Б.БЯМБАЖАРГАЛ
Монголбанкны мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар бодлогын хүүг зургаан хувь хэвээр хадгалахаар шийдлээ. Мөн урт хугацаат репо санхүүжилтын хэмжээг энэ оны дөрөвдүгээр улиралд 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргав. Монголбанк эдгээр шийдвэрийг эдийн засгийн нөхцөл байдал, инфляц Төвбанкны зорилтот түвшнээс давсантай холбогдуулан гаргасан гэдгийг мэдээлэв. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанк эдийн засгийн өсөлтийн төлөвийг 6.9 хувиас 5.1 хувь болгон бууруулсан. Гэхдээ 2021 оны эдийн засгийн байдал 2019 он буюу цар тахлын өмнөх үеийнхтэй адил болно гэж үзэж байгаа. Эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөх төсөөллөөс бууруулсан нь ДНБ-ий аргачлал, тооцоолол, шинэчлэгдсэнтэй холбоотой. Мөн инфляц Монголбанкны зорилтот түвшнээс давж улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувь гарсан. Гэхдээ инфляцын 45 хувийг шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ бүрдүүлж байгаа. Харин суурь инфляц 4.2 хувьтай байна. Түр зуурын шинжтэй шатахуун, махны үнийн өсөлт буурахад инфляц зорилтот түвшинд хүрэх боломжтой болно. Мөн бодлогын хүү зургаан хувьтай, зөөлөн бодлого баримтлаж байгаа. Энэ үед мөнгөний бодлогыг хатууруулвал санхүүжүүлэлтийн зардал, зээлийн хүү өсөх сөрөг үр дагавартай. Тиймээс бодлогын хүүг хэвээр нь хадгалахаар шийдсэн” гэв.
Өнгөрсөн хавраас эдийн засгийг сэргээх зорилгоор Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор зээл олголт сэргэж банкны системийн зээлийн үлдэгдэл жилийн 12.3 хувиар өссөн байна. Түүнчлэн шинээр олгосон зээлийн дундаж хүү 12.8 хувь болж, нэгдүгээр сарынхаас 2.4 нэгж хувиар буурсан байна.
Мөн цар тахлын нөхцөл байдал манай улсын гол экспорын салбар болох уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлж нүүрсний экспортын тээвэр сүүлийн зургаан сар удааширсан. Ингэснээр долдугаар сард хүлээлтээс бага буюу 18.3 хувиар өссөн байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт түүхий эдийн үнийн өсөлтөөр дамжин эерэг нөлөөлөл үзүүлж гадаад эрэлт сайжирсан ч манай улсын экспортын биет хэмжээ төдийлөн сэргэхгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнээс харахад уул уурхайн салбар өндөр өсөлт үзүүлэхгүй төлөвтэй байгаа юм. Тиймээс олон улсад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа энэ үед боломжийг ашиглаж экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ талаар Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “5.1 хувийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг уул уурхайн болон уул уурхайн бус салбар гэж хоёр хуваавал уул уурхайн салбарт 0.6 нэгж хувь нь хамаарна. Харин уул уурхайн бус салбарт 4.5 нь хамаарах тооцоо байна. Тэр дундаа уул уурхайн бус салбар дотроо гол өсөлтийг боловсруулах салбараас хүлээж байна. Харин хөдөө аж ахуйн салбараас томоохон өсөлт хүлээхгүй. Учир нь мах нийлүүлэлт, хаваржилтын нөхцөл байдал хүнд байсан. харин дотоодын үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрүүдэд өсөлт гарах төлөвтэй байна. Мөн эрчим хүчний салбарт 0.2 хувийн эерэг өсөлтийг хүлээж байгаа. Худалдан авалт хөл хорионы дараагаас сэргэж худалдаа, үйлчилгээний салбарт эерэг өөрчлөлтүүд гарах төлөвтэй. Өмнөх жилүүдэд эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувийг уул уурхайн салбараас авч байсан бол одоо үйлчилгээний салбар сэргэж өсөлтийн дийлэнх хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа. Мөн ажил эрхлэлт 80 мянгаар буурч ажилгүйдлийн түвшин зургаа орчим хувиас 8-9 хувьд хүрсэн. Үүнээс харахад хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал хүнд байна. Монголбанкнаас инфляц, гадаад импортын үнэ, тээврийн огцом өсөлт зэрэг эдийн засгийн олон нөхцөл байдлыг анхааралтай судалж байгаа” гэв.
Ямартай ч түр зуурын шинж чанартай үнийн өсөлт буурч инфляц Монголбанкны зорилтот түвшинд хүрч, экспорт нэмэгдвэл эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.17 БААСАН № 183 (6660)