Энэ бол бид. Бид яаж яваад авилга хэмээх сүйрэлд өртөв. Энэ сүйрлээс хурдан хугацаанд хэрхэн ангижирч, “бараг бурхад” буюу баялаг бүтээгчдийнхээ нурууг тэнийлгэн, ард иргэдээ жаргаасан хөгжингүй улс болох тухай жишээ нийтлэл юм.
Түүх ингэж эхлэв. Монголчууд ганц намтай байсан цаг дор төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв намынхаа Их хурал дээр “Харандаа зоосон ч ургах улсад мод гаргаад байхдаа яадаг юм бэ. Байгаль хамгаалах яамтай болъё” гэж уриалжээ. Тэр улс нь Румын юм л даа. Бид Румынаас сайн чанарын мебель авч оронд нь бэлэн мод нийлүүлэн экспорт, импортынхоо тэнцлийг ойртуулж байсан хэрэг. Ийнхүү 1992 оны долдугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын “Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар Ой модны, аж үйлдвэрийн яам, Уул уурхайн яамыг татан буулгаж суурин дээр нь Байгаль орчныг хамгаалах яам байгуулагдав. Татан буугдсан Уул уурхайн яамны сайд сайдаар нь, ОМАҮЯ-ны сайд орлогч сайдаар томилогдон шинэ яамны хуучин сайдууд болов. Үүнийг өвөг дээдэс маань “мордохын хазгай” гэдэг. Энэ ч бас юу ч биш. Шив шинэхэн яамны хув хуучин сайд У.Мавлет УИХ-д сонгогдон шинэ Үндсэн хууль батлалцахдаа 6.1-ийн ард яг энэ заалтынхаа эсрэг утгатай 6.2 гэсэн байгалийн баялаг иргэдийн биш төрийн өмч гэсэн заалтыг санаачлан, нэгдлийн дарга гишүүдээр дэмжүүлээд батлуулчих нь тэр. Удалгүй монголын байгалийг олон мянган жилийн туршид орон нутгийн иргэд л зохистой ашиглах замаар хамгаалж ирсэн болохоос яам, сайд хоёр хамгаалж чадахгүй гэдэг нь ойлгомжтой болсон тул яамныхаа нэрнээс“хамгаалах” гэсэн үгийг хасч, Засгийн газрын 1996 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар тогтоолоор Байгаль орчны яам болов. Ингээд буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээхэд бэлэн болох нь тэр. Маш товчоор мэргэжлийнхэн “Байгаль хамгаалахаас бусдыг хийдэг яам” гэж хочлон нэрлэдэг төрийн байгууллага шинээр бий боллоо. Хожим нь Л.Гансүх сайд байгалийн хуулиудад эрс шинэчлэл хийж, УИХ-аар батлуулан олон улсын гэрээний “зохистой ашиглах” гэсэн зарчмыг уг хуулиудад суулган нөхөгддөг баялаг гэгддэг байгалийн ургамал, ан амьтнаа нөхөрлөлөөр дамжуулан орон нутгийн иргэдэд эзэмшүүлэхийг хуульчилж “Байгаль хамгаалахаас бусдыг хийдэг яам” гэсэн хочноос нь энэ яамыг салгасан билээ.
Мөн Д.Цогтбаатар сайд дахиад ганцхан жил суудалдаа байсан бол байгалийн яам олон улсын гэрээгээ ёсчлон биелүүлж, монгол газар нутаг цөлжилтөөс, иргэд нь ядуурлаас гарах байв. Монголчууд бидний амны хишиг дутсан хэрэг. Ямар ч байсан энэ хоёр хүнээс хойш байгалийн яаманд заавал мэргэжлийн хүн биш мэдлэг, чадвар хамгийн гол нь сэтгэлтэй хүн сайд байх хэрэгтэй юм байна гэдгийг мэргэжлийнхэн бид бүрэн ойлгосон юм даг. Энэ хоёр сайдаас хойш “Байгаль хамгаалахаас бусдыг хийдэг яам” маань авилгажиж шат ахиж “Байгаль орчныг сүйтгэх яам” болсон түүхтэй.
Байгалийн хуулиудад орсон “зохистой ашиглах” гэдэг нь угтаа манай улсын элсэн орсон ОУ-ын гэрээ “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц/CITES/”-ийн “Байгаль хамгаалах гэж зохистой ашиглахыг хэлнэ. Зохистой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ” гэсэн зарчим юм. Зохистой ашиглах гэж яг юу хэлээд байгааг нэгэн зүйл ургамал, амьтан хоёр дээр жишээлж үзье.
Улаан буудай тарьсан талбай тодорхой хугацааны дараа шим тэжээлгүй болдог. Гэхдээ таримал ургамал л байгалийн үйл явцыг хурдасгаад байгаа болохоос бус энэ нь байгальд байнга л явагдаж байдаг үйл явц билээ. Чухамхүү ингэж шим тэжээлгүй болсон хөрсийг буцааж шим тэжээлтэй болгох үүргийг байгальд шүхэртэн гэх ургамлууд гүйцэтгэнэ. Ингэж буцан үржил шимтэй болсон хөрсөнд шүхэртэн өөрөө ургаж чадахгүй учир дахин буудай тарьж арвин эко-ургац авах боломжтой болдог. Манайд 800 зүйл эмийн ургамал ургадаг. Ихэнх шүхэртэнгүүд энэ ангилалд багтана. Иймээс шүхэртэн ургамлуудын нөөцийг олон улсын жишигт нийцсэн аргаар үнэн зөв тогтоож нөхөн сэргэх боломжтой хэмжээгээр ашиглан олсон мөнгөө зорилтот сан байгуулан иргэдэд ил тод хуримтлуулах ёстой. Энэхүү зорилтот сангийн мөнгөөр атаршсан газруудад шүхэртэн ургамлаа тарих ёстой. Ингэж гэмээ нь эмийн үйлдвэр байгуулах стандартад тохирсон нөөцтэй болно. Нөөцтэй газарт гадны хөрөнгө оруулагчид орж ирнэ. Ингээд сум, багт эко эмийн үйлдвэрүүд байгуулагдаж эцсийн бүтээгдэхүүнээ экспортлон валютын арвин нөөцтэй болох боломж бүрдэнэ. Харин зорилтот сангийн мөнгө сум, багийн иргэдийн нэр дээр тэгш, шударгаар хувиарлагдан банкинд хадгалагдаж, хэрхэн өсч буй нь хэнд ч ойлгогдохоор ил тод байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эмийн үйлдвэрийн тодорхой хэмжээний хувьцааг сум, багийн иргэд давуу эрхээр өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргахгүйгээр тэгш, шударга эзэмшинэ гэсэн үг. Ингээд орон нутгийн иргэд унтаад босоход л хадгаламж нь өсч байх нөхцөл бүрдэнэ. Орон нутаг ажилгүйдлээс салж, олон улсын хөгжингүй гэсэн ангилалд багтана. Үүнийг л байгалийн ургамлыг зохистой ашиглах /sustainable use/ гээд байгаа билээ.
