Д.БИЧЭЭЧХҮҮ
Саяхан даа. Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаснаар Хэнтий аймгийн Батноров сумын нутагт “Андлалын өргөө” гэгч хөшөөт байгууламжийг барьж эхэлсэн. Гэтэл түүнийгээ бараг дуусах үед нь нураагаад хаяхыг харлаа. Ингэснээр тус аймагт босгож эхэлсэн аялал жуулчлалын бүс таван бүтээн байгуулалт гэх хөшөө тойрсон хэл үг нэг хэсэг өрнөв. 2021 онд багтааж зургаан тэрбум илүү төгрөгөөр хийх тэдгээр ажлыг эхлүүлэх, заримыг дуусгах тухай Засгийн газрын чиглэл байв. Гэтэл тэр “Андлалын өргөө”-г барьж гүйцээхийн даваан дээр хэний ч шийдвэрээр юм арчаад хаядаг байгаа. Нэгэнт хоёр турбум төгрөг зарсан гэдгийг бодохоор тэгж хүүхдүүд угсардаг тоглоомоор байшин бариад төдөлгүй буулгаж тоглодог шиг үйл давтагдсанд гайхсан л даа. Гүйцэтгэгч тал нь үрэгдсэн хөрөнгийг буцаан төллөө. Улс хохиролгүй гэсэн үг сонсогдсон. Үнэн л байгаа даа. Гэхдээ уг байгууламжийг бүтээн босгосон гэх байгууллага нь бүдэг бадагхан юм гэсэн. Бас тэрнийг барьсан газар түүхийн хувьд цэгээ олоогүй тухай түүхчид дуугүй байгаагүй. Ийм л юм болоод өнгөрөв. Тиймээс энэ тухай дахиад сөхөж ярих нь илүүц биз. Харин хөшөө дурсгал байгуулах ажлыг цэгцлэх тухай асуудал хөндөх нь чухал санагдсан юм. Баримт түшье. Монгол улс нэг хүнд ногдох хөшөө дурсгалаараа дэлхийд тэргүүлдэг гэдэг. Яахав нэг ч юмаараа болов том тэгээд тэргүүн байранд яваа гэдэг нь зүгээр ч юм уу. Японы мэргэжлийн сумогийн нэг жижигхэн нөхөр барилдахын өмнө тэвшин дэх давсыг гартаа овоолж байгаад цацдаг. Үүнийнх нь учрыг асуухад “Нэг юмаараа ч болов том байя” гэдэг шиг л...
Гэтэл хөшөө дурсгалд зориулсан их хөрөнгө хайран юм. Манай улсад хот, хөдөөгүй сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй гэдэг. Цар тахал дэгдсэн энэ үед эмнэлэг их дутмаг нь харагдаж байна. Тиймээс улсын төсвийг хөшөө дурсгал зэрэг билгэ тэмдгийн төдий зүйлд их хөрөнгө зарж байгаа нь буруу гэж хэлэх гэсэн юм. Сонин баримт хэлье. Монголд морь малын хөшөө 3440 байдаг. Бас нохойны 231, эвтэй дөрвөн амьтных 26, тарваганы 25 хөшөө бий гэнэлээ. Төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартны хөшөө гэвэл зөндөө. 1990 оноос хойш хөшөө дурсгал барих нь бүр нэмэгдсэн. Тэгснээр 2016 онд “Эмнести Интернэшнл” байгууллагын гаргасан тооцоогоор манай улс сансрын пуужин тав, атомын цахилгаан станц хоёр болон 6000 цэцэрлэг, 4000 эмнэлэг, 2500 сургууль барих мөнгөөр хөшөө босгосон байх юм. Энэ тоо одоо бүр нэмэгдээ биз. Хэн нэгэн эрхтэн дархтны санаачилгаар босгосон хөшөө нийслэлд гэхэд зөндөө л дөө. Нэгийг хэлэхэд Б.Батзориг гэгч дүүргийн Засаг дарга байхдаа олон хөшөө босгуулсан. Түүний дотор өөрийнхөө хайртай нохойд зориулж олон саяар хөшөө барьж түүнийгээ “Баянзүрх дүүргийн савдаг” нь гэж нэрлээд өөрөө ч “нохой” гэдэг цол хүртсэн удаа бий. Улс оронд юу бүтээж, ямар гавъяа байгуулсан нь тодорхойгүй хүний хөшөө мөнгөтэй хүмүүсийн хүчээр босгосон нь бий. Үгүй бас хаанахын хэн ч юм нөхрийн хөшөө монголд хэрэгтэй ч юмуу. Мэдэхгүй. Энэ тухай нийтээрээ шүүмжлээд шуугих юм бол “Андлалын өргөө” шиг хувь заяа тосох байх л даа. Ер нь хөшөө дурсгалыг босгоход энд тэнд ганц нэгийг сүүхийлгээд байх биш цогцолбор маягаар бүтээвэл зүгээр байх. Ялангуяа Их хааны нутагт аялал жуулчлалын бүс байгуулна гээд Биндэрт “Их хуралдай” барилга, Норовлинд “Их засаг-Шихихутаг” цогцолбор, Батноровт “Андлалын өргөө” гээд тарааж хаяхын оронд Чингис хаан хаана төрсөн билээ тэр нутагт нь бүхэл бүтэн цогцолбор нэг дор бий болговол зөвдөх юм шиг. Тэдгээрийг барьчихжээ гэхэд аялагч жуулчлагчид очих зам, дэд бүтэц нь алга. Иймдээ хийхээр зорьсон ажил бүтэхгүй байгаа хэрэг л дээ. Өвөрмонголын Ордост “Чингисийн онгон” гэж том үлгэр жишээ байна. Дэлхийнхэн тэнд л очиж нүд бүлтийлгэн Чингисийн тухай мэдлэг олдог. Энүүхэн “Цонжин болдог”-т байгуулсан Чингисийн хөшөөт байгууламжийг үзсэн гадаадынхан бас нэг хөшөө үзэх гэж цаашаа олон зуун км адармаатай зам туулж явна гэж байхгүй л болов уу.Хэрэв аялал, жуулчлалын бүс нутгийг бий болгоно гээд байгаа юм бол эхлээд зам харгуйгаа засч, үйлчилгээний газруудаа бэлэн болгох нь зөв алхам болно. Мөнгө олохын төлөө л ажил. Гэхдээ хөшөө олширсноор улс орон хөгжинө гэж үү. Үгүй ээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.24 БААСАН № 188 (6665)