Ц.МЯГМАРБАЯР
Оюу толгойн далд уурхайг эхлүүлэх, гэрээний зарим зүйлд өөрчлөлт оруулах асуудал, хэлэлцээрүүд үргэлжилж байна. Оюу толгойн зүгээс жил бүр Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулдаг нөөцийн тайланг хүргүүлсэн байна. Түүнчлэн АМГТГ-т ТЭЗҮ-ийг батлуулахаар хандсан байгаа аж. Мөн уурхайн эрчим хүчний дунд болон урт хугацааны шийдлийг тохирох зэрэг асуудлууд хүлээгдэж байгаа аж. Учир нь 2023 оны долдугаар сар гэхэд БНХАУ-ын талтай хийх импортын эрчим хүчний гэрээг сунгахтай холбоотой юм байна. Түүнчлэн далд уурхайн төслийн нэмэлт хөрөнгө болох 1.4 тэрбум ам.долларыг Оюу толгой ТУЗ-ийн хурлаараа батлах асуудал нь гэрээ хэлэлцээрээс шалтгаалан хүлээлттэй байгаа юм байна.
Оюу толгой далд уурхайг блоклон олборлох гэсэн дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Огтлох малтлага буюу блоклон олборлох арга гэдэг нь дэлхийн хүндийн хүчийг ашигладаг учраас нэг эхэлбэл зогсоох боломжгүй олборлолт аж. Оюу толгойн бүлэг ордын дийлэнх нь газрын гүнд оршдог тул гадаргаас гүн рүү чиглэсэн босоо ам, хонгил барьж олборлолт явуулахаас өөр аргагүй. Ийм учраас ил уурхайн олборлох аргыг бодвол гүний уурхайн олборлох арга илүү ярвигтай, бүтээн байгуулалтын зардал өндөр байдаг байна. Панель буюу блоклон нураах арга нь Оюу толгой шиг металлын агуулга багатай их хэмжээний хүдрийг олборлоход тохирох арга юм.
Тухайлбал, блок буюу хүдрийн биетийн доод хэсэгт малталт хийж, өрөмдөж тэслэх замаар блокийг нураан олборлоно гэсэн үг. Аварга хэмжээтэй юүлүүр, хонгилын сүлжээг энэхүү блокийн дор инженерийн нарийн ур ухаан сийлж байгуулна. Блок чулууг тэсэлж зайлуулснаар том хэмжээний орон зай үүсэх тул хүдрийн биет аажмаар хүндийн жингээрээ тухайн орон зай руу нуран орж ирж шууд утгаараа хүдрийн биет өөрөө хонхойж эхлэнэ гэсэн үг. Нурж буй хүдрийн биетийн дор тосох юүлүүр урьдчилан барьсан байх бөгөөд түүн рүү гулсан орж ирэх хүдрийг хонгилооор тээвэрлэн газрын гадарга руу зөөвөрлөнө. Хүдрийн биетийн нуралт дээшлэн ахисаар тухайн орчин буй газран гадаргад аажмаар суулт үүсгэж эхэлдэг. Хүдрийг бүрэн олборлож дуустал энэхүү агуйлсан орон зайнаас олон жилийн туршид малтана. Эдгээр агуйлсан орон зайн блок хүдрийн биет аврага том хэмжээтэй. Ойролцоогоор нэг блок 300x300 метрийн хэмжээтэй, 500 орчим метрийн өндөртэй. Энэ нь Сүхбаатарын талбайг бараг хоёр дахин нийлүүлсэнтэй, Шангри-ла барилгыг зургаа давхарласантай тэнцэх өндөр гэсэн үг аж. Тиймээс гүний уурхайг нэг л эхлүүлсэн бол зогсоох ямар ч аргагүй. Оюу толгойн гүний уурхайн хонгил 1400 метр, 2100 он хүрэл малтах арвин нөөцтэй. Монголчуудыг үеийн үед тэжээх хангалттай баялаг гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.
Дэлхий дээр үйл ажиллагаа явуулж буй гүний уурхайн ихэнх нь хөндийлөн ухаж олборлох буюу хүдрийн биетийг олон жижиг хэсгээр ухаж ашигладаг байна. Түүнчлэн хөндийлсөн хэсгийг эргээд хаягдал чулуугаар дүүргэдэг учраас өртөг зардал өндөр мөн хүдрийн биетийн зэсийн агууламж гурван хувь байснаар эдийн засгийн өгөөжтэй байдаг юм байна. Хөндийлөх арга нь ихэвчлэн сорчлох хандлагатай байдаг учир агуулга багатай хүдрийг олборлохгүй хаядаг байна. Харин блоклон олборлох аргаар металлын агуулга багатай хүдрийн биетийг олборлох боломжтой болдог тул Оюу толгой ордын ихэнх хэсгийг бүрэн ашиглах боломжтой гэсэн үг. Блоклон олборлох арга бүтээн байгуулалтын зардал их шаардах ч үйлдвэрлэлийн зардал нь олборлолтын бусад аргатай харьцуулахад маш бага байдаг. Оюу толгойн Хойд Хюго зэс алтны хүдрийн биет нь ойролцоогоор 300 метр өргөн, 2500 метр урт, 1000 орчим метр өндөр бөгөөд зэсийн дундаж агуулга 1.2 хувь юм. Хэдийгээр хэмжээний хувьд асар том боловч хүдрийн биетийн оройн хэсэг нь газрын гадаргаас 700 метрийн гүнд оршиж байна. Иймээс хүдрийн биетийг түргэн, шуурхай, аюулгүй олборлохын тулд блоклон олборлох аргыг сонгосон бөгөөд 1300 метрийн гүнд, хүдрийн биет дундаас олборлолтыг эхлүүлэх юм. Энэ арга нь Монгол Улсын хууль тогтоомжтой нийцдэг гэж “ Рио Тинто” группийн Гүний уурхайн техник судалгааны төв, гүний уурхайн дарга доктор Крэйг Смегман ярилаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.13 ЛХАГВА № 201 (6678)