Б.ТӨГС

Аливаа бодлого шийдвэр бодит байдлыг шинжилсэн судалгаа, тоон мэдээлэлд суурилсан байж зөв, оновчтой хэрэгжинэ. Тиймээс аль ч улсад статистикийн байгууллагуудын ач холбогдол жилээс жилд нэмэгдэж, дижитал, цахим эринд шилжихийн хэрээр тоон мэдээллийн эрэлт хэрэгцээ хурдацтайгаар өсч, богино хугацаанд шинэчлэгдэн сайжрахыг шаардсаар байна. Тиймээс улс орнуудын статистикийн байгууллагууд шинэ сорилтуудтай тулгарч байгаагаа хэлж байна. Тухайлбал, манай улсын хувьд статистикийн салбар дахь төсвийн хэмжээ багасах, мэдээлэгчид ирэх дарамт нэмэгдэх, хариултын түвшин буурах зэрэг байгаа гэв. Тиймээс Үндэсний статистикийн хорооноос “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгааг мэдээллээ. Өнгөрсөн хавар санаачлагын хэмжээнд байсан энэ төслийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин ажиллаж байна. Төрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Харин салбар хоорондын бодлогын уялдааг нэгдсэн тоон мэдээллийн сангүйгээр үнэлэх боломжгүй юм.
Иймд “Төрийн их өгөгдөл” төсөл нь энэхүү боломжийг бүрдүүлж төрийн бодлогыг тодорхойлоход тухайн нэг иргэн, өрх, аж ахуйн нэгжийн хувьд нийгэм, эдийн засгийн бүрэн хэмжээний түүхэн өгөгдөлд суурилах боломж бүрдэх юм гэж тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл өнөөдөрийн дижитал шилжилтийн үед хамгийн үр дүнтэйгээр ашиглаж болох гарц бол их өгөгдөл гэж үзэж байгаа юм. Салбар бүрийн дата засаглалыг хөгжүүлж төрийн нэгдсэн систем үүсгэхийг Үндэсний статистикийн хорооноос зорьж байгаа аж. Ингэснээр төр болон хувийн хэвшлийн шийдвэр илүү оновчтой болж эдийн засгийн салбаруудын нөхцөл байдлыг бодитой үнэлж, төсөв хэмнэж, үр дүнд нь улс орны хөгжлийн үе шатыг хурдасгах боломжтой хэмээн тайлбарлаж байгаа юм. 
Нөгөө талаар төрийн байгууллагуудын өгөгдлийн сангууд тусдаа байршсанаас үүдэн зарим зорилтот бүлгүүд нарийн тодорхойлогдох боломжгүй байдаг. Тиймээс тус тусдаа байгаа төрийн байгууллагуудын судалгаа, дата мэдээллүүдийг нэгтгэж төрийн их өгөгдлийн санг байгуулснаар албан бус хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй хүн ам, эмзэг бүлгийн иргэд, нэн ядуу, орон гэргүй хүн ам зэрэг тоон мэдээллээр баталгаажаагүй, төрийн үйлчилгээнд тэгш байдлаар хамрагдах боломжгүй бүлгүүдийн тоон мэдээлэл бүрдэх, улмаар тэдгээр бүлгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлох боломжтой гэж үзэж байна. 
Төслийн хувьд төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнтэй уулзаж санд өгөгдлөө нэгтгэх асуудлаар санал солилцох хэмжээнд үргэлжилж байгаа аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.25 № 209 (6686)