Р.ОЮУН

Энэ удаагийн “Хөгжим, хэмнэл” булангаараа Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа хосгүй үнэт үзмэрийн нэг “Алтайн ятга”-ыг танилцуулж байна. Энэ ятга нь Монгол Улсын түүхэн дэх эртний түүхтэй хоёр дахь хөгжмийн зэмсэг ажээ. Манай улсын сан хөмрөгт энэ ятганаас гадна Хүннү гүрний үеийн ясан хуур хадгалагдаж байна. Энэ хөгжмийн зэмсгийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх, н.Батбаяр нар 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны оршуулгаас олон тооны эд өлгийн зүйл гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байж. Энэ нь Түрүү Дундад зууны үеийн 20-25 настай дайчин эрийн булш байсан бөгөөд эзэмшиж байсан хүнийхээ толгойн баруун талд байжээ. Хөгжмийн их биеийг залгаасгүй хус модоор сийлжээ. Харин царны таг болон тээгийг уд модоор хийсэн болохыг судлаачид тогтоосон байна. Нарийн урт хүзүү, завь хэлбэрийн их биетэй. Хөгжмийн толгой хэсэгт шөмбөгөр хоншоор, багахан хөхөл бүхий адууны толгойг дүрсэлжээ. Адууны дагзан дээр дөрвөлжин хэлбэрийн нүх ухсан нь чавхдас бүхий босоо гарыг суулгах үүрэгтэй аж.
Хөгжмийн царны эсрэг талд сийлмэл зураг сийлсэн нь өвөрмөц байна. Зургаан буга, нэг янгир, таван нохой болон нумаа эвшээлгэн харвахыг завдаж буй нэгэн анчныг сийлсэн нь Түрэгийн үеийн хадны зургийн дүрслэлтэй зарим талаар төстэй аж. Ан авын сэдэвтэй зураг хэмээн үзэж болох бөгөөд эртний нүүдэлчид их ав хомрогын өмнө уул усны эзэн савдгаа энэ аялгуут хөгжмөөр аргаддаг байсан болов уу хэмээн судлаачид таамагладаг. Уг хөгжмийн зэмсгийн хажуу бөөр, хүзүүний дагуу зургаан хэсэг газарт эртний руни бичгийг сийлжээ. Профессор Ц.Баттулгын тайлж, уншсанаар хөгжмийг эртний түрэг хэлээр Яаялиг буюу Аялгуут хэмээн нэрлэж байжээ. Харин хөгжмийн зэмсгийг эзэмшиж байсан баатар эрийг Чүрэ гэдэг төдийгүй түүний олонд түгсэн алдар цуу нь “Яая-Огыл” буюу “Аялгууч хүү” байсан бололтой. Хөгжим судлаач, урлаачдын хамтын судалгааны үр дүнд уг хөгжмийн зэмсгийн унаган хөг аялгууг сэргээн тогтоожээ. Өдгөө язгуур урлагийн “Алтай” хамтлаг энэ хөгжмийн зэмсгийг дахин сэргээж олон гайхалтай аялгууг туурвиж байгаа.
Мөн энэ зэмсэг нь VII зууны Түрэгийн үед хамаарах бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны, цор ганц олдвор болохыг Германы Бонны их сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон удаатай. Энэ олдворыг Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, хөгжим судлаач Д.Ганпүрэв 2011 оноос судалж, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавтай хамтран сэргээн засварлажээ. Ингээд судалгааны түвшнээс  хэрэглээний түвшинд хүргэсэн бөгөөд нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ тоглож байгаа бөгөөд тэрбээр “Нэн эртний, 1400 жилийн өмнөх соёл иргэншлийг тээсэн ятга Монгол орноос минь олдсонд үнэхээр баяртай байна. Анх дуугаргаж үзэхэд хөг аялгуу нь үнэхээр амьд эгшиг, өнгө гаргаж байгаа нь мэдрэгдсэн” гэсэн юм. Алтайн ятгыг зөвхөн Монголын ард түмэнд таниулаад зогсохгүй дэлхий дээрх нийт монгол туургатанд сур­тал­чилан таниулах зорилт тавьжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.23  ПҮРЭВ № 187 (6664)