Б.БЯМБАЖАРГАЛ
Нягтлан бодох бүртгэлийн салбарын үүсэл хөгжилд хувь нэмрээ оруулж, аудит, хөрөнгийн үнэлгээний суурийг тавьсан МУИС-ийн доктор, профессор, гавьяат багш Банздайн Сайнжаргалын амьдралын түүх, дурдатгалыг “Амьдралын тойрог” булангаараа хүргэж байна.
МУИС-аар 50 жил овоглож Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийг төвхнүүлсэн энэ хүний өссөн газар, угаасан ус нь Увс аймгийн Зүүнговь сумын Зэлийн гол. Монголын их элсний төгсгөл Бориг дэлийн элс, олон жижиг нуур бүхий говийн рашаан ус, баян бүрдээр хүрээлүүлсэн өвөрмөц тогтоцтой нутаг. Элсэн дундаасаа гол урссан, эрс тэс уур амьсгалтай Хангай нутгийн хойд зах “говийн” сум аж. Тэрээр 1950 онд Банздайн тав дахь хүү болж мэндэлжээ. Дээрээ нэг ах, гурван эгч, доороо гурван дүүтэй өнөр бүлд өссөн. Б.Сайнжаргал 1958 онд Зүүнговь сумын бага сургууль, 1962 онд төрсөн нутгийнхаа хаяа дэрлэн орших Баруунтуруун сумын арван жилд элсэн суралцаж 1968 онд дүүргэжээ.
“Борог амьдрал үзсэн болохоор амьдралд хөл алдахгүйг хичээсэн”
“Аав минь сум нэгдлийн зарлага, морин өртөөний улаач, шуудан зөөгчөөр 20 гаруй жил ажилласан, ижий минь найман хүүхэд төрүүлж өсгөн, хэдэн малынхаа сааль сүүг авч, орсон гарсныг цай идээгээр зочилсон эгэл даруу, хөдөлмөрч хүмүүс байлаа” хэмээн тэрээр яриагаа эхлэв.
“Шуудангаар төвийн хэвлэл долоо хоногт хоёр удаа ирнэ. Тэрийг бригадуудад хүргэж өгдөг аавынхаа ажилд зуны амралтаараа тусалдаг байлаа. Аав сумын зарлага, морин өртөөний улаачийн ажлыг хийдэг тул хүний хөл тасардаггүй, амьдрал бужигнасан айл байсан” гэв. Малчин ардын хүүхдүүдийн адилаар өөрийн болоод айлссан гэрүүдийн хонь, ямаа, тугалыг хариулж ах эгч нартайгаа аргал шаваг түүж ээждээ тусалж өссөн хүүхэд ахуй цагийн дурсамжуу хуучлалаа. Сургуульд орсон хойноо зуны амралтаараа ах эгч нартайгаа хамт тоосго цохиж ээж аавдаа туслан багаасаа хөдөлмөрийн үр шим, амтыг мэдрэн өсжээ.
Тэрээр Зүүнговь сумандаа бага сургуулиа дүүргэж үргэлжүүлэн Баруунтурууны сургуульд арван жилээ төгссөн юм. Энэ талаараа “Сургуулийнхаа дотуур байранд зургаан жил амьдарсан. Давхар ортой, нэг өрөөндөө наймуулаа байдаг байлаа. Баруунтуруун сангийн аж ахуйтай. Намар САА-н будаа зөөсөн том том ачааны тэрэг зуу зуугаараа явдаг бужигнасан газар байлаа. Амралтын өдрүүдээр ачааны машины тэвшин дээр суугаад гэр рүүгээ харьчихдаг байсан. Тэгээд хагассайн бүрт гэр рүүгээ явлаа гээд захирал багшид загнуулж байлаа. Дотуур байранд байхдаа өдрийн гурван хоол иддэг хэрнээ хачин их өлсөнө. Одоо бодоход их сонин” гэв.
Баруунтуруун сум тун сайхан нутаг ажээ. Өвөл тэдний үеийн хүүхдүүд гол дээр л өнждөг байж. “Цохиур болгох тахир мод, эсгий гутлаа нэг сайн бэлтгэж аваад өдрийн турш хоккей тоглоно. Спортын амжилт гэвээс есдүгээр ангидаа сурагчдын спартикатаар чөлөөт бөхийн төрлөөр аймагтаа түрүүлж байлаа. Өөр гаргасан амжилт байхгүй ч цан, тэшүүр болоод спортод эвлэгхэн, хоргүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан” хэмээв.
