Б.ОД
Токио-2020 паралимпийн хөнгөн атлетикийн тэмцээнүүд өнөөдөр (2021.09.01) үргэлжилнэ. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Д.Саруултөгс өрсөлдөх байсан ч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тэмцээнийг өнжиж байна. Паралимп наадамд анх удаа оролцож байгаа Д.Саруултөгсийн нурууны бэртэл сэдэрсний улмаас багийн удирдлагууд болон багийн эмч, дасгалжуулагч, тамирчид зөвлөлдөн ийн шийдвэр гаргалаа. Түүний дараагийн тэмцээн есдүгээр сарын 4-нд болно.
Д.Саруултөгс нь зуны паралимпийн наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд 2018 оны Азийн пара наадам, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан юм.
Тэрбээр 2019 оны зургаадугаар сарын 17-нд Польш улсад болсон гранпри тэмцээнд бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр 6 метр 04 см, Дубай хотноо 2019 онд арваннэгдүгээр сарын 4-нд болсон ДАШТ-ий зээрэнцэг шидэлтийн төрөлд 21 м 47 см шидэж Ази тивийн дээд амжилт тогтоосон юм. Өнөөдрийн байдлаар манай улс нэг алт авсан үзүүлэлтээр 512-т жагсжээ.
16 дахь удаагийн паралимпийн наадамд
- Хятад-62 алт, 38 мөнгө, 32 хүрэл нийт 132 медаль
- Их Британи-29 алт, 23 мөнгө, 28 хүрэл нийт 80 медаль
- Орос-25 алт, 16 мөнгө, 33 хүрэл нийт 74 медаль
- АНУ-24 алт, 24 мөнгө, 15 хүрэл нийт 63 медаль хүртээд байна.
Эх сурвалж:www.polit.mn