Б.БЯМБАЖАРГАЛ

Хоёр жил үргэлжилсэн цар тахлын нөхцөл байдал бидэнд эдийн засгаа солонгоруулж, уламжлагдан ирсэн хуучин технологиосоо салах шаардлагатайг ойлгуулж байна. Тухайлбал, БНХАУ руу мах гаргах явцад коронавирусын халдвар илэрч экспортыг тодорхойгүй хугацаагаар өнгөрсөн зургадугаар сараас зогсоосон. Учир нь технологиос хоцорсон хуучин аргаараа буюу экспортод гаргаж буй мах, махан бүтээгдэхүүнийг гараараа барьж машинд ачдаг, техник хэрэгсэл, бүтээгдэхүүний гадаргуугийн ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүйн улмаас зогсоожээ. 

Технологийн шинэчлэл хийж махны экспортоо нэмэх шаардлагатай

Махны экспортыг зогсоосноор энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хохиролтой байгаа төдийгүй улсын төсөвт төвлөрөх хөрөнгө багассаар байна. Манай улс дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхэр, адууны мах болон хөлдүү махыг БНХАУ, Казахстан, Иран зэрэг улс руу экспортлодог. Хамгийн том худалдан авагч тал нь БНХАУ. Хятадын талаас Замын-үүдийн ногоон хаалгаа олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалгаар солих шаардлага тавьснаар хэдэн сар нүүрс тээвэр гацсан. Үүнтэй адилхан нөхцөл байдал махны экспортод үүсчээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Худалдан авагч талаас шаардлага тавьсан учраас махны экспорт зогссон. Хүлээлтийн байдалтай байна. Мах, махан бүтээгдэхүүний савлагаа, арчдасаас COVID-19 илэрсэн мэдээллийг хамгийн сүүлд өгсөн. Тиймээс манай талд хүн гараараа ачихгүйгээр техник ашиглах, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийхийг шаардсан. Эдгээр шаардлагыг долдугаар сарын 6-нд Хятадын талаас тавьсан. БНХАУ-тай хийсэн протоколын хүрээнд 20 орчим үйлдвэр экспортод оролцдог. ААН-үүд энэхүү шаардлагыг наймдугаар сарын 7,8-нд хангасан гэдгээ бидэнд мэдэгдсэн. Ачилтыг автомат ачигчаар, подонтой болгосон. Мөн мах ачсан машин, подонтой байгаа бүтээгдэхүүнийг ариутгаж гаргах ариутгалын төхөөрөмж суурилуулж шаардлагыг биелүүлсэн гэдгээ Хятадын талд хүргүүлсэн” гэв. 

Энэ жил зургаа дахин бага мах экспортолжээ

2019 онд зөвхөн 37.8 мянган тонн хонь ямаа, адууны мах экспортолж 81.8 мянган ам.долларынг төсөвт төвлөрүүлж байв.  Харин цар тахлын улмаас өнгөрсөн жил хонь ямаа, үхэр, адууны махны экспортын дүн 37.8 мянган ам.доллар болж буурчээ. Харин энэ жил 25 мянган тонн адуу, дулааны аргаар боловсруулсан хонь ямааны мах экспортлосон байна. Манай улсын хувьд жилд 100-150 мянган тонн мах экспортлох зорилт тавьдаг. Үүнээс харахад энэ жилийн махны экспорт зорилтот хэмжээнээсээ зургаа дахин бага байгаа юм.  
Эдийн засаг агшсан энэ үед экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа. ХХААХҮЯ-наас ч махны экспортыг нэмэгдүүлэхэд 2-3 ажлыг хийж хэрэгжүүлж, дотоодын мах боловсруулах үйлдвэрүүдийн техник технологийг шинэчлэх боломжийг судалж хамтран ажиллаж байгааг мэдээллээ. Тухайлбал, худалдан авагч талын шаардлагыг хангаж экспортод оролцож буй ААН-үүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж барих бололцоог судалж байгаа гэв. Мөн байнгын найдвартай тээвэрлэлтийн шинэ боломж, махны экспорт гаргах боомтыг нэмэгдүүлэх, агаарын тээврийг махны экспортод ашиглах талаар судалж байгаа аж.