Гэтэл манай БОАЖЯ яадаг гээч. Мануул мийг орон нутагт мягуй, бөмбөөхэй, ногоолин, “хөх аргал” гэх мэтээр янз бүрээр нэрлэдэг. Манай шүхэртэн ургамлын гол төлөөлөл болох үхэр гоньд/Saposhnikovia divaricata Turz. Schischk./-ыг ч нутаг болгонд хонин шүүр, шүхэргэнэ, хонин шүхэргэнэ, зэгнэ хэмээн янз бүрээр нэрлэдгийн нэг нь дэрэвгэр жиргэрүү юм. Хаа сайгүй ургадаг, хүн болгон мэддэг, давсалж савалсан ногоон дотор хүртэл “давхиж явдаг” гоньдыг мэдэхгүй нэрээр нь нэрлэж яамны шинэ сайд урд байсан сайдынхаа тушаалыг хүчингүй болгон энэ ургамалд зөвшөөрөл олгон, буух болохоороо буцаан хорьдог гажиг жишиг уг яаманд заншил болсон. Нөөцийг нь олон улсын жишигт нийцсэн аргаар үнэн зөв тогтоож нөхөн сэргэх боломжтой хэмжээгээр ашиглах байтал хар таамгаар хориглох эсвэл зөвшөөрөх нь олон улсын гэрээгээ ноцтой зөрчиж буй үйлдэл.
Үүнийг уншиж буй хэн ч байсан интернэтийн https://www.Cites.org – Implementation - Export quotas – The CITES export quotas гэсний “New 2021”-ийг дарж 15 дахь хуудсыг гаргаж United Republic of Tanzania-500 & Zambia-300 & Zimbabwe-400 толгой Panthera pardus гэх ирвэс нэг жилд агнуулах квоттой байгааг харна уу. Эдгээр ирвэсний латин нэрний арын хүснэгтэнд “App. I” гэсэн тэмдэглэгээ байгаа. Энэ нь Appendices буюу нэгдүгээр хавсралтын амьтан гэсэн үг. Нэгдүгээр хавсралтын эрвээхэй байсан ч ирвэс байсан ч бүр ургамал байсан ч нэг л журмаар квот авна. Одоо та Legalinfo.mn-рүү орж Олон улсын гэрээ гэснийг дарж дараа нь “З” үсгийг олж даран 43 дугаарт байгаа Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын гуравдугаар зүйл - нэгдүгээр хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетийг худалдаалах ажлыг зохицуулах гэснийг уншаад үз. Уг нь манай БОАЖЯ авилгалд авталгүй өөрийн улсын хууль, олон улсын гэрээгээ биелүүлдэг байсансан бол манай 10 аймгийн 107 сумын малчид нэг ирвэснээс 35 000$ олж үүнийхээ 60 хувийг бэлнээр авч, 15 хувийг сум хөгжүүлэх санд, таван хувийг аймаг хөгжүүлэх санд төвлөрүүлж 10 хувиар нь худаг яаж гаргах, бэлчээрээ хэрхэн зөв ашиглах, цөлжилтөөс хурдан хугацаанд яаж ангижрах, сайн чанарын малын үржүүлгийг хэрхэн явуулах, малын тоо толгойг хэрхэн зохицуулах, өвс, тэжээл хэрхэн бэлдэх, ан амьтан, ашигт ургамлыг хэрхэн зохистой ашиглан өсгөх талаар нарийн мэргэжлийн мэргэшсэн мэргэжилтэнгүүдээр хичээл заалган, ирвэсний хууль бус ан зогсож, тоо толгой нь өсөх байв. Гэтэл өнөөдөр манай БОАЖЯ-ны “ач, тус”-аар эдгээр малчид юу яасан валютын орлого олж ирвэсээ өсгөх, хувийнх нь малыг дахин дахин ирж бариад байгаа ирвэсийг агналаа гэж 50 сая төгрөгний нөхөн төлбөр, торгууль төлж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шоронд сууж байна. БОАЖЯ-ны хийж байгаа зүйлийг харахаар мэргэжлийнхэнд ингээд хэлэх ч үг олддоггүй юм аа.
