С.САРУУЛ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга цаг үеийн мэдээлэл өглөө.

-Нэгдүгээр ангийн сурагчид сургуульд бүрэн хамрагдсан уу. Танхимын сургалтын үеэр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцахаас нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн орж байна. Энэ жил сурагчид  5:9 гэсэн зарчмаар хичээллэж байгаа. Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийг гурав дахь жилдээ амжилттай явуулж, сурагчдын 52.6 хувь нь цахимаар бүртгүүлж, үлдсэн нь уламжлалт аргаараа бүртгүүллээ.

Танхимаар сурч байгаа хүүхдүүд халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд болоод ажилтнууд өвдсөн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх түр журам батлагдсан. Сургууль, цэцэрлэг болгонд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж байна. Тус багийнхныг холбогдох бүх сургалтад хамруулсан байна.

-Өнгөрсөн жилийн хичээлийн хоцрогдлыг хэзээнээс арилгаж эхлэх вэ?

-Сурагчид 2019-2020 оны хичээлийн жилийн тал хувьд, 2020-2021 онд нийт хугацааны 1/3-д  нь танхимаар, 2/3-д нь  зайнаас хичээллэсэн. Үүнээс үүдэн сурагчдын дунд хичээлийн хоцрогдол их гарч байгаа. Хэдийгээр зайны сургалтын ирц өндөр, сурагчид дунджаар дунджаар 91 хувийн ирцтэй  хичээлдээ оролцож байсан ч үр дүн тааруу гарсан. Тиймээс танхимын сургалтыг юугаар ч орлуулашгүй.  Энэ хичээлийн жилд танхимын сургалтыг чухалчилна. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулан гаргаж, нийт 22.556 багшийг сургалт хамрууллаа.

Эх сурвалж: www.polit.mn