Б.БЯМБАЖАРГАЛ
Ирэх онд баримтлах мөнгөний бодлого, эдийн засагтай холбоотой цаг үеийн асуудлаар Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар нийлүүлэлттэй холбоотой шатахуун, хатуу түлш, махны үнийн өсөлтөөс шалтгаалан инфляц Улаанбаатар хотод 9.9, улсын хэмжээнд 9.6 хувь байгаа юм. Энэ бол Монголбанкнаас гаргасан зорилтот түвшин болох зургаан хувиас гурван хувиар өссөн үзүүлэлт. Энэ талаар Монголбанкны зүгээс мэдээлэл өгөхдөө нийлүүлэлт, цар тахлын нөлөөний улмаас үүссэн түр зуурын өсөлт учраас эдгээр цөөн бүтээгдэхүүний үнэ буухад инфляц зорилтот хэмжээнд хүрнэ гэдгийг хэлж байв. Мөн өнгөрсөн оноос хадгаламжийн хүү буурч зээлийн хүү буураагүй нь олны шүүмжлэлийг дагуулсаар байгаа.
Тэгвэл энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Одоогийн байдлаар зээлийн дундаж хүү 14 хувьтай байгаа. Зээлийн хүүг Төвбанкнаас машин шиг шууд удирдах боломжгүй. Учир нь арилжааны банкууд төлөгдөхгүй байгаа чанаргүй зээлдээ эрсдэлийн санг бий болгодог журамтай. Тухайлбал, зээл төлөгдөөгүй 90 хоногоос хойш банкууд өөрсдийн ашгаасаа эрсдэлийн санг үүсгэдэг. Олсон ашгаа хүүг бууруулахад ашиглах байсан ч төлөгдөөгүй зээлийн эрсдэлийн санд зардал болоод гардаг. Энэ нь хүүг бууруулахад хүндрэл үүсгэдэг гол асуудлуудын нэг. Мөн иргэн банк хоорондын маргаан байна. Учир нь хууль эрх зүйн орчин учир дутагдалтай. Зээлээ төлөхгүй байгаа иргэн, банк хоорондоо шүүх дээр маргахад шүүхэд хандсан өдрөөс эхлэн зээлийн хүү зогсдог. Тэгэхээр энэ нь зээлдэгчийн хувьд таатай боломж болчихдог. Шүүхэд хандаж маргаагүй бол зээлийн хүү бодогдоод тухайн хүн зээлээ төлөх шаардлага тавигдана. Шүүхийн маргаан нь 2-3 жил үргэлжилдэг. Дараа нь хэрэв шүүхээс барьцаа хөрөнгийг нь зарж зээлээ барагдуулах шийдвэр гарахад зээлдэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй маргаан хийдэг. Жишээлбэл, зээлдэгч нь өөрийн хөрөнгөө хүссэн үнээрээ заруулах шаардлага тавьж дахин урт хугацааг зарцуулдаг. Дундажаар 5-8 жил үргэлжилж энэ хооронд бас зардал гарч байдаг. Тэгэхээр Монголбанкнаас зээлийн маргаан үүсэхэд хүүг зогсоохгүй байх заалтыг тусгахад анхаарч ажиллаж байгаа. Энэ нь нэг талаасаа банкны хохирлыг бууруулна. Нөгөө талдаа зээлдэгч зээлээ хурдан төлөх хөшүүрэг болно. Эдгээр асуудлын улмаас хүүг бууруулахад асуудал үүсдэг” гэв.
Мөн арилжааны банкнаас олгосон нийт зээлийн 10 гаруй хувь нь чанаргүй зээл байдаг учир тэдгээр зээлийн зардал зээлийн хүүнд шингэж хүү өндөр байх үндсэн шалтгаан болдог аж. Түүнчлэн онолын хувьд хадгаламжийн хүү буурахад зээлийн хүү буурах ёстой ч энэ нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байдал үүсдэг байна. Тухайлбал, хадгаламжийн хүүг жилийн гэрээ дуусмагц бууруулж болдог бол зээлийн хүүг тэгэх боломжгүй. Ихэвчлэн зээлийг урт хугацаагаар олгосон байдаг тул тухайн олгосон зээлийн хугацаа дууссаны дараа дахин шинэ зээлийн бүтээгдэхүүн олгохдоо хүүг бууруулах боломжтой байдаг аж. Энэ талаар тэрбээр “Банкууд зээлийн хүүгээ шинэ зээл олгохдоо бууруулж болно. Гэхдээ цар тахлын таамаглашгүй нөхцөл байдалтай байгаа учраас банкууд эрсдэлийг тооцон шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргах сонирхолгүй байгаа. Одоогийн байдлаар арилжааны банкууд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын зээл болон репо санхүүжилтын зээлийг ихэвчлэн олгож байна. Гэхдээ шинээр гарч буй зээлийн хүү бага байгаа учраас арилжааны банкнаас олгож буй бусад зээлийн хүү багассаар байгаа. Эдийн засаг хэвийн нөхцөл байдалдаа орж 2023 он гэхэд зээлийн хүү 12 хувьд хүрнэ гэж төсөөлж байна” гэлээ. Тэгэхээр хадгаламжийн хүү буурсан ч зээлийн хүү амархан буурахгүй төлөвтэй байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.19 МЯГМАР № 205 (6682)