Олон улсын гэрээгээр нэгдүгээр хавсралтын амьтнаар бизнес хийхийг хориглодог. Гэхдээ валют төлж байгаа гадаадын анчин нэгдүгээр хавсралтын ирвэсийг агнаж чихмэл хийдэг учраас бизнес биш хувийн цуглуулганд хамаарах болж зөвшөөрөл дээр нь trophy-ангийн олзвор гэсэн “Т үсэг тавигддаг. Мөнгө авч байгаа тал нь жил болгон олон улсын жишигт нийцсэн аргаар ирвэсээ тоолж дүнгээ Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын Нарийн бичгийн газарт явуулж ирвэснээс олсон мөнгөөр бизнес хийсэн биш ирвэсэнд өөрт нь зориулж байгаль хамгаалах ажил хийсэн гэдгээ баталдаг учиртай. Харин цэвэр шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал, Биологийн шинжлэх ухаанд “биохог” гэсэн ойлголт бий. Монгол анчид юуны түрүүнд үр төлгүй, сувай амьтдыг агнадаг байсан нь сүргийн нөхөн үржилд хамгийн том аюул учруулах “биохог”-ийг устгадаг байсан гэсэн үг. Мөн нэгэнт үржилд орж үр төлөө үлдээсэн аль ч эр амьтан генийн хувьд “биохог” болдог. Хөгшин том амьтан(биохог)-ыг гадаадын анчдаар агнуулах нь залуу амьтад саадгүй үржилд орж, сүрэг эрүүл чийрэг бодгалиудаар сэлбэгдэн сүргийн тоо толгой олшрох нэг гол нөхцөл болдог. Иймээс хэд хэдэн удаа үр төлөө үлдээсэн нэгдүгээр хавсралтад бүртгэгдсэн аль ч нэн ховор амьтныг байгалийн өмнөөс цэвэрлэж валют олох боломжийг олон улсад шинжлэх ухаанд тулгуурлаж хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл хөгшин арслан, ирвэс, заан гэх мэт нэн ховор амьтдыг гадаадын анчдаар агнуулж, олсон валютаа байгаль хамгаалах ажилд зарцуулж байгаа нь манай хуульд бичээстэй байдаг ч огт хэрэгжихгүй байгаа нөгөө зохистой ашиглалт гэдгийн бодит жишээ юм. Монголд жилд 200 ирвэс хууль бусаар агнагддаг гэдэг. Энэ нь 10 аймгийн 107 сумын иргэд олон улсын гэрээгээр олох ёстой байсан долоон сая ам.доллараа жил болгон салхинд хийсгэдэг гэсэн үг. Хамгийн харамсалтай нь хууль бусаар агнагдсан ирвэснүүд бараг бүгд сүргээ нөхөн төлжүүлэх ёстой 2-3 насны залуу бодгалиуд байдаг. Энэ нь том ирвэснүүддээ шахагдсан багачууд нь өлсөн малд халдаж агнагддаг гэсэн үг. 1700 байсан ирвэс 1000 орчим болоод байгаа нь ч үүнтэй холбоотой. Бид энэхүү олон улсын гэрээний квот авах, зөвшөөрөл олгох журмыг монгол хэлэнд орчуулж яамныхаа сайт дээр тавьж, дагаж мөрдөөч гэж хичнээн гуйв. Бас л таг чиг. Үр дүнд нь бид өнөөдөр нөгөө муу хэлээд байдаг африкийн улсуудаас байгаль хамгаалах асуудлаар тээр хойно хоцорчихоод сууж байна.
Бид С.Оюун сайдад хандаж “Цоохор ирвэс, суусар булга, саарал чонын тоо толгой, агнуурын нөөцийг гарган ШУА-ийн Биологийн хүрээлэнгээр баталгаажуулж албан бичиг авлаа.Олон улсын гэрээгээ биелүүлж эдгээр амьтдад квот авах нэн шаардлагатай байна. Тэгэхгүй бол цөлжилтөөс үүдэлтэй идэш тэжээлийн хомсдолоос болж саарал чонын биеийн эсэргүүцэл суларч галзуу өвчин гарах болчихоод байна. Галзуу чононд орон нутгийн иргэдийн амь нас өртвөл хэн хариуцах вэ?! гэсэн албан бичиг “Монголын биосфер, экологи нийгэмлэг”-ийн нэр дээр өгсөн. Гэтэл бүх амьтдыг хариуцах ёстой ч шонхор, угалзаас бусдыг анхаардаггүй Ё.Онон дарга сурсан зангаараа “Квот авна. Удахгүй авах гэж байгаа” гэж худал ярьсаар чоно галзуурч орон нутагт хэдэн хүний амь нас үрэгдэж, хичнээн хүн эрэмдэг зэрэмдэг болсон билээ. Чононд бариулж амь насаа алдсан хүний ар гэрийнхэн, зэрэмдэг бологсод буруутныг шүүхэд өгч, нөхөн төлбөр авах ёстой юм шүү. Улс ч гэсэн саарал чоноо төлүүлэхэд буруудах юм байхгүй. Ингээд яам маань алуурчин, бүр фашистуудаас ч дор харгис гэмээр байгууллага болчих нь тэр. Учир нь фашистууд өвөг дээдсээс нь өвлүүлж өгсөн унаган байгалиа эд нар шиг ингэж сүйрүүлэн цөлмөөгүй билээ. Байгалийн яам байгуулагдсанаас хойш монголчууд бид түүхэндээ байгаагүй цөөн ан амьтан, байгалийн ургамал, цэвэр усны нөөцтэй болов.
Монголын газар нутгийн 76.8 хувь цөлжсөн, үүнээс 15 хувь нь дахин сэргэх боломжгүй болсон гэдгийг БОАЖЯ бахархалтайгаар зарлаад хэдэн жил боллоо. Амьдрахуйн маш нарийн зохилдлогоор холбогддог, бие биенгүйгээр оршин тогтнох үндэсгүй, хөрсөн дээр байгаа амьтай болгоныг нийтэд нь мэргэжлийн хэлээр макрофауна гэнэ. Харин хөрсөн дор байдаг бидний нүдэнд харагддаггүй яг ийм зохилдлого бүхий амьд байгалийг микрофауна гэнэ. Иргэд микрофауныг хөрсний үржил шимт хэсэг гэх нь бий. Олон тэрбум жилийн байгалийн түүхэн хөгжлийн дүнд бий болсон микрофауна маш эмзэг. Ялангуяа манай говийн микрофауна. Хэрэв микрофауна үгүй болбол макрофауна ч байхгүй болно. Гэтэл яам микрофауныг огт тоодоггүй. Тоодоггүй болохоор үнэлдэггүй. Хэрэв үнэлдэг байсан бол алтны компаниуд байгаль, гол усыг минь өнөөдрийнх шиг ингэж хорлож чадахгүй байсан. Чухамхүү микрофауныг тас орхигдуулснаас болж говийн эмзэг хөрсний мөхөл буюу монголоор түйрэн гэгддэг шар шороон шуурганы асуудал монголоос халин гарч олон улсын “шүдний өвчин” болчихоод байхад яам нь ч, сайд нь ч тэр чих нь дүлий, нүд нь балай байсаар.
