ХИС-ийн др.проф. Д.Уламбаяр 

Монгол Улс НҮБ-д элсэхийн төлөө 1946 оноос эхлэн 1961 он хүртэл 15 жилийн турш таван удаа өргөдөл гаргаж, нийт 13 удаа хэлэлцүүлэг хийж байжээ. Гол нь Чан Кайшийн Хятад, АНУ түүнчлэн ЗХУ-ын ангич байр сууринаас шалтгаалан хойшлогдож байжээ. 1957 оны долдугаар сарын 8-нд БНМАУ-ын АИХ-ын гурван удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсэх явдлыг дэмжих тухай “НҮБ-ын гишүүн бүх улсын парламентад хандсан уриалга” батлан гаргажээ. Уриалгад НҮБ-д элсэх тухай БНМАУ-ын шударга хүсэлтийг дэмжсэн орнуудын парламентад гүн талархлаа илэрхийлж, БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлын талаар өөрийн оронд олон нийтийн үнэн бодит санал сэтгэлийг бий болгоход тус дөхөм үзүүлж, Үндэстнүүдийн их холбоонд зохих байр сууриа ойрын ирээдүйд эзлэхэд нь Монголын ард түмэнд дөхөм үзүүлнэ гэдэгт АИХ-ын депутатууд итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
1957 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улс “НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэг” төрийн бус байгууллагыг ГЯЯ-ны дэргэд байгуулан ажиллуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Дүрэмдээ нийгэмлэгийн зорилгыг “Энхтайвныг сахин бататгах ба улс түмний харилцан ойртох, хамтран ажиллах явдалд чухал үйлдлийг бүтээх зорилттой НҮБ-ын зорилго зарчмыг бүх аргаар нийтэд таниулах, улс түмний эв санал, дэлхий дахины хамтран ажиллах мэдрэлийг хөгжүүлэхэд тус дөхмийг үзүүлэх явдал болно” гэжээ. Улаанбаатар хотын АДХГЗ -наас Сүхбаатарын район, Найрамдлын районы нутаг дэвсгэрээр баруун зүүн тийш явсан Энхтайвны гудамжийг 1958 оны зургадугаар сарын 10-нд “НҮБ-ын нэрэмжит гудамж” болгон өөрчлөх шийдвэр ч гарч байв. 1960 оны арванхоёрдугаар сарын 6-нд БНМАУ-ын Засгийн газраас Мэдэгдэл гаргаж хөгжил цэцэглэлтийн замаар дэвшин хөгжиж яваа бүрэн эрхт, тусгаар тогтносон БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэн авахыг Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ нэрийн өмнөөс шаардаж байгаагаа илэрхийлжээ.
1960 оны арванхоёрдугаар сарын 14-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган “Колонийн орнууд, ард түмэнд тусгаар тогтнолын баталгаа олгох тухай тунхаглал” хэмээх 1514 тоот тогтоолыг баталсан юм. Энэ тунхаглал колонийн системийн сүйрлийн нэн чухаг бэлэг тэмдэг, үйл явдал болов. Дэлхийн II дайн дууссанаас хойш колончлолын тогтолцоо дараалан нуран унаж, 1960-аад оны эхнээс Ази, Африк, Латин Америкийн 100 гаруй орон улс төрийн тусгаар тогтнолоо олж, эдгээр улс орон эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах чиглэлд тодорхой үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 1960 онд Африкт 17 улс шинээр тусгаар тогтнолоо зарлаж, тиймээс ч тухайн жилийг “Африкийн жил” гэж нэрлэсэн бөгөөд тэдний нэр хүнд ч эрчимтэй өсөж байсан юм. Ийм түүхэн үед 1960 оны аравдугаар сарын 3-нд хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XV чуулганы 882 дугаар Бүгд