Б.БЯМБАЖАРГАЛ
Цар тахлын нөлөөлөлд аялал жуулчлалын салбар хамгийн ихээр өртөж уналтад орсон. Тэгвэл аялал жуулчлалын салбарыг сэргээх зорилготой “Tourism forum”, “ITM 2021” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, “ITM 2021” үзэсгэлэнгээр салбарынхан чуулж дэлхийн чиг хандлага, цар тахлын дараах аялал жуулчлалыг сэргээх арга туршлага, гарц шийдэл, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх юм байна. Энэ жилийн “ITM 2021” үзэсгэлэнгийн түншээр Хэнтий аймаг оролцох аж. Үзэсгэлэнг БОАЖЯ, МХАҮТ, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулах юм байна.
Энэ талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд “Цар тахалд хамгийн хүчтэй өртсөн нь аялал жуулчлалын салбар. Тухайлбал, аялагчдын тоо өнгөрсөн үетэй харьцуулахад 74 хувиар буурсан бол Монгол Улсад 94 хувь хүртэл буурсан. Үүнээс аялал жуулчлалын салбар хоёр жил зогсонги байдалд байсныг харж болно. Энэ салбар бол экспортын хоёр дахь том хүчин зүйл төдийгүй энэ салбарт 2300 ААН үйл ажиллагаа явуулж 83 мянган ажлын байрыг бий болгодог. Тэгэхээр эдийн засгийг сэргээж экспортыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарынхан чуулж цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлтийн талаар хэлэлцэнэ” гэв. Мөн БОАЖЯ-наас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд холбогдох яамдуудтай хамтран ажиллана гэдгийг мэдээлэв. “Tourism forum” энэ сарын 26-нд, “ITM 2021” 28-30-ны өдрүүдэд “Мишээл экспо” олон улсын худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Эх сурвалж: www.polit.mn