Их сургуульд орсон хойноо чөлөөт бөхийн дугуйланд хагас жил гаруй явжээ. Гэсэн ч спортоор төдийлөн амжилт гаргаж чадахгүй байсан тул хичээл номоо л үзье гэж бодоод дугуйлангаасаа гарч байснаа ярив. Багадаа спортын олон төрлөөр хичээллэж байсан Сайнаа багш 2019 онд төрөлх сургуулийнхаа багш нарын тэмцээнд ширээний теннисийн төрлөөр тусгай байр эзэлсэн нь спортод эвлэгхэн байсных нь илрэл болов уу. Энэ талаараа ч тэрээр “Багадаа хөдөлгөөнтэй, спортоор хичээллэдэг хүүхэд байсан болохоор одоо эрүүл чийрэг байдаг байх” гэж байлаа. Мөн тэрээр “Нягтлан бодогч гэхээр хүмүүс их нарийн, хямгач гэдэг юм. Нягтлан бодогч хүн чинь энгийнээр хэлбэл компани гэх айлын орлого, зарлагыг хөтлөж байгаа тул орлогоо хүргэх, зарлагаа гамнах тал дээр анхаарах нь зүй. Бидний багад нарийлаад байхаар ч их мөнгө, авах амттан ч бага байлаа. Гурван төгрөг 40 мөнгөний талхийг гурав, дөрвөөрөө гуялж авдаг байсан. Одоогийн мөөхий хамгийн гоё амттан. Сүүлд л алим, мандарин орж ирсэн байх. Хаврын амралтаар ахындаа очтол шуудай шуудайгаар нь өрөөд тавьчихсан дөрвөлжин боов байв. Ийм гоё амттай юмыг яагаад шуудайлаад тавьчихдаг байна гэж бодоод мэрээд идэж байтал өнөөх нь гурав дөрвөн жил агуулахад хадгалагдаад хатчихсан, малын тэжээл болгож өгөх гэж байсан юм билээ” гэж хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцав.
МУИС-тай амьдралаа холбосон нь

Сайнаа багш хамаатныхаа хоёр хөгшнийг дагаж нутгаасаа зургадугаар сард гарч сар гаруй хүлээснээр наймдугаар сард МУИС-д бүртгүүлэн шалтгалт өгчээ. Баруутурууны 10 жилийн сургуулиа онц төгссөн тэрээр шалгалтдаа тэнцэв. МУИС-ийн Эдийн засгийн факультет буюу одоогийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн ангид хуваарилагджээ. Түүний арван жилийн ангийн найз Л.Хөхөө Эдийн засгийн факультетийн Санхүүгийн ангид хуваарилагдсанаар багаасаа үерхсэн найзтайгаа хамт МУИС-д суралцах болсондоо баяртай байснаа дурсав. Орон нутгаас хотод оюутан болж ирсэн түүнд шинэхэн оюутны хөгжилтэй түүх олон. Тухайлбал, сургуулиас нь эрүүл мэндийн үзлэгт ороод ирээрэй гэхэд нь хот мэдэхгүй тул олон оюутан явж байгаа зүг рүү дагаж явсаар эмнэлгээ олж байжээ. Найман сард сургуульдаа тэнцэж ороод хотод таних айлгүй тул Борнуурын сангийн аж ахуйд хүнсний ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх ажилд хоёр сар ажиллажээ. Ингээд 1968 оны аравдугаар сард МУИС-ийн оюутан болов. Сайнаа багш тун хичээнгүй суралцдаг тэнхимийнхээ тэргүүний оюутан байжээ. Тэрээр “Дөрвөн жил ангийн дарга байлаа. Манай анги 30 гаруй оюутантай. 10-аад нь надтай үе тэнгийн, арван жилээ төгсөөд шууд суралцаж буй нөхөд. Үлдсэн нь нягтлан бодогчоор ажиллаж байсан, 4-10 насаар ах, ажил амьдралын туршлагатай “томчууд” хамт сурдаг байсан юм. Зарим нь мэргэжлээрээ ажиллаж байсан болохоор практик талдаа сайн. Харин бид ерөнхий эрдмийн хичээлдээ сайн. Харилцан суралцаж бие биедээ дэм болж явсан даа. Хааяа томчуулынхаа нэгнийд очиж сайхан хоол хийлгэж иддэг байлаа. Би өдөр цайгаа уучихаад орой болтол номын санд сууж хичээлээ давтдаг байсан. Гудамжаар тайван алхаж байгаа оюутнуудыг харахаар ямар их завтай юм бэ, ингээд алхах юмсан гэж боддог байлаа” хэмээн дурсамж хуваалцав.
Арван жилдээ математикдаа тийм ч гойд байгаагүй ч бүх хичээлдээ л жигдхэн сурлагатай хүүхдийн л тоонд багтдаг. Харин оюутан болж хичээлдээ мэрийх болсноор дөрвөн жил онц сурсан “цалинтай” оюутан байжээ. Тухайн үед онц сурвал 280 төгрөгийн цалин авна. Тэр үедээ бол 280-300 төгрөг гэдэг мундаг цалин байж. Сайнжаргал багш 300 төгрөгийн цалингаасаа 100 төгрөгийг нь сарын хүнсэндээ өгч, үлдсэнээр хувцсаа аваад өмсчихдөг, амралтаараа аав ээждээ бэлэгтэй очдог мундаг оюутан байжээ. Ингээд 1972 онд төгсөж үргэлжлүүлэн эрдмийн өргөөндөө багшаар үлдэж МУИС-иар овоглосон 50 жилийн түүхээ эхлүүлсэн аж.
“Тэнхимийн багш нар маань ажиллах санал тавьснаар анх их сургуульд багшилж эхэлсэн. МУИС-ийн захирал асан Батмөнх дарга шинэ багш нартай нэг бүрчлэн биечлэн уулзаж “Чи багш болж чадах уу” гэж асууж байлаа. Тухайн үедээ чадна гэж хэлж зүрхлээгүй юм. Хожмоо бодоход эдийн засгийн чиглэлээр ажил, амьдралын туршлагагүй шинэхэн төгсөгч багш болох амаргүй гэдгийг дотроо ойлгосон болохоор надаас тэгж асуусан юм билээ. Батмөнх багш надад нягтлан бодох бүртгэлийг практикаар сурдаг мэргэжил шүү гэж захиж байлаа. Тэгээд зун нь отрядиар явж ирээд намар ажилдаа ороход их сургуулийн 30 жилийн ой болсон юм. Тухайн үед мөр зэрэгцэн явсан багш нарын хамт авхуулсан МУИС-ийн 30 жилийн ойн дурсамжийн цомог бий. Тун чамин, гоё. Ингээд 1972-1985 он хүртэл багшилж байгаад 1984 оноос Эдийн засгийн факультетийн декан буюу одоогоор салбар сургуулийн орлогч захирлын үүргийг нэг жил хашсан. Үргэлжлүүлэн 1985-1990 он хүртэл салбарын захирлаар ажилласан” гэв. Тэрээр багшлах хугацаандаа 1980 онд эрдмийн зэрэг хамгаалжээ. Цаашлаад 1991-1993 онуудад Бизнес төвийн эрхлэгчийн албыг хашсан байна. МУИС-д багшлах хугацаандаа үргэлж өөрийн сурсан мэдсэнийг түгээж, өөрийгөө хөгжүүлж явсан нь түүний түүхээс ил. Тухайлбал, 1986-1987 онд Эрхүүгийн УААДС, 1990 онд Москвагийн их сургуульд, 1996 онд Манчестерийн их сургуульд мэргэжил дээшлүүлэн суралцжээ. Мөн 1997 онд Зөвлөлтийн мэргэжилтэн багш ирж гурван жил дагалдан суралцсан байна. Энэ хугацаанд Орос багшийн лекцийг оюутнуудад орчуулж өгч Орос багшдаа “шахуулсан” түүхээ хуваалцав. Тэрээр “Манай багш Сансарт байдаг байсан. Надад нэг жижиг ширээ гаргаад өгчихсөн. Өдөржин нухуулдаг байлаа. Долоо хоногийн 2-3 өдөрт багшийнх руу очно. Багш маань намайг шахаж, сайн суулгадаг байсанд баярладаг. Их ч юм сурсан” гэв.
Тэнхимээ төвхнүүлсэн түүний гавьяа

Түүнийг эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон гэж зүгээр ч нэг тодорхойлоогүй. Учир нь тэнхимийн эрхлэгч байх хугацаандаа багш нарын зааж байгаа хичээлийг үйлдвэрлэл практиктай холбон, шинэ зүйлстэй танилцуулах зорилгоор тэнхимийнхээ дэргэд Бүртгэл хяналтын “МУИС Аудит” компанийг 1993-2000 онд үүсгэн байгуулжээ. Одоо энэ компани нь “НИММ Аудит” компани болон өргөжсөн. Мөн нягтлан бодох бүртгэлийн тэнхимээ төвхнүүлсэн гавьяатай нэгэн. Тухайлбал, 1990 онд нийгэм шилжиж зах зээлийн зарчим өөрчлөгдсөн. Үүнийг дагаад эдийн засгийн мэргэжлийн хичээлийн агуулга, онол, арга зүй үндсэндээ цөмөөр өөрчлөгдөх шаардлагатай болсон байна. Тиймээс багш нараа шинээр бэлтгэн, гадаад дотоодод олон сургалтад суужээ. “1996 онд Азийн хөгжлийн банкны мэргэжлийн сургалт зөвлөгөө өгөхөөр ирсэн төлөөлөгчид мэргэжлийн шинэ хөтөлбөрөө бариад очлоо. Шинэ хөтөлбөрт коммунизмийн онол, улстөр, эдийн засгийн ухаан, философийн агуулга орсон байсан юм. Тэгсэн тэр төлөөлөгч “Чи яг ямар мэргэжилтэй хүн бэлтгэх гэж байгаа юм бэ” гэж асуулаа. Би ч манай мэргэжил нягтлан бодох