С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Тэгвэл Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Боловсролын эрдмийн сургуулийн захирал, доктор Ph.D Д.Лянхуа “Зууны мэдээ” сонинд ярихдаа “Төслийн менежмент хэдийгээр менежментийн шинжлэх ухаанд хамрагдах боловч бусад менежментээс ялгаатай. Бусад салбарууд урт хугацааны хөгжлийн болон үргэлжилсэн үйл ажиллагааг удирдах асуудалд анхаарлаа төвлөрүүлдэг бол төслийн менежмент хязгаарлагдмал хугацаатай байдгаараа онцлогтой.

Орчин үед улс орон, байгууллага, хувь хүн дэвшүүлсэн зорилго, зорилтоо биелүүлэх үйл ажиллагааны чухал хэлбэр нь төсөл болж байна. Эрдэмтэн судлаачид төслийг олон янзаар тодорхойлсон. Төсөл гэж ажил үүргийг баталсан төлөвлөгөөний дагуу тодорхой цаг хугацаанд, тогтоосон төсөв хөрөнгөөр, чанартай, үр ашигтай гүйцэтгэж бодит үр дүн бий болгох зорилгоор түр хугацаагаар хүний нөөцийг оновчтой байршуулж зохион байгуулсан мэргэжлийн баг, хамт олны нэгдмэл үйл ажиллагаа юм. Тиймээс төсөл  хэрэгжүүлэхэд багийн асуудал хамгийн чухал. Зохион байгуулалтын оновчтой бүтэц, бүтээмжийн зарчмуудыг хэвшүүлэхэд ихээхэн анхаарч, төслийн багийн үйл ажиллагааг сайжруулах нь төсөл амжилттай хэрэгжих үндэс суурь юм.

Манай судалгааны баг боловсролын салбарт хэрэгжсэн гадаадын зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг судалж байна. Тиймээс манай улсын  боловсролын салбарт Азийн хөгжлийн банкны оруулсан хөрөнгө оруулалт, ялангуяа дээд боловсролын салбарт хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх судалгааны үр дүнд тулгуурлан яръя. Алсын хараатай дээд боловсролын бодлогыг хэрэгжүүлэхэд гадаадын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэй төслүүдийг үр ашигтай, оновчтой, хариуцлагатай удирдахад онцгой анхаарах цаг болсон.

Монгол Улс Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны гишүүнээр 1991 онд элсэж, хамтын ажиллагааны анхны гэрээ хэлэлцээр байгуулсан. Боловсролын салбарт АХБ анх “Хүний нөөцийн хөгжил ба боловсролын шинэчлэл” төслийг  хэрэгжүүлсэн түүхтэй. Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг хандивлагч улс, орон, байгууллагуудаас Азийн хөгжлийн банк нь Монгол Улсад, ялангуяа, боловсролын салбарын хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлсэн  түнш байгууллага билээ. Тус банк нь боловсролын салбарт 1991-2020 онд 30 гаруй төслийг техник туслалцаа, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр санхүүжүүлсэн ба нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 188 сая ам. доллар байна. Нарийвчлан үзвэл техник туслалцааны хамгийн олон буюу 17 төсөл хэрэгжсэн боловч хөрөнгө оруулалтын таван хувь, буцалтгүй тусламжийн  зургаан төсөл нь 18 хувийг, харин хөнгөлөлттэй зээлийн долоон төсөл нь хамгийн их буюу 77 хувийг эзэлж байна. Судалгаанаас харахад боловсролын салбарт оруулсан АХБ-ны хөрөнгө оруулалтын 77 хувь нь хөнгөлөлттэй зээлийн төсөл байгаа юм” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn