Ц.МЯГМАРБАЯР
Сангийн яам 2022 оны төсвийн төслөө боловсруулж дуусчээ. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанд хэлэлцүүлж УИХ-д өргөн барина гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэллээ.
Ирэх оны улсын төсвийн нийт зардал 16 их наяд төгрөг байхаар тооцжээ. Төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг экспортын голлох түүхий эд болох нүүрсний гадагш гаргах биет хэмжээ буурсан хэдий ч үнийн өсөлт энэ оны төсвийн гүйцэтгэлд эерэгээр нөлөөлж байгаа аж. Хэдийгээр зэс, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт бүтээгдэхүүний үнэ өсөж буй ч ирэх оны төсвийг боловсруулахдаа эдгээр өсөлтөд найдаагүй гэдгээ Сангийн сайд хэллээ. Гэхдээ нүүрсийг 2019 оны хэмжээнд хүргэх зорилт тавьж 36 сая тонн буюу энэ оныхоос даруй хоёр дахин өсгөж ,төмрийн хүдрийн экспортыг мөн нэг сая тонноор нэмэгдүүлж 9.5 сая тоннд хүргэхийг зорьжээ. Харин алтны хэмжээг 20 тонн байна гэж үзсэн байна. Нийт экспортыг 7.2 тэрбум ам.доллар болгож өсгөх тооцоог хийгээд байгаа гэлээ. Энэ нь энэ оныхоос нэг тэрбум ам.доллараар ахиу аж.
Ирэх онд хийх шилжих хөрөнгө оруулалт нийт 1.5 их наяд төгрөг байна. Тодруулбал, энэ онд нийт 1.7 их наяд төгрөгийн 1000 гаруй барилга бүтээн байгуулалтын төсөл хэрэгжих байсан ч цар тахлаас шалтгаалж зөвхөн 10 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Голчлон тээвэр логистикийн бэрхшээл болон барилгын материалын түүхий эдийн үнэ өссөнтөй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгөөр хийх олон ажил ийнхүү хойшилжээ. Түүнчлэн тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд тендерийг хэрэгжүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн байна. Иймд энэ оны ажлууд ирэх онд үргэлжлэх тул хөрөнгө оруулалтын хэмжээн хүү буурахаар тооцжээ.
Хүүхдийн мөнгөний зарцуулалтад судалгаа хийхэд 30 орчим хувь нь хүүхдийн мөнгийг хуримтлалын данс руу нь шууд шилждэг бол 60 гаруй хувь нь хэрэглээнд зарцуулдаг. Үүний 50 хувь нь хоол, хүнс ахуйн хэрэглээнд, 50 хувь нь архи, тамхи зэрэг асран хамгаалагч нарын хэрэглээнд зарцуулагддаг аж.
Таваас дээш насны хүүхдүүдэд хуримтлал үүсгэх хувилбарыг Засгийн газар судалсан байна
2022 оны төсвийн зардлын гол ачаалал хүүхдийн мөнгөн дээр төвлөрөхөөр байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. Ирэх онд халамжид гурван их наяд төгрөг зарцуулна. Үүний 1.4 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө. Хүүхэд бүрд олгох 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр ирэх оны нэгдүгээр сараас үргэжлүүлэн олгох тохиргоог хийж байгаа аж. Ингэхдээ тодорхой хувийг бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгалмж руу шилжүүлэх хувилбарыг сонгож байна. Гэхдээ 50/50 хувь байх уу эсвэл 60/40 хувь байхуу гэдгээ эцэслээгүй байгаа гэв. 0-5 насны хүүхдийн мөнгийг шууд бэлнээр өгч таваас дээш насны хүүхдүүдэд хуримтлал үүсгэх хувилбарыг Засгийн газар судалсан байна.
Хүүхдийн мөнгөний зарцуулалтад судалгаа хийхэд 30 орчим хувь нь хүүхдийн мөнгийг хуримтлалын данс руу нь шууд шилждэг бол 60 гаруй хувь нь хэрэглээнд зарцуулдаг. Үүний 50 хувь нь хоол, хүнс ахуйн хэрэглээнд, 50 хувь нь архи, тамхи зэрэг асран хамгаалагч нарын хэрэглээнд зарцуулагддаг аж. Тиймээс хүүхдийн мөнгөний тодорхой хэсгийг “Ирээдүйн өв сан” болон, Баялгийн сангийн батлан даалтаар хуримтлал болгон очих хувилбарыг хийхээр болж байна. Хэрэв 18 нас хүртэл 100 мянган төгрөгийг хуримтлуулбал 19-20 орчим сая төгрөг болж хүүхэд цаашид сурч боловсроход ирээдүйн баталгаа болно гэж үзэж байгаа юм.
Засгийн газрын өр таазанд тулсан хэвээр байх нь
“Монгол Улс 11.3 тэрбум төгрөгийн өртэй. Засгийн газар эхнээс нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ онд Номад бондыг гаргаснаар 2022 онд төлөхөд байсан Чингис бондын нэг тэрбум ам.долларын өрийг төлсөн. Түрүүлж өрөө төлөх нь хүү нь бага байдаг. 2023, 2024 онд төлөх Гэрэгэ, Хуралдай бондын хоёр орчим тэрбум ам.долларын өр төлөхөөр тохиргоо хийж байна. Урд онд нь буюу хүүний савалгаа бага үед өрийг шийдвэрлэх нь ашигтай” гэж Сангийн сайд хэллээ. Засгийн газар өрийн менежментээ хийчихвэл зээлжих зэрэглэл буурч үүнийг дагаад хувийн хэвшил өрөө цэгцлэхэд нөлөөлдөг байна.
Энэ онд төсвийн алдагдал ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэж байгаа ч ирэх онд 5.1 хувь руу буулгаж төсөвлөжээ. Харин Засгийн газрын өр ДНБ-ий 70 хувиас хэтрэхгүй өрийн таазанд тулсан хэвээр байх нь. Тиймээс өрөөс айх асуудалгүй гэж онцлов.
Энэ оны төсвийн гүйцэтгэл наймдугаар сарын байдлаар 105 хувьтай давж биелсэн байна. Үүнд экспортын голлох түүхий эдийн үнэ өссөн нь ийнхүү нөлөөлжээ. Эдийн засгийн идэвхжил муутай 4-5 дугаар сард 70 хувьтай байсан бол наймдугаар сард ийнхүү огцом өсөлттэй гарсан нь нүүрсний экспорт зургаа, долоо, найм дугаар саруудад тасалдаагүйтэй холбоотой гэлээ. Түүнчлэн НӨАТ-ын орлого 200 сая ам.доллараар давсан байна. Энэ нь далд байсан эдийн засаг ил болсонтой холбоотой гэв. Учир нь “Эрүүл мэнд, эдийн засгаа аврах 10 тэрбум төгрөг ” хөтөлбөр үр дүнгээ өгч аж ахуйн нэгжүүдэд хоёр их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл олгосноор аж ахуйн нэгжүүд орлогоо ил болгосон нь нөлөөлжээ. 2015 онд НӨАТ бүрдүүлэлт 46 хувьтай байсан бол 2021 онд 67 хувьтай болсон нь үүнийг нотолж байгаа аж.
Түгжрэлд Бууруулах 420 тэрбумыг иргэдээс асууж шийдвэрлэнэ
Улаанбаатар хотын энэ оны төсвийн гүйцэтгэл 80 хувьтай байна. Нийслэл өөрийн орлогоор 420 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ. Харин энэ мөнгийг Улаанбаатар хотын төсөвт нь үлдээж замын асуудалд зарцуулах үүргийг хотын удирдлагуудад өгсөн. Тиймээс түгжрэлтэй холбоотой замын ажлыг намар, өвлийн улиралд хийгдэх болсонтой холбоотойгоор нийслэл ирэх сарын төсөвтөө тодотгол хийхээр болжээ. Өөрийн орлогыг нь ийнхүү анх удаа төсөвт нь үлдээж байгаагаар онцлогтой. Ингэснээр хөрөнгө мөнгөнөөс шалтгаалж түгжрэлийг дорвитой бууруулж чаддаггүй асуудал шийдвэрлэгдэнэ гэж үзэж байгаа гэжээ. Гагцхүү хэрхэн үр дүнтэй ажил болох эсэх нь удирдлагуудаас нь шалтгаалах аж. Түгжрэлийг хэрхэн бууруулах талаар иргэдээс санал асуулга явуулахаар төлөвлөсөн байна. Ийнхүү ирэх оны төсөв бодлогын зургаан чиглэлд зарцуулагдахаар байна. Энэ онд цар тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн салбарт түлхүү зарцуулагдсан бол ирэх онд боловсролын чиглэлд илүүтэй зориулагдах аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.27 ДАВАА № 189 (6666)