хуралдаанд Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Неру оролцож үг хэлэхдээ “Би нэгэн улсыг онцлохыг хүсэж байна. Энэ бол Монгол Улс юм. Бид НҮБ-д ийм олон улсыг элсүүлэх нь зөв гэж үзэж байгаа энэ үед Монгол Улс яагаад үүний гадна үлдэх ёстой юм бэ. Юу нь буруу болсон гэж энэ билээ. НҮБ-ын дүрмийн юуг нь зөрчсөн гэж тэр билээ. Тэд бол өөрсдийн хөгжил дэвшлийн төлөө шаргуу хөдөлмөрлөж буй амар амгалан, энхтайванч ард түмэн юм. Тиймээс тэднийг энэ гайхамшигт байгууллагаас тусгаарлах нь зарчмын ямар ч үүднээс авч үзсэн миний хувьд туйлын буруу гэж үзэж байна. Энэтхэг нь Монголын талаар сэтгэлийн онцгой хэлхээ холбоотой байдаг. Учир нь энэ улстай бидний харилцаа 1500 гаруй жилийн тэртээгээс холбогдсон. Өнөөдөр ч хоёр улсын хооронд эртний хэлхээ холбоо, найрсаг харилцаа байсан олон нотолгоо байсаар байна. Монгол Улс Үндэстнүүдийн дэлхий дахины Ассамблейд нэгдсэн байхыг би чин зүрхнээсээ санал болгомоор байна” гэжээ. 
Шинээр тусгаар тогтносон Ази, Африкийн НҮБ-ын гишүүн бүлэг орнуудаас Гоминданы Хятадын НҮБ-д төлөөлөх эрхийг ноцтой хөндөж байсан үед 1961 оны аравдугаар сарын 25-нд НҮБ-д шинээр гишүүн элсүүлэх талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн (АЗ) хурал болж БНМАУ, Мавританийн өргөдлийг авч хэлэлцжээ. НҮБ-ын дэргэд суугаа ЗХУ-ын байнгын төлөөлөгч В.А.Зорин НҮБ-д БНМАУ-ыг гишүүнээр авах талаар ЗХУ-аас оруулсан тогтоолын төслийг АЗ-өөс батлахыг уриалжээ. НҮБ-д хууль бусаар суугаа Хятадын БНУ-ын (Тайвань) Байнгын төлөөлөгчийн орлогч Цзян овогт “Монгол Улс XIII зууны эхэн үеэс Хятадын салшгүй хэсэг байсан гэх зэргээр ор үндэслэлгүй үг хэлж төгсгөлд нь Мавритани улсыг НҮБ-д гишүүнээр элсэх явдлыг дэмжихийн тулд Монголын талаарх санал хураахад оролцохгүй гэжээ. Тухайн үед Чан Кайшийн Хятадын НҮБ-ын АЗ-д төлөөлөх эрх нь хууль, эрх зүйн хувьд ноцтой хөндөгдөөд байсан үед АНУ-ын шахаанд арга буюу орж, Монголын төлөө санал хураалтад оролцоогүй юм.
НҮБ-ын дэргэд суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Чарльз Йост Монгол Улсын НҮБ-д гишүүнээр элсэхэд “замыг нь засахын тулд” санал хураахад түдгэлзэнэ гэсэн нь дипломатын заншилд “дэмжихгүй ч эсэргүүцэхгү” гэсэн байр сууриар харагдсан юм. НҮБ-ын дэргэд суугаа Францын байнгын төлөөлөгч Арманд Берард “БНМАУ-ын кандидатурын эсрэг бид хэзээ ч зогсож байгаагүй. Зарим санал хураалтад түдгэлзэж, заримд нь элсүүлэхийн төлөө саналаа өгч байсан. Францын төлөөлөгч БНМАУ-ыг элсүүлэхийн төлөө саналаа өгнө. Энэ бол БНМАУ-ын тусгаар тогтнох зориг хүслийг итгэмжилж байгаа. Тус орны байгууллагууд ардчилсан чиглэлээр хөгжинө гэж найдаж байгаагийн шинж тэмдэг юм” гэжээ. Нэгдсэн Вант улсын байнгын төлөөлөгч Элчин сайд сэр Патрик Деан Гадаад Монголыг НҮБ-д элсүүлэхийг дэмжих саналаа өгөхөөр шийдсэн юм. Тэрбээр “Улс төрийн дүгнэлтийг нь бид хүндэтгэдэг Энэтхэг гэсэн бусад орон Гадаад Монголыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон явдлыг харгалзсан ба би ч өнөөдөр бас үүнийг харгалзан үзэж байна” гэжээ.
