Т.Баасансүрэн
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч
Түрүүч нь №191 (6668)-т
“АН, МАН аль аль нь олигархи засаглалын улс төрийн хүчнүүд болчихлоо. Тэдний гаргаж ирж байгаа боловсон хүчин, төр барьж байгаа бодлого нь олигархиудын эрх ашигт нийцүүлсэн маягтай. Өөрсдөө олигархиуд байгаад зогсохгүй дээр нь гадныханд үйлчлэх бодлого маш хүчтэй явж байна” гэж Д.Бямбасүрэн гуай нэмж хэлжээ.
АН, МАН “Монгол Улсыг худалдаж авч байна гэдэг асуудлыг анх 2009 онд Америк хүн сөхөж тавьж байсан шүү дээ. Юу гэж хэлсэн бэ гэхээр Хятад улс Монголыг худалдаж авч болно. 20 жилийн дараа гэхэд Монгол Улс бараг байхгүй болох юм шиг байна гэсэн. Одоогийн байдлыг харахад Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо бараг л тавиад туучихлаа. Үүнийг сэргээх асуудал хойч үеийн улстөрчдийн маш хүнд зорилт байх болно. Маш хэцүү. Тэр дотроос нэг гол асуудал нь өөрийн чинь ярьж байгаа Хятадын банкнаас своп арилжаагаар юань авч байгаа асуудал. Одоо арван тэрбум юань аваад идчихсэн, үрчихсэн. Арван тэрбум юань гэдэг чинь 1.6 тэрбум ам.доллар гэсэн үг. Юуны “Чингис бонд” байхав дээ. Дээрээс нь 15 тэрбум юань авч байгаа. Тэрийг авах юм бол дахиад 2.5-3 тэрбум ам.доллар болно. Ингээд бид үндсэндээ дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэх юанийг Хятадаас төгрөгөөр худалдаж авлаа. Үүнийг өр гэж хэлэхгүй л дээ. Хятадын банк манай төгрөгийг бариад хоцорно. Гагцхүү Хятад тэр төгрөгөөрөө эргээд яах бол, юу хийх бол. Мэдээж төгрөгийн ханш унаж байхад Хятад улс эргүүлж юм болгохыг л бодно. Хэн ч байсан тэгнэ... Төгрөгөөр бараа авъя гэхэд өгөх бараа Монголдоо байх ёстой. Тэгвэл 25 тэрбум юанийг бид бүх ноолуураа Хятадад худалдана гэхэд 50 жил зүтгэж байж төлж төгрөгөө эргүүлж авна. Нөгөө талаас бас асуудал гарна. Хятад улс түүгээрээ Монголоос өөр юу авч болох вэ, газар. Саяхан Тажикстанаас Бадахшаны хөндийг авлаа шүү дээ. Энэ бол гашуун практик. Олон улсад туршлага сургамж болох энэ үйл явдал сар гаруйхны өмнө болсон” гэж Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд монголчуудад сэрэмжлүүлэн анхааруулжээ.
Нүгэлтнүүдийн санаатайгаар хийж байгаа өөр нэг бодит аюулыг ард түмэндээ дэлгэн тавьжээ. Хятадын далд бодлогыг америк хүн илчлэн хэлсэн. Хэрэгжүүлэгчид нь манай өөрсдийн эрх баригчид. Үр хүүхдүүддээ үлдээж буй энэ нүглийг хойч үеийнхэн үүрнэ. Уучилж болшгүй том алдаа. АН, МАН хоёрын олигархи бүлэглэл, оффшорчин “Сү.Батболдтонгууд” Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг тавиад туучихсан нь бодит үнэн. Бямбасүрэн гуайн хэлж буй баримтууд маш ноцтой. Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал своп солилцоог эхлүүлж Надмидын Баяртсайхан бататган гүнзгийрүүлсэн. Тусгаар тогтнол, газар шороогоороо дэнчин тавьсан гэсэн үг. Жирийн иргэд бараг анзаардаггүй эл аюулыг Дашийн Бямбасүрэн дэлгэн тавьсан байна. Эндээс түүний газар шороондоо хайртай, тусгаар тогтнолдоо хязгааргүй үнэнч, эх оронч дүр төрх товойн тодорч харагдаж байгаа юм.