Монгол Улсад 1980-аад онд 40 мянга орчим аргал хонь, 140 мянга орчим халиун буга тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13 мянга орчим аргаль хонь, 10 мянга орчим халиун буга тоологдож тоо толгой нь хэдэн арав дахин буурав. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой энэ яам авилгажсанаас болж сүүлийн 10 орчим жилд 70-90 хувь огцом буурч, бэлчээрийн цөлжилтөөс шууд шалтгаалж, биеийн эсэргүүцэл нь суларснаас зөвхөн манайд л байдаг Монгол бөхөнгийн 55 хувь нь 2016 онд халдварт мялзан өвчинд нэрвэгдэн сүйрэв. Мөн бэлчээрийн талхалагдснаас болж бас л биеийн эсэргүүцэл нь суларснаас махан идэшт амьтдын дунд галзуу өвчин сүүлийн жилүүдэд байнга гарч байна. Ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж тооцогддог агнуурын ач холбогдолтой тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч эрс цөөрсөн.
Тухайлбал, энэ яам байгуулагдахаас өмнө жилд нэг сая ширхэг тарваганы арьс экспортод гаргадаг байсан монголчууд өнөөдөр нэг ширхэг арьс ч гаргаж чадахгүй болчихоод сууж байна. Мөн тарваган тахлын давтамж ч бэлчээрийн доройтолтой шууд холбоотой гэдэг нь экологийн наад захын ойлголттой хэнд ч мэдээжийн зүйл. Дэлхий нийтийн хамгийн үнэт, чухал баялаг болчихоод байгаа монголчууд “чандмань эрдэнэ” гэж чухалчлан нэрлэж ирсэн цэвэр усны нөөц гэхэд л 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарав.
Энэ яам хууль зөрчин авилгажнаас үүдэж сая, саяар тоологдох гадны жуулчид авах дэд бүтэц бий болох ёстой байсан дэлхийн анхны, ууган Дархан газар Богдхан уул юу болчихоод байгаа билээ. Ийм байхад өөрсдийгөө Аялал, жуулчлалын яам гээд байгааг өөрсдөөс нь бусад хүн ойлгоход үнэхээр хэцүү. Энэ яамныхан зөвхөн агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор найман жилд буюу 2008-2016 оны хооронд татвар төлөгч бидний 557.2 тэрбум төгрөгийг салхинд хийсгэн нийслэлийн агаарын бохирдлыг яаж нэмснийг санахад энэ мөнгөнөөс хувь хүртээгүй хэн ч байсан дотор нь муухайрна. Харин байгаль хамгаалах нэрээр гадаадаас хэдий хэмжээний валют авч бидэнд очих байсан дам өгөөжийг яаж мэргэжлийн гэмээр үгүй хийснийг энд бичихгүй. Хэрэв бичвэл судасны даралтгүй байсан уншигчид шууд даралттай болж даралттай нэг нь цус харвана. Ганц жишээ дурдахад, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 2018 оны есдүгээр сарын 3-нд Арабын Нэгдсэн Эмират улсын буцалтгүй тусламж болгон өгсөн 999 990 ам.долларыг юунд зарцуулах тухай А/322 тоот тушаал гаргажээ. Гэхдээ мөнгө зарцуулах хавсралтыг яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар бус өөрөө дороос суга татан дэвшүүлсэн нэг нутгийн хүн болох П.Цогтсайхан гэх Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар хууль зөрчин байж батлуулсан байх юм. Бас хэн ч байсан хачирхмаар зүйл нь 2018 оны есдүгээр сарын 5-нд эрх шилжүүлэх тухай өөрөө гаргасан А/324 тоот тушаалаар бүх мөнгөө үрчихсэн атлаа 35 хоногийн дараа буюу аравдугаар сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар зарцуулчихсан мөнгийг захиран зарцуулах эрхээ авсан байх аж. Ийм бэлэн баримт байхад АТГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй цагдаа нар ёстой холхи газраас гялалзан харагдах одод дээр л тухалж байдаг байх гэж санагддагийг нуух юун. Н.Цэрэнбат сайд иргэдэд экологийн боловсрол олгоход зориулан 345 сая төгрөг зарцуулжээ. Экологийн анхан шатны боловсролгүй хүмүүс иргэдэд хэдэн зуун саяар нь экологийн боловсрол олгоод байхаар чухам юу болдог нь өнөөдөр харин ч нэг тодорхой байгаа билээ.
Экологийн боловсрол гэснээс монгол анчид “Чонын амиа авч гарах муу санаа хүнийхээс илүү гарна уу гэхээс дутахгүй” гэдэг нь чоно ухаантай гэсэн үг. Харин амьтад ухаантай ч төсөөлж бас сэтгэдэггүй. Манай БОАЖЯ-ыхан авилгад идэгдээд төсөөлж бас сэтгэх чадвараа бүр мөсөн алдчихсан. Худлаа гэвэл бид “ Хотжилт суурьшмал иргэншил мөн эсэх? Экологи буюу байгаль орчин гэж яг юу гэсэн үг болох ? Монгол Улсын байгаль орчны бодлого гэж яг юуг хэлэх вэ? ” гэсэн гурван асуултын зөв хариуг хэдхэн өгүүлбэрээр бичээд дугтуйнд хийгээд наагаад өгье. Саяхан Засгийн газрын дэргэд байгуулагдсан дөрвөн хорооны аль нэг нь яамны Хүрэээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын бүх түшмэдээс энэ гурван асуултын хариуг бичгээр аваг. Тэгээд бидний өгсөн хариутай тулгаг. БОАЖЯ-ны ганц ч түшмэл зөв хариу бичиж чадахгүй. Энэ бол баталгаатай зүйл. Ер нь математик гэдэг үгийг огт ойлгодоггүй хүнээр хүүхдэд тооны хичээл заалгаад байж болдог юм уу?! Ерөнхий сайд аа!