Дараа нь Арабын Нэгдсэн улс, Эквадор, Чили болон Туркийн байнгын төлөөлөгч бөгөөд Аюулгүйн зөвлөлийн дарга Рыфат Тургут тус улсыг НҮБ-д элсэх явдлыг дэмжиж саналаа тайлбарлан ярив. Ийнхүү НҮБ-ын АЗ-ийн 11 гишүүн БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэх төсөлд хэрхэн санал өгөх нь тодорхой болсон байна. Санал хураасны дүнд НҮБ-ын АЗ-ийн гишүүдээс ес нь зөвшөөрч, АНУ түдгэлзэн, Чан Кайшийн Хятад санал хураахад оролцоогүй тул БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болгох асуудал АЗ-д олонхийн саналаар шийдвэрлэснийг Зөвлөлийн дарга Туркийн байнгын төлөөлөгч Элчин сайд Рыфат Тургут Менеменжиоглу баяртайгаар зарлаж, тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зөвлөмж болгов. 1961 оны аравдугаар сарын 27-нд Ерөнхий Ассамблейн XVI чуулганы 1043 дугаар хуралдаанд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэхээр 23 улс төсөл оруулж хуралдаан БНМАУ-ыг НҮБ-д санал хураалгүйгээр элсүүлэх шийдвэр гаргав. Ийнхүү НҮБ-д элсэх нэжгээд жилийн хүчин чармайлт амжилтад хүрч, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн 101 дэх гишүүн болсноор тус улсын тусгаар тогтнол олон этгээдээс баталгаажиж, Монгол орон тусгаарлагдмал байдлаас гарах, дэлхий дахинаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, дэлхийн олон оронтой хамтран ажиллах өргөн зам нээгдэж, Өрнөдийн гүрнүүд тус улсыг хүлээн зөвшөөрөх үйл явц эхэлжээ. 
1961 оны есдүгээр сарын сүүлчээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Даг К.Хаммаршельд Умард Родези буюу өнөөгийн Замбид нисэх онгоцны ослоор амь үрэгдэж, оронд нь НҮБ-ын дэргэд суугаа Бирмийн байнгын төлөөлөгч У Тан (Pantanaw U Thant) ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхлээд байсан завсарын хүндхэн үед БНМАУ НҮБ-д гишүүнээр элссэнийг тэмдэглэх хэрэгтэй. 1961 оны аравдугаар сарын 31-ний өглөөний 10:00 цагт Монгол Улсын төрийн далбааг НҮБ-ын төв байрны өмнө этгээдэд ёслол төгөлдөр мандуулсан байна. Судлаач Р.Болд өөрийн бүтээлдээ НҮБ-д Монгол Улсыг элсүүлэх тухайд АНУ Чан Кайшийн Хятадтай бодлогоо хэрхэн зохицуулж ирснийг АНУ-ын Гадаад харилцааны эх сурвалжийг үндэслэн Гадаад Монголын эсрэг хориг тавих нь түүнийг дэмжиж байсан олонхийн эсрэг хориг болж буй тул НҮБ-д Гоминданы төлөөлөх эрх ноцтой хөндөгдөх болсон Гадаад Монголоос шалтгаалж чөлөөт олон улсыг элсүүлэх боломжийг алдаж буй, Америкийн дэмжлэгээр оршин тогтнож байгаа хэрнээ түүний бодлогыг үл тоомсорлож байсан Чан Кайшид шахалт үзүүлэх болсон тухай, Монгол Улсын НҮБ-д гишүүнээр элсэхэд АНУ тодорхой үүрэг гүйцэтгэсэн болохыг цохон тэмдэглэсэн байдаг.