бүртгэл гээд хариулсан. Тэгсэн Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нягтлангийн хичээл нь нийт хөтөлбөрийн маш бага хувийг эзэлж ерөнхий эрдмийн олон агуулгатай байна. Тэдгээр хичээлээ хас гээд явуулж байлаа. Ирээд их сургуулийн захиргаанд мэдэгдэж тэдгээр хичээлийг хасаж мэргэжлийн хичээлээ түлхүү оруулснаар сургалтын хөтөлбөрөө бүрэн шинэчилсэн юм” гэж тэрбээр дурсав. Ийнхүү нягтлан бодох бүртгэлийн одоогийн хөтөлбөрийн суурийг тавьсан хүн бол Банздайн Сайнжаргал юм. Мөн тэрээр Монгол Улсад нягтлан бодох бүртгэлийн стандартыг тогтоосон нэгэн. Тухайлбал, 2000-аад онд Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үндэсний стандартыг боловсруулсан. Стандартад нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэхэд шаардлагатай агуулга, долоо хоногт хичээллэх цаг зэрэг бүхий л зүйлсийг тогтоож өгсөн байна. Түүнчлэн 2000-аад онд олон арван хувийн сургуулиуд нягтлан бэлтгэж байсан тул МУИС-ийн ЭЗФ-ийн Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн хөтөлбөрийн магадлан итгэлжлэлийг 2006 онд хийлгэж байсан хүн. Мөн нягтлан бодох бүртгэлийн шаталсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж батлуулжээ. Түүний нягтлан бодох бүртгэлийн салбар төдийгүй нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлийг үүсгэн байгуулж хөрөнгийн үнэлгээ, аудитын салбарын үүсэл, хөгжилд оруулсан хувь нэмэр нь тун их гэж салбарынхан нь үнэлдэг билээ.
Ээжийн захиас

Сайнаа багшийн хань Очирбатын Нэргүй. МУИС-ийг Худалдааны нягтлан бодогчоор төгссөн. Сайнжаргал гуайн нөгөө ангийн даруухан охин. Тэд 1971 онд гэр бүл болон дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн өнөр өтгөн айл. Их сургуулиа төгсөхдөө ууган хүүгээ өлгийдөн авч байжээ. Түүний хань сургуулиа төгсөөд Нефть хангамжийн төв баазад ажиллах болсон байна. Ууган хүү нь нялх, эхнэр нь холоос ажилдаа явах хэцүү тул тэднийх Нефть баазруу нүүж, Сайнжаргал багш Нефть баазаас МУИС-руу ажилдаа явах болсон аж. Нефьт бааз одоогийн толгойт орчимд МУИС-аас нилээн хол. Тэрээр энэ талаар хуучлахдаа “Таван шарын дөрвөн байрнаас өөр барилгагүй, цаг шахам явж хүрдэг байлаа. Оройтчихвол унаа олдохгүй. Шөнө хоёр цагийн үед ажилчдын автобус явна. Гар өргөөд зогсохгүй бол алхахаас өөр сонголтгүй. Өвлийн жавар тачигнасан шөнө ч алхаад л гэртээ харьдаг байлаа. Толгойтод арваад жил амьдарсан” гэв.Сайнаа багшийн ууган хүү алт мөнгөний дархан мэргэжилтэй бол хоёр нь аавынхаа мэргэжлийг өвлөж бага нь маркетингийн мэргэжил эзэмшжээ. Тэдний дөрвөн хүүхэд бүгд гэр бүлтэй болж өнөр сайхан амьдарч байгаа юм.
“Ээж минь нэг их олон үг хэлээд байдаггүй ч надад “бодолтой л яваарай” гэж захьдаг байсан даа” гэж Сайнаа багш хэлсэн юм. Энэ үгний учрыг гаргаж туулсан он жилүүд нь түүний бодолтой явсныг нь илтгэнэ. Багш хэмээх алдрыг дуурсгаж тэрбээр 7000 гаруй шавь бэлтгэсэн байна. Мөн түүний туурвисан ном сурах бичиг, бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, хэлэлцүүлсэн илтгэл, хянан найруулж эмхэтгэсэн ном бүтээл, арга зүйн материал нь хэдийнэ 240-ийг давжээ. МУИС-иар 50 жил овоглож Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулга, технологийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, Монгол Улсын бүртгэл, аудитын шинэ тогтолцоог төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан түүний гавьяа зүтгэлийг төр үнэлж Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор “Гавьяат багш” хэмээх эрхэм шагналаар энгэрийг нь мялаасан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.9.6 ДАВАА № 174 (6651)