Үүнийг уншиж байгаа хэн ч байсан интернэтийн https://www.Cites.org – Implementation - Export quotas – The CITES export quotas гэсний “New 2021”-ийг дарж 11 дэх хуудсыг гаргаад үз. Mongolia гэсний ард бөхөнгийн латин нэрний дараа “All. Wild specimens traded for commercial purposes”” буюу шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй зөвхөн ашиг олох /авилга авах/ зорилгоор зөвшөөрөл олгодог гэсэн тусгай тэмдэглэгээ дурайж байгаа.Энэ бол 184 гишүүн улсдаа манай улсын талаар маш том анхааруулга өгч байгаа явдал. Өөрийн улсыг олон улсад “стан” улсуудтай яг адил түвшинд аваачин шившиглэж, харын өмнөх саарал жагсаалтад оруулдаг чинь яаж байгаа юм бэ? Бид чинь эдгээр улстай харьцуулашгүй Ардчилсан Монгол Улс шүү дээ. Арай хэтэрч байгаа юм биш үү.
Та нар. Энэ бол БОАЖЯ, цоохор ирвэс судлаач хоёрын хоорондын асуудал огт биш. Цаашид монголчууд авилгатай байх уу. Үгүй юу. Үр хойчоо гэрэл гэгээтэй байлгаж чадах уу. Үгүй юу? гэдгийг шийдэх Үндэсний аюулгүй байдлын маш чухал асуудал. Иймээс уг асуудлыг харъяаллын дагуу Тагнуулын Ерөнхий газар шалгах цаг нь болсон гэсэн үг. Харин яагаад бөхөнгийн нэр байгаа юм гэхээр манай улсын элсэн орсон энэхүү НҮБ-ын “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц” гэх Олон улсын гэрээний гол зорилго нь зохистой ашиглах замаар ховордсон амьтан, ургамлын нөөцийг нэмэгдүүлж нэгдүгээр хавсралтын зүйлүүдийг хоёрдугаар хавсралтад, хоёрдугаар хавсралтын зүйлүүдийг гуравдугаар хавсралтад оруулах явдал. Гэтэл манай БОАЖЯ-ны төлөөлөл энэхүү конвенцийн сүүлийн хоёр Их чуулганы эхнийхэд хоёрдугаар хавсралтын амьтад болох Хонин тоодог (Otis tarda Linnaeus) -ыг, сүүлийнхэд нь Монгол бөхөн (Saiga tatarica mongolica)-г нэгдүгээр хавсралтад оруулах санал яамны түшмэл П.Цогтсайхан өөрөө албан ёсоор тавиулж төлөөлөгчдийг нь “мэл гайхуулж, цэл хөхрүүлсэн” юм аа. Иймд цаадуул чинь албан ёсны сайт дээрээ бөхөнгөөр дамжуулж монголчууд биднийг даапаалж бас анхааруулга өгч байгаа хэрэг.
БОАЖЯ бол бас шинжлэх ухаанаас зугтдаг яам. Далхлагдсан бэлчээрийг буцаан хэвийн болгох үүргийг байгальд үлийн цагаан оготно гүйцэтгэдэг юм аа. Соёл иргэншил чинь 10-хан мянган жилийн настай, 4.2 тэрбум жилийн настай байгалийн экосистемд хэрэггүй амьтан, ургамал гэж огт байдаггүй юм. Үлийн цагаан оготно гэх хөрс, бэлчээрт ингэж ийм чухал үүрэг гүйцэтгэдэг үнэт амьтныг татвар төлөгчдийн мөнгөөр устгаж байгальд битгий гай болооч ээ. Энэ мөнгөөрөө мод идээд байгаа хүр эрвээхэй, царцааны нүүдэл байгальд ямар ашигтайг судлан тогтоож иргэдийнхээ экологийн мэдлэгийг тэлээч гэж энэ яамнаас мөн ч их гуйсан даа. Үлийн цагаан оготны тухай бидний хийсэн судалгааг ХБНГУ-ын судлаачидтай давтан хийж бидний зөв гэдгийг баталсан МУИС-ийн эрдэмтэд, ШУА-ийн Ерөнхийлөгчийн албан бичгийг өгөөд ч таг чиг. Хүр эрвээхэй, царцааны нүүдлийн судалгаа ч өнөөдрийг хүртэл таг.
Монгол Улс уг конвенцын үйл ажиллагааныхаа товч тайланг жил бүр, дэлгэрэнгүй тайланг хоёр жилд нэг удаа цахимаар өгөх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл БОАЖЯ тайлангаа огт өгөхгүй байж байгаад гэнэт нэг талаас нь англи, нөгөө талаас нь монгол хэлээр унших, судлаачдын алаг цоог тайлангийн цуглуулга болох бүхэл бүтэн өнгөт сэтгүүл хэвлүүлж CITES-ийн Нарийн бичгийн газарт явуулсан. Ичиж үхэх шахсан бид хэд яаманд очиж “Яаж байгаа юм бэ? Та нар. Сэтгүүл гэдэг чинь цаас.Цаас гэдэг чинь ургамал. Энэ чинь ургамлыг зохисгүй ашиглаж гэрээгээ ноцтой зөрчиж байгаа явдал. Тэгээд ч доторх нь өгөх ёстой тайлан огт биш байна. Тайланг цахимаар хэдийд яаж өгөх тухай тодорхой журам байдаг” гэдгийг хэллээ. Ингээд яам мэргэжлийн ТББ-ын төлөөлөл болох биднийг CITES-ийн Үндэсний Удирдан Зохицуулах зөвлөл болон Шинжлэх ухааны зөвлөлд оруулж монголчууд анх удаагаа хоёр жил тайлангаа ном ёсоор нь CITES-ийн нарийн бичгийн газарт явуулсан. Гэтэл Н.Цэрэнбат сайд болонгуут биднийг сольж, Д.Оюунхорол сайдын явуулчихсан байсан /П.Цогтсайхан, Ё.Онон/-ийг буцаан Үндэсний зохицуулах зөвлөл/ҮУЗЗ/ болон Шинжлэх ухааны зөвлөл/ШУЗ/-д оруулсан. Бид ч яахав. Харин тайлангаа яаж гаргаж өгдгийг сурчихсан байсан яамныхаа ганц мэргэжилтэнг халаад явуулсныг л огт ойлгоогүй өнгөрсөн. Конвенцын ҮУЗЗ нь ард иргэд, байгууллагуудаас гарсан саналыг ШУЗ-өөр дүгнүүлж нарийн бичгийн газраар хянуулан Ургамал, амьтны хороодоор шийдвэрлүүлж энэ хороодоос гарсан шийдвэрийг ард иргэддээ цаг алдалгүй мэдэгдэж саналыг нь буцаан явуулдаг байнгын мэдээлэл дунд байдаг холбоочин цэргийн үүрэг гүйцэтгэдэг зөвлөл юм. Гэтэл манайхан конвенцын ҮУЗЗ-ийг байгууллагын ТУЗ-тай андуураад баахан дарга нар оруулж юу ч биш болгоод хаячихдаг. Уг нь дарга нар бус, холбогдох оюуны өмч бүхий нийгэмд үйлчлэх үүрэгтэй мэргэжлийн холбоодын төлөөлөл болон дарга, сайдыг байнга үнэн зөв мэдээллээр хангах зөвлөхүүд л байх ёстой зөвлөл байгаа юм.
