавыгаа дагаж эрдэм номын мөр хөөсөн гэж болно. Ер нь бол зохиолчийн хүүхэд зохиол бичдэг, бүжигчний хүүхэд бүжигчин болдог гээд өв уламжлал ч бий л дээ. Х.Намсрай гуайн охин нь мөн л аавынхаа замаар Москвагийн их сургуульд суралцаж физикч болсон. Японы Кобэний их сургуульд магистр хамгаалсан. Гэтэл одоо зээ хүү нь тоонд дуртай гээд бод доо. Монгол ген удамшдаг нь энэ бизээ. Нэг эрдэмтэн бэлтгэх зардал дээхнээ 100 мянган ам.доллар шаардлагатай байв. Магистрантур, асперантур, докторантурт сургахад цаг хугацаа их. Иймээс ЗХУ болон социалист орнууд эрдэмтдийг элсүүлэн авахын тулд "Ногоон карт" гэдэг юм гаргаж байж. Америкаас амьдрах виз ажлын байр олгоё гээд ногоон карт аваач гэж байж. Өөр олон байгууллагаас урилга хүсэлт түүнд ирсэн байдаг. Энэ бүхнийг Х.Намсрай гуай "Би эх оронтой хүн" гэсэн санааны үүднээс чимээгүй өнгөрүүлсэн юм гэдэг. Эх орончийн зүрх чээжинд нь байнга оволзож байдгийнх л тэр байх.

Харин дэлхийн гуравдагч орнуудын болоод Нью-Иорк-ийн шинжлэх ухааны академийн гишүүн юм. Мөн эрдэм шинжилгээний 120 гаруй бүтээл туурвиж гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлжээ.

 

*    *    *

 

Монголчууд ертөнцийн бүхий л үйл бүхнийг өргөө гэртээ шингээсэн ухаантнууд бөгөөд үүднээсээ хоймортоо хүрэх уужим зайд насаа элээж, намтраа бичиж явна. Тэдний нэг нь эрдэмтэн Х.Намсрай билээ. Шинжлэх ухаанд ямар үр үндэс үлдээж байгаагаа тэр сайн мэднэ. Харин зорьсондоо хүрэхийн төлөө мөн л суусаар, уншиж судалсаар явна. Насны намартай золголоо гээд бодлын гэгээгээ бүдгэрүүлсэнгүй дахиад нэг үнэнийг харах гэж, дахиад нэг нээлт хийх гэж л суугаа.

Брэнд гэдэг үг бий болсон. Утга нь хаа ч нэр үнээ алдахгүй хэний ч хэрэгцээг хангах бараа турууг л хэлээд байх шиг. Тэгвэл физикч Х.Намсрай гэдэг хүний цаглашгүй хөдөлмөр, их ухааныг Монголын шинжлэх ухааны салбарт төрсөн хосгүй брэнд гэж хэлэх гээд байна л даа.

Тиймээс энэ ухаант хүний дотоод сэтгэлийг тэмтрэхийг оролдлоо. Даанч түүнтэй адил эгэл бөөмийг хэдэн тэрбум хуваасан тэр гайхамшгийг "олж харах" ертөнцөд амаргүй юмны нэг гэдгийг ухаарсан минь. Түүнийг дэлхий мэднэ гэсэн үгээр хөрөг нийтлэлээ төгсгөвэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.1 ДАВАА № 214 (6691)