Ким Ил Сон, Сталин, Мао Цзедун нарын шууд гардан зохион байгуулсан Солонгосын дайнд БНМАУ Хойд Солонгосын талд баттай зогсож, сэтгэл санаа, эд материалын үлэмжхэн тусламж үзүүлсэн, үүний хаялга НҮБ-д элсэх Монгол Улсын хүчин чармайлтыг хойш нь татахад нөлөөлсөн бөгөөд мөн БНХАУ-ын НҮБ-д төлөөлөх эрхэд ч сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн юм. Мэдээж хүйтэн дайны үед НҮБ-ын индэр социалист, капиталист эсрэг тэсрэг хоёр системийн үзэл суртлын тэмцлийн хурц талбар болж Монгол Улс ч түүнд татагдан орж байсан юм. НҮБ, түүний системийн байгууллагууд 1963-2003 онд Монгол Улсад нийт 260 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэн байна. Мөн “НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ”-нд тусгасан хөтөлбөрийн дагуу 2002-2006 онд нийт 78.2 сая ам.доллар, 2007-2011 онд 40 сая ам.долларын тусламжийг үзүүлжээ. 
“НҮБ-ын 2012-2016 онд хэрэгжүүлэх Хөгжлийн тусламж”-ийн хүрээнд нийт 34 сая ам.долларын боломжит санхүүжилт, 65 сая ам.долларын дайчлах санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлжээ. 2017-2020 онд 163 сая ам.долларыг 174 төсөл хөтөлбөр, 71 хөгжлийн түншүүдтэй хамтран 21 байршилд хэрэгжүүлжээ. 2020 онд COVID-19 цар тахалтай тэмцэхэд зориулж 27.4 сая ам.долларын санхүүжилт босгож, гадаадад гацсан 600 гаруй монголчуудыг эх орондоо эргэн ирэхэд нь дэмжлэг үзүүлсэн байна. 1990-ээд оны шилжилтийн хүнд үед НҮБ, түүний системийн байгууллагууд ялангуяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2001, 2010 онд зудад нэрвэгдсэн малчдад туслах уриалгыг гадаад улс, олон улсын байгууллагад хандан гаргаж нийт 50 орчим сая ам.долларын мөнгөн болон эд материалын тусламжийг цуглуулахад оройлох үүрэг гүйцэтгэжээ.
НҮБ-д Монгол Улсын санаачилсан тогтоолуудаас онцлон дурдвал 1962 оны арванхоёрдугаар сард баталсан “Эдийн засгийн хөгжил, байгаль орчны хамгаалалт”, 1976 оны арванхоёрдугаар сард баталсан “Боловсролын салбарт эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг сайжруулах тухай”, 1977 оны арванхоёрдугаар сард баталсан “Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг хөхиүлэн дэмжихэд улсын секторын гүйцэтгэх үүргийн тухай”, 1978 оны арванхоёдугаар сард баталсан “Зэвсэг хураах долоо хоног”, 1980 оны арванхоёрдугаар сард баталсан “Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд үндэсний мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай”, 1983 оны арванхоёрдугаар сард “Сансар огторгуйд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэх тухай”, 1985 оны арваннэгдүгээр сард “Улс түмэн энхтайван орших эрхийн тухай”, “Нийгмийн дэвшилд хүрэх зорилгоор нийгэм, эдийн засгийн өргөн цар хүрээтэй өөрчлөлтийг хэрэгжүүлж буй үндэсний туршлага”, 1986 оны арванхоёрдугаар сард “Орон гэргүй хүмүүсийг орон байраар хангах олон улсын жилийн тухай”, “Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад дөхөм үзүүлэх арга хэмжээ, хүч чармайлтын тухай”, 1987 оны арванхоёрдугаар сард “Шаардлага хангасан орон байраар хангагдах эрхийг хэрэгжүүлэх тухай”, 1990 оны арванхоёрдугаар сард “Хувь хүмүүсийн сайн сайхан байдлын эрүүл хүрээлэн буй орчныг хангах шаардлагын тухай”, 1998 оны арванхоёрдугаар сард “Олон улсын хэлэлцээ хийх зарчим ба удирдлага болгох чиглэл”, 1999 оны арванхоёрдугаар сард “Бичигтэн болох НҮБ-ын 10 жил: Бүх нийтийн боловсрол”, 2005 оны арваннэгдүгээр сард “Монгол төрт ёсны 800 жил”, арванхоёрдугаар сард “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, 2006 оны тавдугаар сард “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоох талаар Засгийн газруудаас тавьж буй хүчин чармайлтад НҮБ-ын системийн зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцааны тухай”, 2006 оны арванхоёрдугаар сард баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай”, “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлын тухай” тогтоолыг нэрлэхэд хангалттай. 
