Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Монголбанкны ерѳнхийлѳгч Б.Лхагвасүрэнгээс сүүлийн үед олон нийтийн анхаарлын тѳвд байгаа криптовалют, койнуудын талаар тодрууллаа.

 

-Криптовалют болон олон тѳрлийн койн нийгмийн цахим сүлжээнд их яригдах боллоо. Энэ талаар Монголбанк ямар байр суурьтай байна вэ?

-Монголбанк үүн дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Kриптовалют, койнууд нь мѳнгѳ биш, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл бишээс гадна иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй. Эдгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоонд хуулиар зөвшөөрөгдсөн хэрэгсэл биш. Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсон цахим мөнгөнд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Иймд маш болгоомжтой хандахыг зохицуулагч байгууллагуудын зүгээс удаа дараа анхааруулж буй.

-Тѳлбѳрийн хэрэгсэл гэхээсээ мѳнгѳѳ ѳсгѳх, хѳрѳнгѳ оруулалтын зорилгоор сонирхох хүн цѳѳнгүй байна шүү дээ. Эрсдэл нь юу вэ?

-Нэгт, криптовалют, койнууд нь ямар нэг бодит үнэ цэнгүй тул найдвартай хѳрѳнгѳ оруулалт биш гэдгийг анхаарах шаардлагатай. Тухайлбал, алт шиг байгалийн шинж чанараараа дотоод үнэ цэнтэй зүйл биш шүү дээ. Түүнчлэн ард нь үнэ цэнийн баталгаа болох төрийн институц эсвэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж үгүй. Үнэ ханш нь зѳвхѳн хурдан ашиг олох гэсэн спекуляц дээр тогтож байгаа учраас маш тогтворгүй, өндөр савалгаатай, мөнгөө оруулсан хүн хохирол хүлээх, бүх мөнгөө алдах ч эрсдэлтэй. Хоёрт, хуулийн зохицуулалтгүй, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин, дүрэм журамгүй гэдгээрээ албан ёсны мөнгөн тэмдэгт эсвэл хувьцаа, бонд зэрэг зохицуулалттай хѳрѳнгѳ оруулалтын бусад хэрэгслээс ялгаатай. Өөрөөр хэлбэл, мэдээлэл багатай, зах зээлд нөлөөлөх чадваргүй жижиг хөрөнгө оруулагч нар золиос болох эрсдэл өндөр, үүнээс сэргийлэх хамгаалалтгүй юм. Хэдийгээр өндөр өгөөж амлаж болох ч, дийлэнх хөрөнгө оруулагчийн хувьд өндөр эрсдэл л биеллээ олно гэсэн үг.

-Иргэд мөнгө угаалт, залилан­гийн гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн сэргийлэх вэ?

-Kрипто, койнууд нь мөнгө угаах хэрэгсэл болсоор ирснийг хууль хяналтын байгууллагууд анхааруулсаар байгаа. Блокчейн технологийн өндөр нууцлал нь ямар зорилготой, хэнтэй арилжаа хийж буйг мэдэх аргагүй болгосноор энэ эрсдэлийг эрс нэмэгдүүлсэн. Мөн хуурамч төслүүд, койнуудаар дамжуулан мэдлэг, мэдээлэлгүй хүмүүсийн мөнгийг нь залилан авах гэмт хэрэг түгээмэл бийг мартаж болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.27 Баасан № 168 (6645)