Б.ОД
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.Наймдугаар сарын 21-22-ны өдрийн үргэлжилсэн борооны улмаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Цагаан тохой” гэдэг газар Сэлэнгэ мөрөн үерлэж таван айлын гэр усанд автжээ.Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд таван өрх айлын 17 хүнийг /үүнээс 6 хүүхэд/, 113 бод малынх нь хамт аюулгүй газарт гаргасан байна. Тус сумын Засаг даргын мэдээлснээр үлдсэн дөрвөн хүн, 1773 мал нь усны үер татартал хүлээхээр болсон байна.
Мөн Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Их харгана” гэдэг газар Идэр голын усанд тус сумын харьяат иргэн Б-гийн 15 настай хүү малаа тууж ирэх гэж яваад усанд боогдсныг гол гаргаж өгчээ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас дөрвөн айлын хашаа, гэр, хоёр орон сууцны барилгын зоорийн давхар усанд автсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дөрвөн айлын гэрийн хаяаг шууж, дөрвөн айлын хашаанд тус бүр дөрвөн метрийн урттай шуудуу ухаж, орон сууцны хоёр байрны зоорийн давхрын усыг соруулсан байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 15 айлын хашаа, дөрвөн айлын гэр, зургаан айлын байшин, нэг айлын хүлэмж усанд автсан тул тус сумын “Яргуйт толгод”, “Их залуу” багийн нийт зургаан гудамжны 15 хашаа, дөрвөн гэр, зургаан байшингийн усыг соруулан, мөн ус зайлуулах таван шуудууг цэвэрлэж усны урсгалыг сайжруулан нэг шуудуу сэтэрсэн байсныг засварлажээ.
Эх сурвалж:www.polit.mn