Б.ДОЛЖИНЖАВ

Байгалийн түүхийн музейн барилгыг нураасны дараа Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг нурааж, дахин шинээр барих асуудал 2019 онд хөндөгдсөн. Гэвч тухайн үеийн салбарын сайд Ё.Баатарбилэг “Драм, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг энэ жил буулгахгүй. Харин засварлахад зориулан тус бүр хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Үүнээс өмнө энэ ондоо багтаан соёл урлагийн гурван барилгыг засварлана.Шинээр барихад олон тэрбум төгрөг шаардлагатай. Тийм мөнгө байхгүй” хэмээн мэдэгдэж байлаа. Барилгыг нураах талаар ярьж эхэлснээс хойш гурван жил, засварлана хэмээн мэдэгдсэнээс хойш бараг хоёр жил орчмын хугацаа өнгөрсөн ч хэрэгжсэн зүйл алга. Аль ч барилгын өнгө будаг, цуурсан хана, халцарсан шал, ил гарсан цахилгааны утас өөрчлөгдсөнгүй. 

Ирэх 2022 оны улсын төсвийн төсөлд түүх, соёлын өвийг хамгаалах, соёл урлагийг дэмжихээр Богд хааны ордон музейг сэргээн засварлахад 2.6, Чойжин ламын сүм музейд 1.7, Улсын драмын эрдмийн театрт 1.2, Дуурь бүжгийн эрдмийн театрт 1.9 тэрбум төгрөг тусгажээ. Харин 100 жилийн түүхт ой нь тохиож байгаа Үндэсний номын сангийн хуучин байрыг засварлахад ямар ч мөнгө төсөвлөөгүйн сацуу тус номын сангийн шинэ байр өдгөө хүртэл ашиглалтад орсонгүй.
Эргэн сануулахад, манай улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Үндэсний шинэ номын сангийн барилгын явцтай танилцах үеэрээ “Үндэсний номын сангийн шинэ барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Бид үр хүүхэддээ өв, соёлоо үлдээх учиртай” хэмээн сэтгүүлчдэд мэдээлж байв. Үүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч шинэ номын сангийн барилга уншигчдаа хүлээн авсангүй. 
Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байна. Шинэ байр барих ерөнхийлөгчийн зарлиг 2008 онд гарсан ч 2014 онд барилгын сууриа анхлан тавьсан байдаг. Гэвч газрын маргаан, санхүүжилт зэргээс үүдэн ашиглалтад оролгүй  долоон жил боллоо. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу есдүгээр сарын дунд үеэр барилгын явц 87 хувьтай үргэлжилж байгааг Үндэсний номын сангийн удирдлагуудад мэдээлжээ. Яг одоо барилга ямар явцтай явж байгааг тодруулахаар номын сангийн барилгын хөрөнгө оруулалтыг хариуцаж байгаа Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газартай холбогдоход “Хөрөнгө оруулалтыг хэлэлцэж байгаа” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй. Үүнээс үзэхэд шинэ номын сангийн байраа бид энэ ондоо багтаан хүлээж авч чадахгүйд хүрсэн үү гэсэн асуудал гарч ирэв. Учир нь ирэх оны батлагдсан төсөвт нэг ч төгрөг суусангүй.
Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Он удаанаар хүлээж байгаа номын сангийн шинэ барилга хараахан ашиглалтад ороогүй байна. Номын санчид болон уншигчид Засгийн газрын тэргүүн, салбарын сайд нь соёл урлагтаа элэгтэй, эрдэм номыг дээдэлдэг хүн байгаасай гэж хүсдэг. Салбарыг ямар үзэл бодолтой хүмүүс толгойлохоос тухайн салбарын хөгжлийн хурд, бодлого шинэчлэлийн хувь заяа шалтгаалдаг. Манай хамт олон шинэ байр ашиглалтад орохоор ямар үйлчилгээ үзүүлэх вэ, уншлагын танхимыг яаж зохион байгуулах вэ, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ яаж хүссэн номыг нь уншуулах вэ гээд байнга л бодож төлөвлөж сууна” гэв.


“Зууны мэдээ” сонины 2019  оны аравдугаар сарын 23-ны дугаарт  “Үндэсний номын сангийн үнэн төрх” гарчигтай сурвалжлага нийтлэгдсэн. Бид тус сурвалжлагаа бичих үеэр номын сангийн шинэ барилга 70 гаруй хувьтай үргэлжилж байсан бөгөөд 2020 оны наймдугаар сард ашиглалтад орно гэсэн мэдээллийг өгч байв.Үүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч барилгын явц 20 орчим хувиар л урагшилжээ. Гэтэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 2-нд шаваа тавьсан Чингис хаан музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн байна. Тухайн улс орны хөгжил дэвшил иргэдийнхээ оюун санаа, боловсролд хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаагаар тодорхойлогддог. Гэтэл манай улсын бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй Үндэсний номын сан хэмээх “их айл”-ын барилга ашиглалтад ороод 70 жил болоход нэг ч удаа засвар, шинэчлэлийн ажил хийгээгүйгээс улсын хөгжлийг тодорхойлж болох буй за.  
 Тодруулбал, Тухайн ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл болсон бичиг соёлын их өв, үнэт бүтээлийг хадгалан хамгаалдаг Үндэсний номын сангийн одоогийн барилгыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж ашиглалтад оруулж байсан бол өнөөдрийн байдлаар гурван сая орчим номтой болж өргөжжээ.  Даац 5-6 дахин нэмэгдсэнээс барилгын төв хэсгийн ачаалал хэтэрч, барилгын хана гадна талаасаа хагарч цуурсан, тоосгон багануудын шавардлагад хэвтээ чиглэлтэй ан цавууд үүссэн дүр зурагтай байна. Шинэ байр ашиглалтад ороогүй учир МХЕГ-ын дөрвөн удаагийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн барилгад номын санчид ажиллаж байна.
Үндэсний номын сангийн төв байрыг ном судлал, номын сангийн эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Монгол судлалын, эрдэм шинжилгээ, судалгааны төв” болгон хөгжүүлэхээр төлөвлөж 2019 онд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөж байлаа. Гэтэл шинэ номын сангийн байр байтугай хуучин байрыг нь засварлахаар төсөвлөсөн мөнгө ч үгүй болов. Тиймээс үр хүүхэддээ өв, соёлоо үлдээх учиртай гэсэн амлалтаа эргэн санаж, Үндэсний номын сангийн шинэ байрыг хурдан хугацаанд ашиглалтад оруулах, дэлхийд байхгүй алт, мөнгө, шүр, сувдан дээр бичсэн үнэт ховор олдворууд хадгалагддаг төв номын сангийн хуучин байрыг сэргээн засварлахад онцгой анхаарлаа хандуулахыг ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.14 ЛХАГВА № 202 (6679)