Тусгаарлагдсан аж ахуйг хөгжүүлснээр мах нийлүүлэлт тогтворжино

Манай орон уламжлалт мал аж ахуйтай. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний хувьд онцлох чанар болж байдаг ч нөгөө талаараа дутагдалтай талыг бий болгодог. Тухайлбал, мах бэлтгэл нь тогтмол явагддаггүй, арваннэгдүгээр сараас дараа оны хоёрдугаар сар хүртэл нийлүүлээд хаврын улиралд махны нийлүүлэлт тасардаг. 
Тиймээс махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд мах нийлүүлэлтийг тогтвортой болгох шаардлага үүсч байгаа юм. Энэ тал дээр ХХААХҮЯ-наас тодорхой хэмжээний малыг тусад нь үржүүлж өсгөдөг тусгаарлагдсан аж ахуйг хөгжүүлэхээр болжээ. Энэ нь экспортыг хойш татдаг гол асуудал болох бэлчээр, вакцинтай холбоотой асуудлыг шийдсэнээрээ давуу талтай. Тусгаарлагдсан аж ахуй нь тодорхой бэлчээрт, элдэв вакцинд хамруулахгүй, хяналттай байна. Ингэснээр жилийн дөрвөн улиралд мах нийлүүлэх боломж бүрдэж нийлүүлэлт тогтворжино. Тусгаарлагдсан аж ахуйг Баянхонгор, Архангай, Сүхбаатар, Ховд аймгуудад байгуулахаар техник, эдийн засгийн үндэслэлийг судалж байгаа юм байгаа аж. 
Эхний ээлжинд гол худалдан авагч тал болох БНХАУ-ын тавьсан шаардлагыг биелүүлж махны экспортыг үргэлжлүүлэх нь чухал болоод байна. Харин дараа нь импортлогчоос экспортлогч орон болох зорилтоо биелүүлж махны салбарт тулгамдаж буй олон асуудлыг цогцоор шийдэх шаардлага үүсээд байгааг салбарынхан онцоллоо. Энэ талаар салбарын экспертүүдийн үгийг хүргэе.

 

Р.Сансармаа /Монгол хүнс, махны холбооны гишүүн/ хүний нөөц, технологи, ААН-ийн чадавхийг хамтад хөгжүүлэх шаардлагатай

Махны экспорт гол төлөв малын гоц халварт өвчний улмаас зогсдог. Дэлхийн мал эмнэлгийн байгууллага улс орнуудын малын өвчлөлийн мэдээллийг нээлттэй байршуулдаг учраас манай оронд халдварт өвчин гарсан тохиолдолд импортлогч тал экспортоо шууд зогсоодог. Тэгэхээр махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд малын өвчлөлийг багасгах шаардлагатай. Үүнийг манай улс хожуу ойлгож 2017 онд л Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Хуулийн хэрэгжилтийн үр дүн, мал амьтны өвчлөл багасахад дор хаяж 5-7 жил хэрэгтэй. Харин энэ хугацаанд мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийн технологи, хүний нөөцийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ салбарт хүний нөөц байхгүй гэж хэлж болно. Тиймээс мал эмнэлгийн болон мал бэлтгэлийн мэргэжилтнийг бэлдэж. Экспорт ярьж байгаа бол хүний нөөц, технологи, ААН-ийн чадавхийг хамтад хөгжүүлэх шаардлагатай. 

 

Л.Болор /“Мах маркет” компанийн гүйцэтгэх захирал/Махны экспортыг эрчимжсэн мал аж ахуйтай холбож хөгжүүлэх хэрэгтэй

Махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд малчдаас үйлдвэр рүү шууд нийлүүлдэг, дундын зуучлалгүй, зөв менежменттэй болох хэрэгтэй. Ингэснээр малчид, үйлдвэрлэгчдэд төдийгүй улсын эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Энэ чиглэлийн бодлого, шийдвэр гаргахдаа эрдэмтдэд, ААН-үүдийн төлөөллийг оролцуулж байж бодит шийдвэр гарна. Өөр нэг гол асуудал нь ажиллах хүчний хомсдол. Орон нутагт ажиллах хүн олддоггүй. Мөн мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдэд их хэмжээний эргэлтийн хөрөнгө шаардлагатай байдаг учраас энэ салбарыг хөгжүүлэхийн тулд төрөөс эргэлтийн хөрөнгийн дэмжлэг олгох нь зүйтэй. Түүнчлэн мах бэлтгэл нь улирлын чанартай, 9-12 саруудад л явагддаг. Бусад үед үйлдвэрийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байдаг. Тэгэхээр мах нийлүүлэлт, бэлтгэлийг тогтмол болгож экспортыг нэмэгдүүлэхийн тулд эрчимжсэн мал аж ахуйтай холбож хөгжүүлэх шаардлагатай. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэж байж  махны экспорт нэмэгдэнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.16 ПҮРЭВ № 182 (6659)