Ц.МЯГМАРБАЯР
Төрийн эрх бүхий албан тушаалтан зээл олгодог үзэгдэл дэлхийн санхүүгийн системд байхгүй. Тэгвэл Монголд төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр татвар төлөгчдийн мөнгөнөөс ЖДҮХС-д хэдэн тэрбумаар хуваарилан авч өөрсдийн хамаарал бүхий компаниудад өгсөн хэрэг одоо ч шүүхийн маргаантай хэвээр байна. Энэ явдлаас хойш энэ санд төсвөөс нэг ч төгрөг хуваарилалгүй хоёр жил болж байна. 2022 оны төсөвт ЖДҮ-ийн газраас 50 орчим тэрбум төгрөг төсөвлөж өгөх хүсэлтээ Сангийн яаманд ирүүлсэн ч мөн л нэг ч төгрөг төсөвлөөгүй.
Цаашид энэ санг хэрхэх талаар Сангийн сайд хэлэхдээ “ЖДҮХС-гаас зээл олгохдоо мэргэжлийн институцаар олгоно. Нэг үгээр хэлбэл арилжааны хэлбэрт шилжүүлнэ. Мэргэжлийн зээл олгох баг үүсгэж банкаар дамжуулан зээл олгох талаар судалж ЖДҮ-ийн газарт чиглэл өгсөн. Гэхдээ зээлдэгч нарт хамгийн эрсдэлтэй зүйл борлуулалт. Экспортод гаргах асуудал удаашралтай байна ” гэсэн юм. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас хэрэгжүүлсэн хоёр их наяд төгрөгийн эх үүсвэртэй гурван хувийн хүүтэй зээлд жижиг дунд үлйдвэрлэл эрхлэгч нар хамрагдаад явж байгаа аж.
ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайханаас энэ талаар тодруулахад “ Ирэх оны эхээр ЖДҮ-ийн корпораци байгуулахаар зорьсон. Алдаа оноотой ч арав гаруй жил үйл ажиллагаа явуулсаар ирсэн ЖДҮХС нь төсвийн мөнгөөр төрийн өндөр албан тушаалтнууд үйлдвэрлэгчдэд зээл олгодог байдлыг өөрчлөх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын оролцоотой корпораци байгуулах юм. Эдгээр байгууллагууд бүгд хувь хөрөнгөө корпорацид оруулна. Мөн сонгон шалгаруулалтаа явуулна, хяналтаа тавина. ЖДҮХС эргэн төлөгдөх нөхцөлтэй 440 тэрбум төгрөгийн авлагатай. Үйлдвэрлэгчдийн гар дээр олгосон энэ мөнгөө таван жилийн хугацаанд татаж хөрөнгө оруулна. Мөн Банкны холбоотой хамтарч ажиллах, хөрөнгө босгох талаар ярилцсан судлаад хариу өгөхөөр болсон. Олон улсын байгууллагууд болох ЖАЙКА, Европын Сэргээн босголтын банк зэргээс нэг хувийн хүүтэй эх үүсвэр бүрдүүлэх боломжтой. Гэхдээ энэ санхүүжилтийг ЖДҮХС-д өгөхгүй. Харин корпорацийн үйл ажиллагаанд оролцож хяналт тавих боломж олговол зээлээ өгнө. Буцааж төвлөрүүлээд явах бүтцийг хийсэн. Ингэснээр тэд хүлээн зөвшөөрөөд байгаа. Цаашид ЖДҮГ корпораци хэлбэрээр ажиллаж санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж банкаар дамжуулан зээлээ олгох зэргээр арилжааны байгууллагын хэлбэрээр ажиллахаар болж байна” гэлээ. Хамтарсан багийг төр, хувийн хэвшил, ЖДҮГ бүрдүүлнэ. Үүнд санхүүжүүлэгч байгууллагууд нь зээл олголт болон хяналтыг тавихаар тохиролцож байгаа аж. Өнөөдрийн байдлаар ЖДҮХС-ийн эргэн төлөгдөх ёстой 440 тэрбум төгрөг байна. Харин энэ мөнгийг төрийн зүгээс тус санд үлдээж гарааны санхүүжилт болгоход зарцуулахаар болж байгаа юм. Гэхдээ энэ мөнгө таван жилийн хугацаанд цугларахаар байгаа гэлээ. Өнөөдөр ажлын байрыг дэмжих зээлд 265 аж ахуй нэгжид 75.6 тэрбум төгрөгийн зээлд 37.2 тэрбум төгрөгийн балтлан даалт гаргасан. Хэдийгээр энэ онд ЖДҮХС-д төсвөөс мөнгө хуваарилаагүй ч Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих” зээлийн хүрээнд манай үйлдвэрлэгчид гурван хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж ажлын байраа хамгаалсан. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн баталгааг гаргах боломжтой байгаа. Энэ хүрээнд наймдугаар сарын 12-ны байдлаар Зээлийн батлан даалтын сангаас 265 аж ахуйн нэгжид 75.6 тэрбум төгрөгийн зээлд 37.2 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргажээ. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд дийлэнх буюу 80 гаруй хувь нь хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт олгогдоод байгаа аж. Арван их наядын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн зургаан сарын хугацаанд тэрбум хүртэл төгрөгөөр батлан даалт гаргах ёстой Зээлийн батлан даалтын сан 34 тэрбум төгрөгөөр батлан даасан нь хангалтгүй үзүүлэлт гэж үзэж байгаа юм байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Зээлийн батлан даалтын сан муу ажиллаж байна. Банкууд энэ байгууллагад, ер нь төрд итгэхгүй байгаагаас Зээлийн батлан даалтын сан бүрэн хүчин чадалдаа хүрч ажиллаж чадахгүй байна” гэсэн юм. ЖДҮ эрхлэгчдийн хамгийн том бэрхшээл нь зээл, зээлийн хүү биш. Харин борлуулалт тул төр тэднийг худалдан авагчтай холбох гүүр нь болох аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.30 ПҮРЭВ № 192 (6669)