Б.ОД
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэрийн талаар мэдээллээ. Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 4938 хүн хамрагджээ.
"Өршөөл үзүүлэх тухай” хууль 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.
ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг "Нэмэгдэл ялын шинжтэй оногдуулсан 150 хүнийг эрх хасах нэмэгдэл ялаас, 43 хүнийг ял оногдуулахгүй өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн. Өршөөн хэлтрүүлсэн хэргийг гэмт хэргийн зүйлчлэлээр задалбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1436 буюу 74 хувийг эзэлж байгаа бол үүн дотроо хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 58.6 хувийг дангаараа эзэлж байна. Суллагдсан ялтнаас эмэгтэй 16, эрэгтэй 137, насанд хүрээгүй 13 хүн байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн 90, хоёр удаа гэмт хэрэг үйлдсэн 58, гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн 16 ялтан байна” гэж ярилаа.
Хэрэгсэхгүй болгосон нийт хэргийн 58 хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,12.6 хувийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг тус тус эзэлжээ.
Эх сурвалж:www.polit.mn