Б.БЯМБАЖАРГАЛ

Монгол Улсын далбаатай хөлөг онгоц хар тамхи зөөвөрлөсөн зэрэг олон сөрөг мэдээлэл цацагддаг. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яамны Далайн захиргаанаас Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны маршрутын хяналтыг сайжруулж зайны буюу сансрын хяналтын программыг шинэчлэхээр болжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны  Далайн захиргааны дарга Б.Биндэръяа “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын далбаатай хөлөг онгоц зөрчил, гэмт хэрэгт холбогдсон тухай сөрөг мэдээлэл гардаг. Мэдээллийг олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Интерполоор дамжуулан Монгол Улсын цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээс авч байгаа. Олон удаагийн зөрчил, гэмт хэргийн үйлдэл гарах нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай.  Бид өөрийн далбаан дор далайн тээвэр хийж буй хөлөг онгоцонд тавих хяналтыг зохих ёсоор  хэрэгжүүлэх чадамжтай байх нь нэн тэргүүнд тавигдах асуудал болсон. Бүртгэл хийх үе шатанд тавих хяналтыг өөрчилж байна. Тухайлбал, бүртгэлийн “агент”-ыг сонгохдоо шалгуурын дагуу үнэлж, гэрээ байгуулах, үе шатны хяналт хийж гэрээг  дүгнэх журам тогтоож байгаа. Мөн хөлөг онгоцны маршрутын хяналтыг сайжруулж зайны буюу сансрын хяналтын программаа шинэчлэх, бүртгэгчийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах олон улсын сургалтад хамруулах ажлыг хийж байна. Нөхцөл байдлыг сайжруулах гарц нь ерөөсөө л бүртгэлийн шалгуурыг ягштал мөрдүүлэх юм. Мөн маршрутын хяналтыг бодитой болгох. Хуульд хэрэгжүүлэх үндэслэл нь байгаа” гэжээ.

Одоогийн байдлаар манай улсын далбаатай 200 гаруй хөлөг онгоц их далайд тээвэрлэлт хийдэг. Хэрэв далайд гарцгүй орнууд бүртгэсэн онгоцондоо хяналт тавьж чадахгүй бол  дэлхийн орнуудын эдийн засгийн болон бусад нийгэмлэгийн зүгээс хариуцлага хүлээлгэдэг практик байдаг аж. Энэ талаар “Камбожи улс Монгол Улсын нэгэн адил хөлөг онгоцны нээлттэй бүртгэл явуулж байсан. Гэсэн хэдий ч хөлөг онгоц бүртгэх эрхээ Өмнөд Солонгос улсад бүртгэлтэй “Камбожи улсын хөлөг онгоцны бүртгэл” гэсэн хувийн компанид 2003 онд зургаан сая ам.доллараар үнэлж эрхээ шилжүүлсэн. Үүний дараа хөлөг онгоцнууддаа далбааны эзэн улсын хяналтыг тавьж чадаагүй гэх үндэслэлээр  2015 онд бүртгэлийн үйл ажиллагааг нь зогсоосон. Шалтгаан нь Камбожи улсын далбаан дор бүртгэгдсэн онгоцнууд  хууль бус загас агнуурын үйл ажиллагааг далайд удаа дараа явуулсан зөрчил гаргасан. Тиймээс Европын холбоо 2014 онд Камбожи улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй байх тухай эдийн засгийн хориг арга хэмжээг авсан байдаг” гэж “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.13 ДАВАА № 179 (6656)