Б.УРАН
“Wall Street Journal” сэтгүүлд Монголын эдийн засагтай холбоотой дараах нийтлэл хэвлэгджээ.
Өнгөрсөн 22 жилд Олон улсын валютын сангаас таван удаа тусламж авсан Монгол Улс анх удаагаа олон улсад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босголоо. Энэ үйл явдал нь Монголын эдийн засгийг нэгээс тавдугаар зэрэгт шууд хүргэсэнтэй адил, өөрөөр хэлбэл, АНУ 2.5 их наяд ам.долларын зээл авсантай чанарын хувьд тэнцэх юм. Монголын холбогдох албаны хүмүүсийн хэлснээр 500 сая ам.долларыг нь таван жилийн хугацаатай 4.125 хувийн хүүтэйгээр арилжаалсан. Харин нэг тэрбум ам.долларыг нь 10 жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэйгээр худалдаалсан юм. Олон улсын хөрөнгө оруулагчид болон бонд худалдан авагчид өндөр хүүтэйгээр худалдаж авах сонирхолтой байсан нь дамжиггүй. Учир нь тэд Монголын ирээдүйд санаа зовж байсан юм. Орос, Хятад гэсэн хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай энэ улсад үндсэрхэг үзэл багагүй бий. Түүнээс гадна инфляцийн хэмжээ өндөр, энэ жил үнэт цаасны арилжаа нь 30 хувиар буурсан гээд санаа зовоох зүйл олон байсан. Дээрээс нь Засгийн газар нь бизнесийнхэнд хаягласан хатуухан шийдвэр гаргачихсан. Ердөө хэдхэн жилийн өмнө Монгол гэдэг улсыг олон улсад Чингис хаанаар нь л мэддэг байлаа. Банкны системээ сайжруулахын тулд ОУВС-гаас тусламж хүссэнээс хоёрхон жилийн дараа буюу 2011 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 17 хувиар өсч, 8.6 тэрбум ам.долларт хүрсэн юм. “Монгол бол хоёр, гуравхан жилийн өмнөөс олон улсын халуун цэг болон хувирсан юм” гэж Хонгконг дахь үнэт цаасны менежер Лаурент Эттэд хэлсэн байдаг. 2012 онд улс орнуудын Засгийн газрууд нийтдээ 85 тэрбум ам.долларын бонд олон улсад арилжаалжээ. Монголоос гадна Замби, Болив зэрэг улсууд анх удаагаа Засгийн газрын бондоо арилжсан. Монголчууд бондоор босгосон мөнгөө автозам, дэд бүтэц, уул уурхайн хөрөнгө оруулалтад зарцуулна гэж байна. Хөрөнгө оруулагчид Монголын гаргасан бондыг авах асар их сонирхолтой байна. Тус улсын хөгжлийн банк өнгөрсөн гуравдугаар сард 580 сая ам.долларын бонд гаргасан нь амжилттай болсон түүхтэй. Монголын Засгийн газрын гаргасан бондын хүү олон улсад харьцангуй бага гэсэн үнэлгээтэй байна. Италийн 10 жилийн хугацаатай бонд 4.75 хувь, Замбийн 10 жилийн хугацаатай бонд өнгөрсөн есдүгээр сард 5.625 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан.
Монгол Улс байгалийн баялгаар арвин. Зэс, уран, нүүрс зэрэг ашигт малтмалын асар их нөөцтэй. Тус улсын хамгийн том зэсийн уурхай ирэх жил бүтээгдэхүүнээ олборлож эхэлнэ. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Оюутолгой нь Чилийн дараа орох дэлхийн хоёр дахь том зэсийн орд байх магадлалтай гэдэг. Гэхдээ энэ улсын хувьд урьдчилан тооцоолоогүй гэнэтийн явдлууд олон болж байна. Энэ жил тус улсын эдийн засаг 12.7 хувь болж буурав. Төсвийн алдагдал нь ДНБ-ийхээ долоон хувийг эзэлж 650 сая ам.долларт хүрчихээд байна. Дэлхийн банкны судалгаагаар өнгөрсөн оны эхний найман сард Засгийн газрын зарлага нь 42 хувиар өссөн аж. Энэ алдагдлаа нөхөхийн тулд Төвбанкнаасаа 145 сая ам.долларыг зээлсэн. Инфляцийн хэмжээ нь 15 хувьд хүрчээ. Тус улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтад таагүй хандлага үзүүлж байгаа. Энэ онд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь гурван тэрбум ам.долларт хүрсэн нь , тус улсын албаныхны хэлж байгаагаар өнгөрсөн жилийнхээс доошилсон үзүүлэлт аж.