НҮБ-ын ЕНБД нарын зүгээс Монгол Улсад хийсэн дээд түвшний айлчлалаас дурдвал 1977 оны есдүгээр сард Курт Вальдхайм НҮБ-ын ЕНБД-ын хувиар анх удаа Монгол Улсад айлчлал хийв. Энэ үеэр тэрбээр АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоох хэрэгт энхийн зууч хийсэн явдал онцлог нь байсан юм. 
1987 оны наймдугаар сард НҮБ-ын ЕНБД Хавьер Перес де Куэльяр Монголд айлчилсан нь олон улсын харилцаанд улс төрийн шинэ сэтгэлгээ нэвтэрч, Өрнө Дорнын харилцаанд нааштай өөрчлөлтүүд гарч эхэлсэн үеийн тусгал болсон юм. 
2002 оны аравдугаар сард НҮБ-ын ЕНБД Кофи Аннан Монгол Улсад айлчилж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоог бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм. 2009 оны долдугаар сард НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн Монгол Улсад айлчлах үеэр НҮБ-ын статустай “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн шав тавих ёслолд оролцов. Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхтайван, аюулгүй байдлыг сахин хангах энхийг сахиулах ажиллагаанд тууштай оролцож, НҮБ-д цэрэг хандивлагч 124 орны дунд 2021 оны байдлаар 24 дүгээрт эрэмблэгдэж байгаа. Сьерро Леон, Өмнөд Судан, Баруун Сахар, Конго, Суданы Дарфур муж, Суданы Абией муж гэсэн НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд нийт 900 гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ. 
Түүнчлэн Монгол Улсын энгийн иргэн, иргэний цагдаагийн байгууллага, ОБЕГ-ын албан хаагчид тус ажиллагаанд 2016 оноос бие даан оролцож эхэлсэн юм. Монгол Улс 1973-1976 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы орлогч даргаар зургаан удаа, чуулганы хороодын орлогч, даргаар 14 удаа тус тус сонгогдон ажиллажээ. НҮБ-ын НБДГ-тай хамтран хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээнээс дурдвал 1995 онд Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Удирдах бүлгийн ҮIII хуралдаан, 1999 онд “Энхтайван, зэвсэг хураах асуудал эрхэлсэн Ази, Номхон далайн бүсийн төвийн хурал”, 2000 онд “Хүний аюулгүй байдлын асуудлаар олон улсын бага хурал”, 2003 онд “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурал, 2013 онд “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг тус тус зохион байгуулав. Зөвхөн 2021 онд Японы Засгийн газрын санхүүжилтээр, НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар Монгол Улсад COVID-19 цар тахлын эсрэг АНУ-ын “Файзер” вакцины нэг сая тунг нийлүүлээд байгааг тэмдэглэхэд таатай байна. Тийнхүү энэ өдрүүдэд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 60 жилийн түүхийг нүүр бардам, нэртэй төртэй тэмдэглэж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.27 Лхагва № 211 (6688)