Ч.ЗОТОЛ

Улаанбаатар –Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажил удааширч, иргэдээс гомдол санал ихээхэн  ирж байгаатай  холбогдуулан  уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, гишүүдийн анхааралд оруулахаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням дарханчууд болон иргэдэд хандан  амлаж байв.  Тэрбээр энэ  санаачилгаа биелүүлж,  өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор Дарханы замын асуудлыг тусгайлан хэлэлцлээ. Энэ үеэр  Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтарт хэд хэдэн асуулт  тавьсан юм.

Юуны өмнө  “Covid-19 цар тахлаас болсон гэх  тайлбарыг үнэндээ сонсмооргүй байна. Ийм нөхцөл байдалд бид хоёр жил ажиллалаа. ЗТХЯ бүх эрсдлээ тооцсон төлөвлөлт хиймээр байна. Монголын ард түмний нэрээр хоёр том банкнаас авсан зээл хугацаа өнгөрөх тусам хүү , алданги тооцогдоод явж байна. Урт болон дунд хугацааны шууд болон шууд бус хохирлыг хэрхэн  тооцож, хэн хариуцлага хүлээх вэ?” гэдэг асуултыг тойргоос сонгогдсон гишүүн онцоллоо. Түүнчлэн “Замын баталгааны асуудалд анхаарч, туслах болон түр замын ажлыг цэгцлэх шаардлагатай. Үүнийг  ерөнхий болон туслах компаниудтайгаа  эртхэн ярьж шийдэхгүй бол ирэх жил иргэдээс хамгийн их асуудал дагуулна.  Цаасан дээр ажил  яваад байдаг, эсрэгээрээ бодит байдалд компаниуд чинь ажил хийхгүй байна. Иймд иргэдийн хөндлөнгийн хяналтыг оруулж ирэх  хэрэгтэй. Салбарын яам 14 хоногт нэг удаа  очиж загнаж зандрахаас  өөр ямар ажил хийж байна вэ” гэсэн асуултыг Л.Халтар сайдаас асууж тодорхой хариулт хүсэв. Мөн нөхцөл байдал ийм байгаа тул Эдийн засгийн байнгын хорооноос Дарханы замын ажлыг эрчимжүүлэх “Ажлын хэсэг” байгуулж өгөхийг хүсч байгаагаа  Г.Дамдиням гишүүн илэрхийллээ.

Эх сурвалж: Polit.mn