(Монголын ард түмний нэгэн сод хөвгүүнтэй хийсэн цуврал хөөрөлдөөний баринтгийг нээж сөхөн үзвээс)
Т.Баасансүрэн
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч
Дашийн Бямбасүрэн Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд. Ерээд оны Монголын нийгмийн шилжилтийн үеийн буюу Монгол Улс социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих үеийн Эвслийн Засгийн газрыг тэргүүлж ажиллажээ. Манай улсын түүхэн дэх хөгжлийн хамгийн эгзэгтэй үе шатанд Засгийн газрыг толгойлж амаргүй зорилтыг шийдвэрлэн хэрэгжүүлэх ховорхон хувь заяа түүнд тохиосон байна. Түүнийгээ ч нэр төртэй давж гарч чадсан Ерөнхий сайд. Сайн, муу үг бишгүйг тэр сонссон, гэвч зорьсон зорилгоосоо ухраагүй, урагшлан тэмүүлж чадсан. Энэхүү өмнөх үгийг тэрлэгч миний бие хүртэл ерээд онд МСХ-ны Ерөнхийлөгчийн даалгаврыг дагаж түүнийг хатуухан үгээр шүүмжилж байсан удаатай. Тэр шүүмж дотор мэдээж санаж бодох зүйл байсан байж таарна. Тэгэхдээ л арай хатуудсаныг хүлээн зөвшөөрөх ёстой.
Тэр тухай өгүүлэхийг түр азнаад Ч.Үл-Олдохын шинэ номын тухай яриандаа шилжье. Ч.Үл-Олдох бол манай улсын нэртэй сайн сэтгүүлчийн нэг. Олон сайхан нийтлэл бичиж нийтийн хүртээл болгосон. Тэр бүгдийн дотроос Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэнтэй 17 удаа уулзаж хөөрөлдсөн байгаа юм. Тэдгээр ярилцлага нь уншигчдын зүрх сэтгэлийг соронздон татсан сайн нийтлэлүүд болж уншигчдын сонирхлыг татсаар эдүгээг хүргэжээ.
Эдийн засгийн ухааны доктор, БНМАУ ба Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өчигдөр ба өнөөдрийн байдал, маргаашийн дүр төрх, чиг хандлагыг тархиндаа багтаан баринтаглаж чадсан хуруу дарам цөөн нийгэм, улстөрийн зүтгэлтний нэг нь яалт ч үгүй Дашийн Бямбасүрэн. Энэ хүн БНМАУ-ын Үнийн хороо, Үнэ стандартын улсын хороог толгойлж байлаа. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байв. Социализмын үеийн Монгол, капитализмын өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодит байдал, ололт амжилт, алдаа дутагдлыг арван хуруу шигээ мэднэ. Шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэлтэйгээр шинжлэн судалж оношилж чадсан эрдэмтэн.
Тийм ховорхон эрхэмтэй сэтгүүлч Ч.Үл-Олдох ахин дахин хөөрөлджээ. 17 удаа уулзаж ярилцахдаа 17 өөр сэдвээр. Өөрөөр хэлбэл Дашийн Бямбасүрэн гэдэг хувь хүний дотоод ертөнцийг олон өнцгөөс онгичин уудалж уншигчиддаа дэлгэн барьжээ. Ч.Үл-Олдохын “Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдтай хийсэн 17 ярилцлага” номыг уншаад ер нь нэг хүнтэй нэг яриад орхимооргүй юм байна. Ахин дахин ярих ёстой юм байна. Тэгж байж тэр хүний тухай гүйцэд төгс ойлголт, төсөөллийг олж авдаг юм байна гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү.
Дашийн Бямбасүрэн гэдэг нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтний амнаас асгарсан алт шиг үнэтэй үг сургамжийг өрж хэлхэж байгаад эрдэнийн шигтгээ адил ижилгүй өргөн утга агуулга бүхий онц сонирхолтой 17 ярилцлага туурвисан Ч.Үл-Олдох өөрөө бас том сэтгүүлч юм байна гэж ойлгогдсон болно. Одоо доктор Д.Бямбасүрэн сэтгүүлч Ч.Үл-Олдохтой юун тухай хэрхэн хөөрөлдсөний зах зухаас сөхөж үзье.
“Манай Их хуралд Дүлзэн, Молом занги, “Өгөр толгой” Гүрсэд, бас Хоролмаа ч байна” гэсэн гарчигтай Ч.Үл-Олдохын хийсэн ярилцлага “Зууны мэдээ” сонины 2012 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн дугаарт нийтлэгджээ. Монголын сонгодог уран сайхны кинонууд болоод “Учиртай гурван толгой” жүжгийн нэг гол баатрын нэрээр ярилцлагаа нэрлэсэн байна. Ард түмний сэтгэл, зүрхэнд хоногшсон дүрүүдийн нэрээр ярилцлагаа гарчигласан нь /мэдээж Д.Бямбасүрэн доктор ингэж дүрслэн өгүүлсэн нь ойлгомжтой юм/ агуулгыг шууд илэрхийлэн гаргаж чадсан байна. Нийт ард түмний төлөөлөл болсон Монголын парламентад долдойчид, залилан мэхлэгчид, харийнхны санаа бодлыг аялдан дагалдагчид, хоёр нүүртэн хорлон сүйтгэгчид олон болсныг хурцаар шүүмжилжээ. Монгол Улс, монголчуудад ашиггүй Оюу толгойн гэрээгээр жишээлж ярьсан аж. Өөр ч олон тулгамдсан асуудлыг хөндсөн байна.
“Д.Бямбасүрэн: Н.Энхбаярын асуудлыг төрийн бодлогын түвшинд зөв шийдэх ёстой” гэсэн ярилцлага байна. Тэрбээр “Н.Энхбаяр гэдэг хүний шоронд байгаа асуудлын талаар ерөнхийдөө хоёр бодол надад төрдөг.Эхнийх нь хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал. Төр иргэнээ буруутгаж эрх чөлөөнд нь халдахдаа туйлын шударга байх ёстой. Гэтэл Н.Энхбаярын тухайд анхнаасаа үүсгэж ялласан таван хэргийн гурав нь одоо хүчингүй болчихсон.
Таваас гурав гэдэг чинь төр яллаж байгаа хэргийнхээ 60-70 хувьд нь худал хэлсэн болж таарч байна. Ийм хэргээр хүнийг яллана гэдэг ардчилсан нийгэмд байж болохгүй. Манайхан хууль дээдэлнэ, хууль биелүүлнэ гэж ярьдаг.
Тэгээд хүн харгислах болохоороо хууль ярьчихаад хүний эрхийг хамгаалах болохоороо хуулиа мартчихдаг. Ийм байж болох уу, болохгүй шүү дээ, энэ бол нэгдүгээр асуудал.
Ер нь Н.Энхбаяр гэдэг хүнд хэрэг тулгаж тасалсан шүүх хурал Монголын шүүх засаглал яаж ажилладаг юм бэ гэдэг “анатоми”-ийг зөвхөн монголчуудад төдийгүй дэлхий нийтэд харуулчихсан.
Тэр шүүх хурал үнэхээр энэ хүн гэм буруутай гэж хэнд ч итгэл үнэмшил төрүүлж чадаагүй. Чадах ч үгүй байсан байх. Ийм байдлаар тэр хүнийг яллаад ял эдлүүлж байна. Үүний талаар би удаа дараа байр сууриа илэрхийлсэн.
Н.Энхбаяр гэдэг хүнийг үхрийн бөөр шиг эрээвэр хураавар янз бүрийн асуудлыг цуглуулж дутуу дулимаг шалгасан, нотолсон асуудлаар ялласан явдал нь авилгын эсрэг тэмцэх хэргийн нэр төрийг гутааж, эрчийг нь сааруулж, хориг тавих гэсэн авилгачдын өөрсдийнх нь хийсэн хэрэг байх гэж боддог” гэж сурвалжлагчид өгүүлсэн аж.
Дээр дурдсан хоёр баримтаас Дашийн Бямбасүрэн гэдэг хүн аливаа асуудалд туйлын шударга, зөвхөн үнэнийг баримталж байр сууриа илэрхийлдэг нь ойлгогдоно. Монголын төр, засгийн түүний дотор шүүх засаглалын муйхар мулгуу үйл ажиллагааг түүн шиг ингэж түс тасхан өгүүлж хэлсэн нь хуруу дарам цөөхөн юм.
