Д.ДАРАМБАЗАР
Монголчууд кирилл үсгийг 1946 оноос хэвшүүлэн хэрэглэж ирсэн ч бидний түүх 1000 гаруй жил үндэсний бичиг дээр тулгуурлан хадгалагддаг. Иймээс үндэсний бичгийг залуу хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчилан таниулах нь бидний үүрэг юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу айл өрх, төрийн байгууллага болон ТББ байгууллага, ААН гээд бүгд хамтран жил бүрийн есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэхээр тогтсон. Энэ өдөрт зориулан Соёлын яамнаас "Хос бичигтэн" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "Үндэснийхээ бичгийг нийгмийн хэрэглээнд өргөн дэлгэр нэвтрүүлж, монгол хэлтэн бүр үндэснийхээ бичиг үсгийг гаргуун эзэмших учиртай тул Соёлын яам манлайлан бүх нийтийн соёлын боловсролын хүрээнд “Хос бичигтэн” урт хугацааны жишиг хөтөлбөрийг эхлүүлж байна. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ өдрийг иргэд, айл өрх, ААН, бүх шатны байгууллага эх хэлний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон. 2025 он гэхэд төрийн байгууллагууд хос бичгээр албан бичгээ хөтлөн явуулахаар болоод байгаа. Ойрын зорилт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Монголчууд бид эрт үеэс монгол бичгээр төрийн үйл хэрэг, шинжлэх ухааны бүтээлүүдээ туурвиж ирсэн. Иймээс монгол бичгээ сурч эзэмшиж түгээн дэлгэрүүлэх ажлыг манай яамнаас түүчээлэн эхлүүлж байна. Үндэсний бичиг үсэг бол Монгол Улсын хувьд хүн төрөлхтний түүхэнд оруулсан том хувь нэмэр юм. Энэ бичиг үсгээ дэлхийд авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх нь бидний амин чухал хариуцлага билээ. Бидний хувьд нийтээрээ хос бичигтэй, ирээдүйд аль ч бичгээрээ саадгүй уншдаг, бичдэг залуу үетэй байхын төлөө ажиллаж байгаа. Энэ нь Соёлын яамны чухал үүргийн нэг хэмээн үзэж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Соёлын яамнаас “Хос бичигтэн яам” болох санаачилгыг төрийн байгууллагуудаас түүчээлэн гаргаж байгаа. Энэ онд Соёлын яамны нийт ажилтан, албан хаагчийг бүрэн хэмжээнд монгол бичгийг ашиглах боломжтой болгоно. Ингээд бид яамандаа судалгаа хийхэд 78 хувь нь ямар нэгэн байдлаар монгол бичгийн сургалтад хамрах шаардлагатай байгааг харууллаа. Иймд сургалт явуулах хэрэгтэй. Ингээд 2022 оноос аль болох Соёлын яамнаас гарах албан бичгийг монгол бичиг болон кириллээр гаргахаар ажиллаж байна. Түүнчлэн соёлын өвийн гэмт хэрэгтэй урьдчилсан тэмцэх, сэргийлэх цагдаагийн нэгж байгуулах санаачилга гаргасан. Үүнийг Хууль Зүйн яамтай хамтран дараа жилийн буюу төвсөлт оруулан явуулах болно. Мөн энэ нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан” гэж ярилаа.
Хэл бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл монгол бичгийг албан хаагчдад заах тал дээр ярихдаа “Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагч хоёр сарын дотор чөлөөтэй уншиж бичиж сурна. Хоёрдугаарт, цахим орчинд энэ бичгийг хөгжүүлж болно. Иймд цахим орчинд монгол бичгийг шивэхэд техникийн орчинг сайжруулах тал дээр олон улсын консерацвийн байгууллагуудтай хамтарч энэ ажлыг эхлүүлбэл хурдтай хөгжих боломжтой. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 21 аймаг, 330 сумынхаа салбар зөвлөлөөр дамжуулан 2016 оноос хойш үндэсний бичиг, цахим болон бийрээр бичих сургалтыг хамтран зохион байгуулсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн 2003, 2010, 2018 оны зарлигийн биелэлт, Үндэсний бичгийн 1995, 2008 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой. Мөн үүнээс өмнө ч төр, засгаас үндэсний бичгийнхээ талаар зохих бодлого хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой. Цаашид үндэсний бичгээ хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахад төлөвлөсөн ажлуудыг шуурхайлан гүйцэтгэх, төрийн албыг хос бичигтэн болгоход БШУЯ-наас баталсан төлөвлөгөөний дагуу нягт ажиллана” гэв.
Соёлын сайд Ч.Номин ярихдаа “Чингис хааны музейн барилгыг энэ сард ашиглалтад оруулна.” Музейн үйл ажиллагааг ирэх оны дундуур нээхээр төлөвлөж байна. Соёлын сайдын хувьд бүх нийтийн соёлын боловсрол, үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн бодлогыг багтаасан. Соёл гэдэг ямар нэг байдлаар хэрэглээнд орж байж урт удаан хугацаанд оршино. Иймд соёлыг бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулна гэж байсан юм.
Эх сурвалж www.polit.mn