Б.ДАМДИН-ОЧИР
Монгол айл бүрт нэг зовлон байдаг юм. Цэцэрлэг, яслийн насны хүүхдээ хэн нь харах вэ гэдэгтэй намар бүр тулдаг. Ийм асуудалгүй айл ховор доо. Үүнийг шийдэж болох Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-аар 2015 оны долдугаар сарын 2-нд баталж байв. 2013 оноос хойш тухайн үеийн УИХ-ын эмэгтэй голдуу гишүүд хоёр жилийн турш нухаж байж ийн батлуулсан байдаг. Хэрэгжилт нь онц сайн байгаагүй ч “оргүйгээс охинтой” явсаар өнөөдрийг хүрсэн.
Гэтэл одоо холион бантан руугаа явах шинжтэй болоод иржээ. УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ төсвийн хуулиар Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх асуудлынх нь хүрээнд ХНХ-ын сайдын харьяанд шилжүүлэхээр оруулжээ. ХНХ-ын сайд А.Ариунзаяа “...Хүүхэд харах үйлчилгээ төсвийн тухай хуулийг дагаад ХНХЯ-ны харьяалах асуудлын хүрээнд орж ирж байгаа. Хүүхэд харах үйлчилгээг бид хүүхэд хамгааллын үйлчилгээтэйгээ нэгтгэж, шинэ зохицуулалт хийхээр ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээний анхны санаа цэцэрлэг, сургуулийн хүртээмж багатай алслагдсан хороо, дүүргүүд, багууд дээр цэцэрлэгийг орлох үйлчилгээ байсан. Жилд 5000 орчим хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулж 2.6 тэрбум төгрөгийн төсвийг жил бүр тавьдаг байсан. Боловсролын багц хууль дээр сургуульд элсэх хүүхдийг бүгдийг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулсан байна гэдэг агуулгаар таван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулах бодлого явж байгаа. Тиймээс гурав хүртэлх насны хүүхдүүдийг харах үйлчилгээ, асаргаа сувилгаа хувилбарт үйлчилгээг бий болгох ёстой гэдэг агуулгаар хүүхэд харах үйлчилгээг сэргээж байгаа. Ирэх жил энэ үйлчилгээнд 2.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үйлчилгээний стандартуудаа дахин шинэчилнэ” гэж ярьж байна.
Уг нь энэ асуудлыг БШУЯ хариуцаж байсан юм. Хууль нь тийм юм л даа. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9.1-т “...Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх. Шаардагдах хөрөнгийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгана” гээд заачихсан. Мөн “...Хүүхэд харах үйлчилгээний бодлого, төлөвлөлт, санхүүжилт, удирдлага, мэдээлэл, хяналт-шинжилгээ, зохицуулалтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа агентлаг, хэлтэс хариуцан хэрэгжүүлнэ.
...Хүүхэд харах үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам, эцэг эх, асран хамгаалагчаас төлөх төлбөрийн дээд хэмжээг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. ...Аймаг, дүүргийн боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.4-д заасан баримт бичиг, материалыг бүрдүүлэн хүсэлт гаргасан иргэнийг сургалтад хамруулж гэрчилгээ олгоно. ...Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гээд удирдлага зохион байгуулалтыг нь тодорхой зааж өгсөн байдаг юм.
Энэ хуулийн хэрэглэгчид болох олон нийт үүнийг анзаарахгүй байх шиг байна. Голлож анхаарах үүрэгтэй эмэгтэй гишүүд ч таг чиг.
Ийн УИХ-аар Хүүхэд харах үйлчилгээг бодлогын огт өөр ангилал руу шидэх талаар хэлэлцэж байхад мань эмэгтэй гишүүд “Койка”-гийн 2024 он хүртэл хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөлтэй хамтран ажиллахаар яриад сууж байх юм. Тодруулбал, УИХ-ын эмэгтэй гишүүд “...Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн үндэсний болон олон улсын хурал зохион байгуулах, нэр дэвших сонирхолтой эмэгтэйчүүдийг нэмэгдүүлэх, урам зориг өгөх, нэр дэвшихэд бэлтгэх гэсэн асуудлаар хамтран ажиллах” санал өгөөд сууж байх ажээ.
Ингэхээр, нэгдүгээрт, 2022 оны төсвийн хууль дагуулаад бүхэл бүтэн хуулийг давж харайгаад БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн хариуцах ёстой Хүүхэд харах үйлчилгээг ХНХ-ын сайд А.Ариунзаяа руу “шидчихэж” байна. А.Ариунзаяа энэ үйлчилгээг “...Асаргаа сувилгаа” гээд л яриад эхэлж байх юм. Аргагүй биз, энэ хүн чинь нийгмийн хамгаалал, халамж хариуцдаг сайд шүү дээ. Ингэхээр боловсролын асуудал шууд хаягдах нь тодорхой болов. Бас “...Үйлчилгээний стандартуудыг шинэлнэ” гэж байна. “...Дахин эхнээс нь” гэсэн үг л дээ. Адаглаад л зургаан жилээр ухарна. Бантан л болно.
Хоёрдугаарт, хэрэв ингээд баталчихвал Засгийн газрын зорилт болгосон “...Халамжаас хөдөлмөр рүү” бодлого эсрэгээрээ хэрэгжих сонгодог жишээ болох суурь тавигдлаа гэж ойлгоход болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.27 Лхагва № 211 (6688)