Ахиад нэг ярилцлагыг цохож нэрлэе. “Монгол төрийн бодлогыг гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашиг тодорхойлдог болжээ” гарчигтай. Д.Бямбасүрэн гуай сэтгүүлч Ч.Үл-Олдоход ингэж хэлсэн байна. Эл тодорхойлолтын шилдэг жишээ нь Оюутолгой. Монголын Засгийн газар гаднын нэг компанийн гарын угаадас, тоглоом тохуурхал болж байгааг та бид олон жилийн турш Оюутолгойн үйлдлээс хангалттай харж байна. Үүнийг удаа дараа хэлж анхааруулсан хүн бол Д.Бямбасүрэн гуай.
“Эрдэнэт”-ээс хойш сүүлийн 10 жилд юу хийв. “Эрдэнэт”-ээс тав дахин илүү хүчин чадалтай Оюутолгойг ашиглалтад орууллаа. Гэрээгээ арчаагүй хийгээд алдчихлаа. Тэр үед Ерөнхий сайдаасаа эхлээд салбарын сайд нар маань орлогын 70 гаруй хувь нь Монголд орж, ашгийн 59 хувийг Монгол авах нь гэж зарим нь толгойгоороо дэнчин тавьж байгаад Их Хуралд оруулж гэрээгээ батлуулж алга ташаад байсан шүү дээ. Гэтэл Оюутолгойгоо алдчихлаа. Тэгээд харин ч өртэй үлдсэн. Өнгөрсөн жил Оюутолгой хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 150 тэрбум төгрөг л өгсөн. 70 биш долоон хувь нь Монголд үлдлээ, бусад мөнгөө аваад гарчихсан. Бусад орд ч адил. Тухайлбал Тавантолгойгоо ашиглалтад орууллаа. Тавантолгой бол Монголд байтугай Ази тивд ховорд тооцогдох коксжих нүүрсний орд газар, жилдээ 20 сая тонн нүүрс олборлоод байхад Монголыг өлхөн тэжээгээд байхаар уурхай. Гэтэл түүнийгээ тав хуваагаад алдчихлаа. Газрын тосоо олборлолоо. Гэрээгээ хийхдээ Монголд олборлосон газрын тосыг Монголын дотоодод боловсруулахгүй гэж гэрээ зураад гаднын компанид өгчихсөн. Өнөөдөр өөрсдөө гаднын компаниас газрын тос гуйгаад сууж байх жишээтэй. Уранаа бас гадныханд өглөө. Уран бол дэлхийд маш их үнэтэй эрчим хүчний эх үүсвэр... Араас нь Ерөөгийн төмрийг алдлаа, Сүхбаатар аймаг дахь Төмөртийн орд, цайрын баяжмалаа алдлаа. Дорнодын металлургийн ордоос сорчилж байгаад тавиад туучихлаа. Монгол ядуу хэвээрээ, өртэй хэвээрээ, эдийн засаг нь улам хямарсан хэвээр хоцорлоо... ерөөс үндэстэн дамнасан луйварчин корпорациудын ашиг сонирхол Монголд орж ирээд байна. Тэд Монголыг цөлмөөд гараад явахад тэдний гарыг долоосон Монголын суртал ухуулагчид, нийтлэлчид, улстөрчид, сайд нар, эрх мэдэлтнүүд баяжаад үлдэхээс биш Монголд юу ч үлдэхгүй. Сүүлийн үед Оюутолгойн төдөн хувь, өдөн хувь гэж ярихаа больё. Оюутолгойгоо тэдэнд өгчихөөд өөрсдөө тойроод жорлонг нь угаагаад явахад ашигтай гэх маягийн юм ярьж байгаа. Энэ бүхэн маш аюултай. Энэ чинь нөгөө эдийн засгийн алуурчдын бодлого Монголд орж ирж байгаа хэрэг” гэж дээрх ярилцлагадаа тэрээр тэмдэглэжээ. Тэрээр бас:
“Монголын хуулийг хүндэтгэдэг, монгол төр нь баялгийнхаа эзэн гэдгийг ойлгодог, ард түмэн нь тэрний өмчлөгч нь юм байна, хянадаг юм байна гэдгийг ойлгодог, ийм компаниуд Монголтой түншилж, удаан хугацаанд найдвартай хамтарч ажиллахыг үгүйсгэхгүй. Түүнийг дэмжих хэрэгтэй. Өнөөдөр Ноён уулын тухай яриад л байна. Гэтэл “Сентерра Гоулд” өмнө нь алтны ордыг яаж ашиглалаа. “Арван жил олборлоно” гэж тогтвортой байдлын гэрээ хийчихээд эхний таван жилд бүх алтыг нь ухаж авчихаад гараад явчихсан, татвар бараг төлөөгүй. Нөгөө талаас тэд юу хийж байна гэхээр Киргизийн Кумтор ордыг эзэмшихдээ 18.1 хувийн нөөц ашигласны төлбөр төлсөн байгаа юм. Гэтэл манайд тавхан хувийг төлж байгаа. Ийм байдлаар Монголыг цөлмөж амташчихаад салж өгөхгүй байгаа юм. Тэдний гадаад орнуудад ажилласан туршлагаас нь үзэхэд сэтгүүлч, ухуулагч, эдийн засагчид гээд салбар бүрийн үй түмэн хүнийг хахуульдаж худалдаж аваад суртал ухуулга хийлгэдэг. Гадна талдаа түүнээс ч хүчтэй суртал ухуулгын баг бий болгочихоод хулгай нь баригдаад ирэхээр “Монголд биднийг хавчиж байна”, “Монголд хөрөнгө оруулагчдын орчин муудлаа” гээд дэлхий даяар шуугиж орилуулдаг. Тэрэндээ дасч бүр гаршчихсан. Тийм хүмүүстэй бид түншлэх гээд байх юм. Хэн нь хэн бэ гэдгийг эргэж харвал яасан юм бэ. “Рио Тинто”-г орж ирэхэд монголчууд дэлхийн том компани гээд угтаж байсан. Гэтэл орж ирээд яав. Орд газраа бусдад шилжүүлэх гэж оролдлоо, анхны хөрөнгө оруулалтаа нэмлээ, татвар төлөхгүй Нидерланд руу зугтах гэж үзлээ, татвараа дутуу төлж үзлээ, ажилчдаа мянга мянгаар нь халлаа. Ази, Африк руу явсан мөрийг нь харвал цусан мөртэй архаг луйварчин л юм байна. Ийм компани Монголд орж ирээд Монголыг гэхгүй нь лавтай. “Рио Тинто”-гийн өнөөдрийн араншин бол Монголын Засгийн газрыг багалзуурдаж аваад үргэлж шахах, дээрэлхэх, янз бүрийн болзол тулгах тал руугаа орж байна. Энэ бүхнийг сайтар харж, дүгнэлт хийх ёстой болж байх шиг” гэж нэмж хэлсэн байна.
Түүний хэлсэн эдгээр өгүүлбэрийг уншихад сэтгэл шимширч зүрхээр хатгуулах шиг болж байна. Худал зүйл хэлсэнгүй. Үнэнийг л өгүүлээд, ухааруулж ойлгуулж, сэрээж сэрэмжлүүлээд байгаа хэрэг.
“Гаднын захиалгат бүлэглэл Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй” гэсэн сонирхолтой ярилцлага байна. 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн “Зууны мэдээ” сонинд нийтлэгджээ. Тулгамдсан хурц асуудлыг хөндсөн ярилцлага аж. Дашийн Бямбасүрэн сэтгүүлч Ч.Үл-Олдохын Үндсэн хуулийн талаарх асуултад хариулж өөрийн байр суурийг илэрхийлэхдээ ямар хүмүүүс Үндсэн хуулиар оролдох гээд байгааг эхлээд тодорхойлжээ. “Эрх баригч намын өндөр албан тушаал хашиж байгаа гишүүн нь дөнгөж томилогдсон Ерөнхий сайдыгаа “хулгайч” гэж цоллолоо. Тагнуулын газрын дарга байсан хүн Хууль зүйн сайдаа “Авлигач” гэлээ. Сангийн сайдаа ч авлигачаар дуудлаа. Хууль зүйн сайд нь Тагнуулын дарга байсан хүнээ “Мафийн толгойлогч” гэж зарлалаа. Бид ямар төртэй байна вэ? Эрх барьж байгаа улс төрийн хүчнийг төлөөлж байгаа хүмүүс төрд орж ирээд өөрсдөдөө ийм дүгнэлт өгсөн. Монгол төр байх ёстой түвшнийхээ ёроолд нь очжээ” гэсэн байна.
Өнгөрсөн 30 жилд тасралтгүйгээр төрийн эрхийг барьсан /заримдаа АН-тай ээлжилж, нэг биш удаа хамтарч/ МАН-ын жолоог атгагчдын талаар бодит үнэнийг өгүүлжээ. Тэгэхдээ Д.Бямбасүрэн гуай өөрөө зохиож хэлсэнгүй, өөрсдийнх нь үгээр баримт нотолгоо болгон баталгаажуулж байгаад үнэлгээ дүгнэлтээ өгсөн байна.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.30 ПҮРЭВ № 192 (6669)