Б.БЯМБАЖАРГАЛ
Монгол Улсад биржийн бус зах зээлийг албан ёсоор нээх цан цохих ёслол боллоо. Биржийн бус зах зээлийг өндөр түвшинд хөгжүүлснээр үнэт цаасны хөрвөх чадвар сайжирч үнэт цаас гаргагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах боломжтой болох юм. Мөн хаалттай хүрээнд гаргасан үнэт цаасны хоёрдогч зах зээл бий болж мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг олон давуу талтай аж. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Монголын хөрөнгийн зах зээлд түүхэн шинэ хуудас нээгдэж хөрөнгийн зах зээл хос хөдөлгүүртэй боллоо. Санхүүжилт, хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа Монголын хөрөнгийн бирж болон үнэт цаасны хувийн биржээр дамжуулж хийгддэг байсан. Одоо биржийн бус зах зээл эхэлснээр санхүүжилтийг богино хугацаанд татах боломж бүрдэж байна. Ялангуяа Start-Up компаниуд хөрөнгийн биржийн шаардлагыг хангахгүй нөхцөлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас өрийн хэрэгсэл татах боломжтой. Сүүлийн 30-аад жил ажил хэрэг болоогүй байсан биржийн бус зах зээлээс санхүүжилт татах үйл ажиллагааны журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос анх удаа баталлаа” гэв.
Биржийн бус зах зээл гэж юу вэ?
Биржийн бус зах зээл гэдэг нь тодорхой шаардлага хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцож хөрөнгө оруулах талбар юм. Үнэт цаас гаргагчийн хувьд олон нийтэд бус тодорхой хөрөнгө оруулагчдад үнэт цаасаа санал болгоно. Ингэснээр богино хугацаанд үнэт цаасны бүртгэлийг хийлгэж, хялбар, бага өртгөөр хөрөнгө оруулалт татах боломжтой. Хөрөнгө татан төвлөрүүлэх аж ахуйн нэгж нь андеррайтерийн компаниар дамжуулан биржийн бус зах зээлд өөрийн компанийн хувьцаа, өрийн хэрэгсэл болон үнэт цаасыг худалдаж хөрөнгө босгох юм. Монголын хөрөнгийн бирж нь захиалгад суурилсан /Order Driven market/ байдаг. Харин биржийн бус зах зээл нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид хоорондоо урьдчилан үнэ тохиролцож арилжаа хийдгээрээ онцлогтой юм байна.
Манай улсад биржийн бус зах зээлийг хөгжүүлэх санаачлагыг анх Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос гаргаж 2018 онд Санхүүгийн зохицуулах хороотой “Хөрөнгийн зах зээл дэх биржийн бус зах зээлийг хөгжүүлэх гэрээ”-г байгуулжээ. Түүнчлэн 2019 онд Япон, Солонгос, Тайвань, АНУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг холбоодтой хамтран биржийн бус буюу ОТС /Over-the-Counter/ зах зээлийн суурь судалгааг хийсэн байна. Ийнхүү өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооноос “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталж, эрх зүйн орчин бүрдүүлсэн байна. Журмын дагуу МҮЦАЭХ биржийн бус зах зээлийг удирдан зохицуулна. Ингэснээр төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар дамжуулж хэрэгжүүлэх үйл ажиллагаа биеллээ олж байгааг холбогдох хүмүүс онцоллоо. Монгол Улсын хөрөнгийн зах зээлд өөрөө өөрийгөө зохицуулах хоёр байгууллага бий. Нэг нь Монголын хөрөнгийн бирж, нөгөө нь МҮЦАЭХ. Биржийн бус зах зээлийг олон улсад хөрөнгийн биржээрээ болон мэргэжлийн холбоодоороо дамжуулан зохицуулдаг аж.
www.otc.mn цахим хуудсаар зочилж арилжаанд оролцоно
Биржийн бус зах зээлийн арилжааны систем болох www.otc.mn хуудсаар дамжуулан арилжаанд оролцох боломжтой. Арилжаанд мэргэжлийн хөрөнгө оруулагчид оролцоно. Хөрөнгө оруулагчдад 500 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй, сарын 10 сая төгрөгийн орлоготой, жилээс дээш хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн туршлагатай байх шалгуурыг тавьж байгаа аж. Хөрөнгө оруулагчид биржийн бус зах зээлд оролцохдоо өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компаниар дамжуулан орно.
Энэ талаар “Апекс капитал”-ын гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор “Биржийн бус зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулагчдын дунд хөрөнгийн том урсгал бий болох боломж нээгдэж байна. ААН, хөрөнгө оруулагч гээд аль аль талдаа эрэлт бий. Учир нь Монголын хөрөнгийн зах зээл дээр зөвхөн хувьцаат компаниудын хувьцаа арилжаалагддаг байсан бол биржийн бус зах зээл бий болсноор хөрөнгө оруулагч, ААН-үүдийн хөрөнгийн урсгал бий болно. Мөн биржийн бус зах зээл нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдад хадгаламжтай харьцуулахад шууд үр өгөөжөө өгөх давуу талтай. Одоогийн байдлаар “Апекс капитал” нь биржийн бус зах зээлийн арилжааны эхний бүтээгдэхүүний нэгийг гаргаад явж байна” гэв.
Биржийн бус зах зээлийн арилжааны системийг “Анд системс” хөгжүүлжээ. “Анд системс” нь иргэдийн хэрэглээнд хэдийн нэвтэрсэн Lendmn, SuperUp зэрэг технологи дээр суурилсан санхүүгийн үйлчилгээний шийдлийг хөгжүүлсэн дэлхийд танигдсан монгол компани юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.9.8 ЛХАГВА № 176 (6653)