Бид хуулиа биелүүлж дэлхийн зах зээлд мал, таримал ургамлаас 10-800 дахин үнэтэй байгаа ан амьтан, байгалийн ургамлыг орон нутгийн иргэдэд эзэмшүүлээч гэж яамнаас гуйж цөхрөөд эцэст нь УИХ-ын БОХХАА-н Байнгын хороогоор хэлэлцүүлэн зөвлөмж гаргуулав. Гэтэл зөвлөмжийг яам заавал дагах албагүй, тогтоол байсан бол өөр хэрэг гэдэг юм байна. Ингээд Д.Оюунхорол сайдын шууд дэмжлэгтэйгээр тогтоол гаргуулж , олон ч аймаг, сумдаас байгалийн нөхөгддөг баялгаа иргэд эзэмшихийг дэмжсэн албан бичиг авч яаманд өгөв. Асуух болгонд “Тэр асуудал явж байгаа. Шийдэгдэх гэж байгаа” гэж сурсан зангаараа худал ярьсаар байгаад л Н.Цэрэнбат сайдтай золгуулж бүр таг чиг болгосон доо.
Нөхөгдөг баялгаа зохистой ашиглах нь байгаль болон иргэдэд ашигтай. Харин хуулиа зөрчин тас харамлаж зохисгүй ашиглах нь яамны сайд, түшмэд авилга аван баяжихад ашигтай. Тас харамлан хулгайн ан, ургамлын хууль бус олзворлолтыг гааруулж байгаль сүйдэн, экологийн цагдаагийнхан аргаа барах нь эд нарт ёстой падлий ч байхгүй. Учир нь олон улсын квот авчихвал хэн ямар үнэ өгч байгаа нь ил болчихно. Ингэснээс олон улсын зах зээлд 200 000$ хүрдэг идлэг шонхорын 12-хон мянгыг нь, 150 000$ хүрдэг Алтайн угалзнаас 20-хон мянгыг нь улсад тушааж үлдэснийх нь нэлээд хэсгийг халааслах нь эдгээр авилгачдад ашигтай. Иймээс л олон улсын квот авч бүх зүйлийг иргэддээ ил болгоё.Орон нутгийнхан орж буй нийт орлогын 85-90 хувийг авч байж амьтан, ургамал жинхэнэ ёсоор хамгаалагдаж арвижан цөлжилтөөс ангижрана гэхээр БОАЖЯ биднийг дайсан мэт үздэг. Эд нар бас төр, засгийнхан бидэнтэй ойртож зөв ойлголттой болчих бий гэхээс үнхэлцгээ хагартал айдаг. Яамныхан “Сайд, дарга нар конвенцын тухай “а” ч үгүй юм чинь эд нарт юу гэж худлаа ярьсан яахав” гэж бодож, ярьж явдгийн цаад шалтгаан нь ердөө л авилга. Ямар сайндаа л өнөөдөр сайд, хэлтсийн дарга, аргалийн нэр барьсан ТББ төр, түмний нүдэн дээр угалз агнах эрх булаалдаж суух вэ. Зүгээр л Галзуугийн эмнэлэг. Эдэнд авилга л чухал болохоос Үндсэн хуулийн өөрчлөлт, олон улсын гэрээ ёстой “түй” ч хамаагүй гэдгээ бидэнд батлан харуулж буй царай нь энэ. Ерөөс Засгийн газрын тогтоолоор ан агнах, амьтан гаргах эрх олгож байгаа нь өөрөө Үндсэн хууль болон олон улсын гэрээгээ ноцтой зөрчиж, авилгыг ил тод өөгшүүлж буй явдал.
WWF буюу “Дэлхийн байгаль хамгаалах сан” гэсэн сайхан нэртэй муухай үйлдэлтэй, улс дамжин байгалийн нэрээр мөнгө угаадаг ТББ-тай БОАЖЯ-ыг яаж сүлбэлдэж, НҮБ-ын олон улсын гэрээгээ зөрчиж байгалиа хэрхэн сүйтгэдэг тухай гээд цааш нь бичвэл дуусахгүй юм байна. Маш товчоор өөрийн улсаа жилд хэдэн тэрбум ам.долларын алдагдалд оруулж хэдхэн хүн жилд хэдэн арван сая ам.долларын орлого олж байхын тулд өнөөдрийг хүртэл эх орондоо нефть боловсруулах үйлдвэр бариулаагүй зохион байгуулалттай бүлэглэлтэй БОАЖЯ гэх хууль бус сүлжээ их төстэй. Ингээд больё. Гол зүйлдээ оръё.
