Б.ТУУЛ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ дахь Монгол телевизийн захирал Ц.Сарантуяаг хүлээн авч уулзан Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг нь албан ёсоор гардуулан өгчээ. Түүнтэй цахимаар ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө баяр хүргэе. Монгол Улсын Соёлын элчээр олон улсын сэтгүүлч, тоймч хүн томилогдоно гэдэг ховор тохиолдож буй үйл явдал байх?
-Баярлалаа. Соёлын элчийн нэр төртэй ажлыг өөрийн олон жил эрхлэн явуулж байгаа ажилтайгаа уялдуулан хийгээд явахыг зорьж байна. Миний бие 2008 онд үүсгэн байгуулсан АНУ даxь Монгол телевизээрээ Монгол Улсаа хилийн чанадад тасралтгүй сурталчилж ирсэн. Мөн 2009 онд үүсгэн байгуулсан “Соёл” эмэгтэйчүүдийн холбооны ажилтай маань энэ бүхэн уялдаж байгаа. Хамтран зүтгэгч нөхдийн тус дэм ч их бий. Тиймээс цаашид ч сэтгүүл зүйн салбарын эрхэм нөхөдтэйгөө хамтран ажиллаж, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах үйл ажиллагаанд эх орон, өв соёл, эх дэлхийгээ гэсэн сэтгэлээр энэ ажилд сэтгэл зүтгэл гаргаж, хувь нэмрээ оруулж ажиллана гэж бодож байна.
-Соёлын элч гэхээр яг ямар ажлуудыг хийх вэ. Манайхан гол төлөв урлаг соёлын арга хэмжээ гэж ойлгоод байдаг?
-Өргөн хүрээтэй. Бид Гадаад харилцааны яамны Зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгслийнх нь нэг. Сүүлийн жилүүдэд “Soft power” буюу Зөөлөн хүчний бодлого гадаад бодлогын чухал ойлголт болоод байгаа. Зөөлөн хүчний бодлогын цөм болсон соёлын харилцаагаар дамжуулан улсаа сурталчилна. Тодруулбал, урлаг соёл, спорт, түүх, хүмүүнлэг, шинжлэх ухааны салбарын чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Телевизийн нэвтрүүлэг бол урлаг соёлын нэг хэсэгт орно гэж ойлгож болно.
-Та Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Бага хурлын гишүүн. Сэтгүүлчдээ дэмжиж, хамтарч ажиллах байх?
-Тийм ээ. Сонгуульт ажил их бий. Мөн төлөвлөсөн зүйл ч их байна. Би чинь ярихгүйгээр хийгээд явах дуртай нөхөр. Сэтгүүлчдийнхээ нүдийг нээхэд хувь нэмрээ оруулах юмсан гэж бодож байна. Ямартай ч COVID-19 цар тахлын улмаас бидний үйл ажиллагаанд зарим нэг талаараа саад учирч байгаа ч өв соёлоо түгээн таниулах ажлыг тасралтгүй хийх шаардлага байсаар байна. Тиймээс Соёлын элчээр дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлах их боломж байгаагаас гадна энэ үйл ажиллагаа цаагуураа аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах эдийн засгийн өргөн боломж бололцоог нээж байдаг.
-Соёлын элч олон оронд байдаг уу?
-Миний тооцооллоор (албан бусаар) дэлхийн 20 орчим улсад үйл ажиллагаа явуулж буй 60 орчим Соёлын элч байдаг байх.
-Соёлын элч нараас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь хэд бол?
-Одоогоор тодорхой мэдэхгүй байна.
-Дэлхийд Монголоо сурталчлах Монгол Улсын Соёлын элч-сэтгүүлч гэж сонсоогүй юм байна.Та анхных нь уу?
-Бараг тийм гэж бодож байтал “Супер” нэгдлийн онолыг нээсэн эрдэмтэн, судлаач, МОНЦАМЭ агентлагийн захирал асан, сэтгүүлч Ч.Эрдэнэ 2019 онд Соёлын элч болсон юм билээ. Эмэгтэй сэтгүүлчийнхээ хувьд ч юм уу, сэтгүүлч мэргэжлээр гадаадад олон жил ажилласан гэдгээрээ анхных байж мэднэ. Би чинь анхных болох гээд "дайраад" байна уу даа. (инээв) Ямартай ч Монгол Улсын Соёлын элч хэмээх өндөр хариуцлагатай, нэр хүндтэй үүрэгт томилогдсоных Монгол Улсын түүх соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ олон улсад сурталчилан таниулахад мэдэх бүхнээ дайчлан хичээж ажиллах болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.27 Лхагва № 211 (6688)