Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсад COVID-19 халдвар эрчимтэй тархаж эхэлсэн үеийн зарлага, ядуурлын байдлыг судлахад  өнгөрсөн онд өрхүүдийн зарлага өссөн ч ядуурлын түвшин 4.8 пунктээр буурсан гэсэн судалгааг наймдугаар сард танилцуулж байв. Хөл хорио тогтоосон саруудад иргэдийн зарлага буурч, ядуурлын түвшин доошилсныг Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хэд хэдэн удаагийн багц арга хэмжээнүүдийн нөлөө хэмээн үзсэн талаар бид “Цар тахлын үед ядуурал буурсан нь Засгийн газрын гавьяа” гэсэн нийтлэлээрээ хүргэж байсан билээ. Ингэхдээ хүүхдийн 20 мянгыг 100 мянга болгож, хүнсний талоны 18 мянгыг 36 мянга болгон нэмэгдүүлэхийн сацуу  төрийн албан хаагчдын цалинг нэмсэн нь ядуурал буурахад гол нөлөө үзүүлсэн хэмээн мэдээлж байв.  Гэвч бодит байдал дээр хөл хорионы улмаас олон мянган хүн ажлаа алдаж, орлогогүй болж ядуу өрхүүдийн эгнээг тэлсэн билээ. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой, улмаар сайшаан магтсан судалгаанд нухацтай хандах ёстойг бид анхааруулж байв.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ЧӨЛӨӨЛӨХӨД 566 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос бас нэгэн бодит амьдралаас “тасарсан”, иргэдийн амьдралтай үл нийцэх судалгааг танилцуулав. Тодруулбал, энэ оны II улирлын байдлаар 101 мянган иргэн ажилгүй байна. Ингэхдээ ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны III улирлаас тогтмол нэмэгдэснээр энэ оны II улирлаас буурч эхэлсэн гэсэн судалгааг гаргажээ. Түүнчлэн “10 их наяд” хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих  гурван хувийн хүүтэй зээлийг авсан аж ахуйн нэгжүүд 270 мянга орчим ажлын байрыг шинээр бий болгосон гэсэн тооцооллыг ҮСХ болон ХНХЯ хамтран гаргасан байна.
Энэ талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий “Цар тахал 2020 онд манай улсын эдийн засагт бусад улс орнуудын адил сөрөг нөлөө үзүүлсэн боловч хөдөлмөрийн зах зээл харьцангуй тогтвортой буюу огцом өөрчлөлт гараагүй. Энэ нь тухайн үед Засгийн газраас холбогдох арга хэмжээг, ялангуяа нийгмийн даатгалын сангуудаар дамжуулан үе шаттай ажлыг хэрэгжүүлсэнтэй холбоотой.Тухайлбал, төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын даатгал төлөгчдийн нийгмийн даатгалын төлөлтийг өнгөрсөн оны IV-IX саруудад бүрэн чөлөөлсөн. Үүнд 560 гаруй мянган хүн хамрагдаж, нийт дүнгээр 566 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдсөн.Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөг олгох, НДШ-ийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг авсан нь албан салбарт ажиллагчдад тодорхой дэмжлэг болсон” гэж ярив. Мөн тэрбээр Засгийн газраас хүүхдийн мөнгийг нэмэх, цахилгаан, усны төлбөрийг тэглэх, түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ авсан нь иргэдийн орлогыг бууруулахгүй байх томоохон дэмжлэг болсон гэдгийг онцоллоо.

580 МЯНГА ОРЧИМ ЭМЭГТЭЙ АЖИЛ ЭРХЭЛДЭГГҮЙ

Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ажиллах хүчний оролцооны түвшин 56 хувь байна. Үлдсэн хэсгийг ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажил эрхэлдэггүй хүмүүс эзэлж байна гэж ХНХЯ-наас мэдээлэв.Ажил эрхлэхгүй байгаа хүмүүсийн 63 хувь буюу 580 орчим мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 61 орчим хувь нь тэтгэвэрт гарсан болон суралцдаг гэсэн шалтгаантай бол 21 хувь нь хүүхэд, өвчтөн, өндөр настан асарсан буюу гэрийн ажилтай байна. Гэвч  ХНХЯ, ҮСХ гэсэн төрийн байгууллагууд ажилгүйдэл буурахад Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нөлөөлсөн гэсэн мэдээллийг өгч байгаагаас эрх баригчид иргэдийнхээ бодит амьдралыг мэдэхгүй байгааг мэдэж болно.
Харин ололттой зүйл нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, зэрэг зохицуулалтыг  тусгасан бөгөөд  хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.  ХНХЯ-наас “Халамжаас хөдөлмөрт” бодлого хэрэгжүүлж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай хүнийг хөдөлмөр эрхлүүлэх замаар халамжийн үйлчилгээнээс хасахаар төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд  Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна. Хуулиуд хэрэгжсэнээр нийгмийн халамжийн 72 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг 40 болгож бууруулах бөгөөд 960 орчим мянган хүнийг халамжаас хасаж, 383 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж тооцоолж байгаа талаараа мэдээлсэн билээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.7  ПҮРЭВ № 197 (6674)