Дэлхий дээр хөдлөх, үл хөдлөх гэсэн хоёрхон төрлийн хөрөнгө бий. Сонгодог утгаараа энэ хоёр хөрөнгийг хоёуланг нь эзэмшиж тогтмол орлого олж буй иргэдийг баталгаат дундаж давхарга гэнэ. Урлагийн бүтээл, ховор зоос, марк, орон сууц, түрээсийн байр, газар гэх мэт үл хөдлөх хөрөнгийн дээд нь унаган байгаль юм. Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу энэхүү үл хөдлөх хөрөнгийн дээд нь манай иргэдэд бэлэн байна. Харин төгрөг, валют, бонд, хувьцаа гэх мэт хөдлөх хөрөнгийн дээд нь оюуны өмч юм. Учир нь эргэлтэд ороогүй байгаа унаган байгаль, оюуны өмч хоёрыг мөнгөөр илэрхийлж болдоггүй. Иймд бид унаган байгаль гэгддэг байгалийн нөхөгддөг баялгаа олон улсын жишгээр зохистой ашиглан аривжуулахад нэн шаардлагатай бүх сэдвээр оюуны өмчийн гэрчилгээнүүд авч, инновац болгон амьдралд нэвтрүүлэхэд бэлэн болгосон.
Богино хугацаанд баталгаат дундаж давхарга бүхий хөгжингүй улс болох бидний төсөл БНХАУ өнгөрсөн 40 жилд 800 орчим сая иргэн, сүүлийн найман жилд улсаасаа 1.6 их наяд орчим юань/246 тэрбум ам.доллар/ зарцуулж 100 сая иргэнээ ажилтай орлоготой болгож ядуурлыг арилгасан арга, барилтай ерөнхийдөө нэлээд төстэй. Гэхдээ мөн чанар нь тэс өөр юм. Хамгийн том ялгаа нь энэ бүх ажилд улс, аймаг, сумын төсвөөс нэг ч төгрөг гаргах шаардлагагүй явдал. Мөн бид урд хөрш шиг хөдөөний иргэдийг хотруу бус, хотын иргэдийг өөрсдийнх нь сайн дураар орон нутагт шилжүүлж, валютын тогтмол орлоготой болгон хамгийн орчин үеийн байр, байшинд ажиллуулж, амьдруулна.
Баталгаат дундаж давхарга бий болгох энэхүү төсөл эхэлснээр хотоос хөдөөг зорих иргэдийн шинэ нүүдэл эхлэн орон нутаг валютын тогтмол орлоготой эзэдтэй болно. Орон нутагт XXI зууны орчин үеийн суурингууд шинээр баригдана. Байгалийн нөхөгддөг баялаг болох ан амьтан, ашигт ургамлын нөөц маш хурдан хугацаанд өсөн нэмэгдэж бэлчээр цөлжилтөөс ангижран, доройтлоос гарч эко аялал жуулчлалын бат тогтвортой бааз бий болно. Эзэдтэй болсон орон нутагт нөхөгддөг баялагтаа тулгуурласан, экспортын чиглэл бүхий олон арван үйлдвэр байгуулагдан өндөр цалин, орлоготой олон мянган ажлын байр шинээр бий болно. Хамгийн гол нь орон нутгийн иргэд төдийгүй хүүхэд болгон эдгээр үйлдвэрээс давуу эрхийн хувьцаа эзэмшдэг болж хөдөө, орон нутаг улсын төсвөөс татаас авдаг явдал зогсож, манай улсын эдийн засаг жинхэнэ ёсоор “солонгорно. Эхлээд бид нар орон нутгийн иргэдээ дараа нь хотын иргэдээ ядуурлаас гаргаж баталгаат дундаж давхаргад оруулна. Тэгээд хүчингийн болон албан тушаалын гэмт хэрэгт оролцсоноос бусад хэргээр шоронд орсон иргэдээ валютын тогтмол орлоготой болгож хөдөлмөрийн үр шим, эх байгалийн өгөөж, оюуны өмчийн ач тусыг ойлгуулж жинхэнэ хувь хүн буюу иргэн болгож гаргана. Гадаадад гарсан иргэд буцаж ирнэ. Ингэснээр Төв Азийн улсууд хариуцсан “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц/CITES/” болон Оюун өмчийн конвенцын НҮБ-ын салбар манай улсад байгуулагдах боломж бүрдэнэ. НҮБ-ын энэ хоёр салбар байгуулагдсанаар манай улс маш богино хугацаанд хөгжингүй улсуудын тэргүүн эгнээнд очих боломжоор хангагдана. Ийм учраас л бидний энэ ажил эхлээд УИХ-аас баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт, дараа нь Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгай заалтууд болж орсон юм аа. Эдгээр заалтын биелэлтийг бид биш баг, хорооны иргэд өөрсдөө гарган өгч байж энэ ажил дүгнэгдэх онцлогтой юм. Төгсгөлд нь УИХ-ын бүх гишүүддээ иргэдийнхээ өмнөөс маш том баяр хүргэж, чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Чухамхүү та бүхний баталж өгсөн хуулиудын ачаар дээрх мөрийн хөтөлбөрийн заалтууд бүрэн хэрэгжих боломжтой болж байгаа билээ . Учир нь та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялаг бол төрийн-нийтийн өмч мөн гэсэн өөрчлөлт оруулснаар байгальтай холбоотой бүх хуулийн 2.2 дахь заалт амь орсон. Ингэснээр манай улсын ан амьтан, байгалийн ашигт ургамлын “яс амарч” монголчууд олон улсын өмнө хүлээсэн НҮБ-ын гэрээнүүдээ биелүүлэх боломжтой боллоо. Мөн мэргэжлийн бидний дунд “Бага үндсэн хууль” гэгдэж буй ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх МУЗЗНДНТУТ хуулиар бидний УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны