Б.ДОЛЖИНЖАВ

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 44 цэг ажиллана. Эдгээр цэгт 65 багийн 336 эмч, ажилтан ажиллаж, 6,220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.  Өнөөдрөөс эхлэн зорилтот бүлгийн иргэдэд COVID-19 эсрэг вакцины III тунг хийхээр болсон.

Зорилтот бүлэгт 55-аас дээш насны,боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана.Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.

Гурав дахь тунг хийлгэх иргэд COVID-19 эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдаад гурван сар болсон байх шаардлагатай юм. Шалгуурт нийцсэн иргэд “Pfizer”-ийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “Cor V” вакцинаас сонгон дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74 хувь, II тунгийн хамралт 69.1 хувь байна.

Эх сурвалж:www.polit.mn