Т.САЙХАН
Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2021-2023 онд даргалах эрх олгох ёслол Казахстан Улсын нийслэл Нурсултанд болжээ. Эрх олгох шийдвэрийг баталгаажуулж, нийгэмлэгийг даргалагчийн тугийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ийнхүү албан ёсоор шилжүүлэн өглөө. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хэлсэн үгэндээ, “Энэ бол Нийгэмлэгийн гишүүдийн өмнө хүлээж буй маш өндөр хариуцлага юм. Үндсэн хуулийн цэцийн 30 жилийн ой ирэх 2022 онд тохиож байгаа бөгөөд Нийгэмлэгийг даргалах хугацаатай давхцаж байгаа нь бидний хувьд онцгой ач холбогдолтой болж байна. Цаашид нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээг улам тэлж, илүү олон гишүүнтэй болгохын сацуу олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Үндсэн хуулиа хамгалах эрхэм чиг үүргээ биелүүлэхийн төлөө хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ.
Тус Нийгэмлэгт Ази тивийн 20 улсын Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагууд гишүүнээр элсээд байгаа билээ.
Эх сурвалж:www.polit.mn