С.САРУУЛ
Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт /2021.09.05/ хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийхдээ гавъяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаж байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл тухайн үед Э.Цэндбаатарын зодуулж байгаа бичлэг цацагдаж олон нийт боксын холбооны удирдлагыг хүчтэй шүүмжилж, эсэргүүцэж байна. Тэгвэл Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган дөнгөж сая байр сууриа илэрхийллээ. Э.Цэндбаатар VS Э.Бадар-Ууган нарын байр суурийг хүргэе.
Э.Цэндбаатар:
-Тэр өдөр уг нь би зодуулсан юм. Гаднаас хоёр хүн орж ирээд намайг зодсон. Намайг зодсон хүмүүсийг боксчин биш гээд байгаа юм. Зодог тайлсан тамирчид байсан. Ж.Энхтөр багш өөрөө ч архи уудаг.
Би энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцмоор байна. Энэ бол миний хамгийн сүүлчийн дэлхийн аваргын тэмцээн. Би өөрийн жиндээ дэлхийн аварга болж чадна гэдэгт итгэлтэй байна. Би Азийн аварга болохын өмнө шигшээ багаас хасагдсан байсан. Олимпийн тэмцээнээс өмнө шигшээ багдаа байхгүй байсан.
Э.Бадар-Ууган:
За миний зүгээс байр сууриа илэрхийлнээ. Манайхан мэдээлэл муутайгаас буруу ойлголт аваад байх шиг байна.
Шигшээ багийн тамирчин олимпийн циклийн хугацаанд удаа дараа бэлтгэлийн дундуур архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпийн өмнө ч боксын холбооны хурлаар Цэндбаатар давтан ёсзүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпийн шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү.Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье. Э. Цэндбаатарыг би багаас нь мэднэ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтанд багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална.
Эх сурвалж: www.polit.mn