“Монголын ирээдүй оюутан, залуусын толгойд бий” хэмээх ярилцлагадаа Д.Бямбасүрэн гуай хөгжил бол баяжихаас өөр гэсэн хурц, нэн чухал асуудлыг хөндсөн байна. Хөгжих, өсөх, баяжих гэдэг ойлголтын ялгааг тайлбарлаад үүнийг гүйцэд ойлгохын тулд “энтропи”-той танилцах хэрэгтэй болно. “Энтропи” гэдэг бол тодорхойгүй тоо хэмжээ. Эмх замбараагүй хэмжээг хэлдэг юм. Монголын нийгмийн “энтропи” өссөн байна. Асар их байна. Эл “энтропи”-ийг багасгаж байж л Монгол Улс хөгжинө. Түүнийг багасгаж байж бид чөлөөт эрчмийг олж авна. Тэр нь хөгжил юм. “Энтропи” буурвал магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Түүнээс хүн төрөлхтөн нуруугаа бөгтийтөл хөдөлмөрлөснөөр хөгжил ирэхгүй, Монголын малчид хэдэн мянган жил малаа малласаар өнөөдрийг хүргэсэн. Малчид малчин хэвээрээ л байна. Тэдний толгой дээгүүр онгоц нисч байгаа, тэгтэл бид өөрсдөө хөгжсөнгүй. Алт, зэс, нүүрсээ ухаад хөгжихгүй. Түүгээр юм хийж чадаж байвал сая хөгжинө. Бүтээж чаддаг, хийж чаддаг байх нь хамгийн чухал гэсэн санааг тойрч үгээ хэлсэн аж.
“Би монгол хүний оюун ухааныг гайхдаг. Өнөөдөр дэлхийн томоохон уралдаан, тэмцээнд монгол хүн түрүүлчихээд ирж байна шүү дээ. 1989 онд монгол хүн онгоц хийсэн юм шүү дээ. Хөвсгөлийн Нямдаваа гэж хүн хоёр хүний, дөрвөн хүний онгоц хийгээд түүгээрээ нисч байсан. Даанч аваарт орно гээд хориглочихсон. Тэр үед жижиг онгоцны үйлдвэр хөгжүүлсэн бол өнөөдөр ямар байх вэ” гэж Дашийн Бямбасүрэн гуай сурвалжлагчид хэлсэн байна.
Монголчууд өнөөдөр оюун ухааныхаа чадавхийг тэтгэх, тэлэх цаг болжээ. Аль ч салбарт хүний оюун ухаан оргилж бүтээж чадаж байвал тэнд хөгжил байна гэсэн үг. Оюун ухаан хаана царцсан байна, тэнд хөгжил ирэхгүй, харин мөхөл ирнэ. Монголд хөгжил ирнэ гэдэгт би итгэдэг гэж тэр ярьжээ.
Эндээс Дашийн Бямбасүрэн гэдэг хүний сэтгэлгээний өвөрмөц өнцөг мэдрэгдэж, оюун ухааных нь хэмжээ далайц гарт баригдах шиг болж байна.
Ч.Үл-Олдохын түүнтэй хийсэн өөр нэг зангарагтай ярилцлага бол “Д.Бямбасүрэн: АН, МАН аль аль нь олигархи засаглалын улс төрийн хүчнүүд болчихлоо. Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо бараг л тавиад туучихлаа” ярилцлага юм. 2014 онд “Анализ” сэтгүүлд бүрэн эхээрээ хэвлэгджээ.
Сүүлийн 30 жилийн хугацаанд засгийн эрхийг тасралтгүй ээлжлэн барьсан, заримдаа хамтарч засагласан МАН, АН-ын үнэн нүүр царай, төрх байдал, далд санаархлыг уудлан илчилсэн шүүмжлэлт ярилцлага. Нүдийг нь олж онож томьёолсон үг, өгүүлбэрээр дүүрэн аж. Зарим нэгээс нь уншигч танд эш татан сонирхуулъя.
“Хоёрдугаар ээлж хоолондоо” гэдэг уриа 12 жилийн өмнөөс эхэлж Монголын төрд хэрэгжиж байна. АН төр барьж байхад ч, Ардын нам төр барьж байхад ч ийм асуудал гарч байсан.
2006 оны Засгийн газрыг М.Энхболдын “Цоохор Засгийн газар” гэж бид ярьдаг. Тэр үеэс төрийг компаниудад хувааж эхэлсэн. Өөрсдийгөө цоллохдоо “Үндэсний эв нэгдлийн” гэдэг ч хувааж идэхэд эв нэгдэл гэж юу байхав. Түүнээс хойш ийм зарчим тогтоод байгаа юм” гэжээ. Энэ бол хөдөлбөргүй үнэн үг. Зүүний үзэлтэй МАН, барууны үзэл тээгч АН хоёр өвөр түрийндээ орж тэврэлдээд ашиг сонирхлоороо нэгдэж нийлээд олон жил болж байна. Нэг түрийвчтэй болсон.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.29 ЛХАГВА № 191 (6668)