зөвлөмж бүр тогтоол гаргуулаад БОАЖЯ-ыг хөдөлгөж чадахгүй байсан орон нутгийн иргэд байгалийн нөхөгддөг баялгаа эзэмшин нөхөрлөл байгуулах асуудлыг энэ яам биш багийн иргэд санаачилж сум шийддэг болсон. Бас аймгууд бие даасан шийдвэр гаргаж байгалийн нөхөгддөг баялагтай тулгуурлан эдийн засгаа чадавхижуулах бүрэн эрхтэй болсон. Бүр энэ шийдвэрийг нь БОАЖЯ эсэргүүцвэл Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулиар “Төрийн өмч болон тусгай хамгаалалт”-ын асуудлыг өөрөө хариуцдаг болсон Ерөнхий сайддаа шууд хандан асуудлаа шийдүүлэх хуулийн эрх нээгдсэн. Мөн Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулиар олон улсын гэрээний асуудлыг БОАЖ-ын сайд бус Гадаад хэргийн сайд хариуцдаг, хянадаг болсон. Хамгийн гол нь дагаж гарах бусад хуулиуд энэ хуульд нийцэх ёстой гэсэн маш чухал заалт орсон. Иймээс УИХ-ын эрхэм гишүүдээсээ гуйх нэг зүйл байна. Энэ бол та бүхэн УИХ дээрээ салбар бүрийг хамарсан “НҮБ-ын Олон улсын гэрээнүүдийн биелэлтийг хангах түр хороо”-нууд байгуулж өгөөч гэсэн хүсэлт юм. Учир нь манайд өнөөдөр байгаль хамгаалах асуудлыг ярьдаг олон мянган хүн байна. Амьтан, ургамал, экологийн хэдэн зуугаар тоологдох мэргэжилтэн, докторууд байна. Харин олон улсын гэрээгээ биелүүлэхэд шаардлагатай байгаа оюуны өмчийн гэрчилгээнүүд авах хэрэгцээ тулахаар ярьдаг нь биш, чадвартай нь шалгарч 10 гаруйхан хүн бүх хэрэгтэй гэрчилгээг авчихдаг юм байна. Иймээс салбар бүрийн оюуны өмчийн гэрчилгээтэй, чадвартай хүмүүстээ тулгуурлаж яам, агентлагийн түшмэдүүдийг олон улсын гэрээгээ ёсчлон биелүүлэхийг шаардая. Чадахгүйг нь явуулъя. Ингэж байж л бид энэ дунд, доод шатны авилгачдаас салж улс эх орноо хөгжүүлж чадна. Тэгээд ч олон улсын авилгын төсөөллийн индекс гэдэг чинь эцсийн эцэст НҮБ-ын конвенцуудын хэрэгжилтийн үнэлгээ шүү дээ.
Авилгын хойноос хөөж тэмцэх нь их хөрөнгө, цаг хугацаа зарцуулахаас гадна хөөж олсон, илрүүлсэн хүмүүсээ авилгад өртүүлчих гээд байдаг том сөрөг талтай. Иймээс авилгачидтай хөөцөлдөх биш авилгын тогтолцоог нь алга болгох нь хамгийн зөв арга. Бид байгаль орчны салбарт байгаа авилга, үүнийг богино хугацаанд хэрхэн, яаж арилгах вэ гэдгийг л баримттайгаар тайлбарлаад байгаа болохоос биш, БОАЖЯ-ны эрхтэн, дархтангуудыг шоронд хатааж, шонд дүүжлээд өгөөч гэж огт гуйгаагүй билээ. Тэгээд ч авилгачдыг шоронд хийгээд дуусахгүй нь тодорхой. Ерөөс НҮБ-аас манай улстай хийсэн Олон улсын гэрээнүүд болох эдгээр конвенцууд нь ардчилсан улсууд авилгаас яавал салж хөгжингүй улс болсон бэлэн жор буюу авилгагүй тогтолцоог гишүүн улсууддаа бий болгох гэсэн бид мөрдөх үүрэгтэй журамнууд шүү дээ. Харин энэ конвенцуудыг тухайн салбарын оюуны өмчийн эзэд болох эрдэмтэд л төр, засгийн дэмжлэгтэйгээр маш хурдан хугацаанд биелүүлж бүр сайжруулан шат ахиулснаар манай улсын авилгын төсөөллийн индекс ганц жилийн дотор 100 орчим байраар урагшилна. Учир нь НҮБ-ын конвенцуудын тоо олон ч гол хэдхэн конвенцийг барьж аваад биелүүлчихвэл бусад нь автоматаар биелэгдэх нягууртай юм.
Энэ хэдхэн конвенцыг биелүүлж дээр нь Засгийн газрын цахим бодлогыг нэмчихвэл монголчууд шууд авилгагүй улсын тэргүүн эгнээнд орж “бараг бурхад” буюу баялаг бүтээгчдийн маань нуруу сая нэг юм тэнийнэ. Иймээс Ерөнхий сайддаа авилгыг арилгахад нь бодитоор туслан ард иргэд, хойч үедээ буян болъё. Харин Ерөнхий сайд аа, Та бүрэн эрхийнхээ хүрээнд БОАЖЯ-нд цэнгэг ус, микрофауны асуудлыг хариуцуулсан шиг хариуцуулж, цэнгэг ус, хөрсний мөхөл буюу түйрэн гэгддэг шар шороон шуурганы асуудлыг шинжлэх ухаанчаар шийдүүлж өгөөч. Учир нь цэнгэг ус алт, очир алмаз, нефтнээс ч үнэтэй байгалийн нөхөгддөггүй баялаг болж цаашид үнэ нь улам л өсөхөөр байна. Ялангуяа монголын цэнгэг ус. Өвөг дээдэс маань цэнгэг усыг дэмий ч нэг “чандмань эрдэнэ” гэж нэрлээгүй аж. Бас 4.2 тэрбум жилийн настай бидний юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ макрофаун төдийгүй хамгийн гол нь микрофауны спор гэх үр, төл шар шуурганаар хийсэж алга болоод дуусах аюул тулгараад байна.
Юу үнэн энд бичсэн болгон үнэн буюу зүгээр л бид бүхний дагаж, мөрдөх ёстой шинжлэх ухаан бас хууль, журам юм шүү.
Шинжлэн ухааны болон байгаль орчин, соёлын тэргүүний ажилтан Г.АМАРСАНАА