Б.БЯМБАЖАРГАЛ
Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор уул уурхайн бус экспортыг дэмжих зорилготой Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөнийг урьж ярилцлаа.
-Экспортыг дэмжих төслийн зорилго, үйл ажиллагааны чиглэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Экспортыг дэмжих төсөл нь Монгол Улсын уул уурхайн салбараас хэт хамааралтай байгаа экспортыг солонгоруулах, боломжит экспортын салбарууд, аж ахуйн нэгжүүдийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжүүлж байна. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ХХААХҮЯ-ны дэргэд 2023 оныг дуустал хэрэгжинэ. Үндсэн зорилтот салбарууд нь Хөдөө аж ахуйд суурилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээлэл технологи, соёлын бүтээлч үйлдвэрлэл.
-Төслийн хүрээнд ямар ажлууд зохион байгуулах вэ?
-Манай төсөл үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт, экспортын санхүүгийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх юм. Энэ ажил нь Үндэсний давхар даатгалын газарт хэрэгжээд эхэлсэн оны сүүлд тээвэрлэлтийн дараах даатгалын бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрнэ. Энэ бүтээгдэхүүний холбогдогч талууд болох даатгалын компани, арилжааны банк, даатгалын зуучлагч, экспортлогч ААН гэх мэт холбоотой талуудын чадавхийг бэхжүүлнэ. Хоёрдугаарт, экспортын өрсөлдөх чадварыг, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх. Экспортлогчдод нийтлэг тулгамдаж буй асуудлуудын нэг нь бодлогын дэмжлэг, улс төрийн орчны тодорхойгүй байдал болох нь судалгаагаар тодорхойлогдсон. Иймд худалдааг хөнгөвчлөх, зорилтот орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг хийж, одоо байгаа хэлэлцээрүүдийн ашиглалтыг сайжруулах шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болгоход Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллана. Экспортын зорилтот зах зээл, бүтээгдэхүүнүүдийг судлах, стратегийг судалгаанууд хийж уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Цаашлаад түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд экспортын чиг баримжаатай ААН-үүдэд экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Гуравдугаарт, олон улсын чанарын удирдлага, баталгаажуулалтыг Монгол Улсад нэвтрүүлэх, лабораториудын чадавхыг бий болгох гэсэн ажлыг төлөвлөөд хийж эхлээд байна.
-Уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн экспортыг дэмжих зорилгоор ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг олгох мэдээлэл байсан. Үүнд ямар ААН-үүд хамрагдах вэ?
-Санхүүгийн дэмжлэг нь дээр дурдсан зорилтот гурван салбарынханд зориулагдана. Шалгуур хангасан аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, худалдан авалт, хөрөнгө оруулалтын бус зөвхөн экспортын чадавхыг бий болгох зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлнэ. Нэг аж ахуйн нэгжид олгох дээд хэмжээ 150 сая төгрөг. Энэ хүрээнд 2023 оныг дуустал нийт есөн удаа материал хүлээж авна. Экспортод гарч буй аж ахуйн нэгжүүд гадаад зах зээлд өрсөлдөнө гэдгээрээ дотооддоо тодорхой хэмжээний чадавх, туршлага бүрдүүлсэн аж ахуйн нэгжүүд байх шаардлагатай байдаг. Тиймээс олон аж ахуйн нэгжийг хамруулах үүднээс боломжийн шалгуур тавьсан. Тухайлбал, хоёр жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, жилийн 150 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой, орлого нь дотоодын зах зээлийнх байж болно. Санхүүжилт авах аж ахуйн нэгжүүд нь төлөвлөсөн ажлаа өөрийн зардлаар амжилттай гүйцэтгэсний дараа нөхөн төлбөр хэлбэрээр манайхаас санхүүжилтээ авах тул хүсэж буй зардлаа санхүүжүүлэх чадавхтай байх хэрэгтэй байгаа.
-Санхүүгийн дэмжлэгээс гадна ААН-үүдийг бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад өөр ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-Санхүүгийн дэмжлэгийн хувьд ААН-үүд экспортын маркетинг, чанарын удирдлага, үйлдвэрлэлийн удирдлагатай холбоотой ажлууд дээр санхүүжилт авах боломжтой. Бусад дэмжлэгийн хувьд манай төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн сургалт, судалгааны олон ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Судалгааны хувьд Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд болон экспортын боломжит салбарын бүтээгдэхүүнүүдийн талаар олон улсын зах зээлийн судалгааг бид худалдаж аваад байна. Үүнийг сургалтад хамрагдсан болон манайд хандсан аж ахуйн нэгжүүдэд үнэ төлбөргүй тарааж байгаа. Сургалтын хувьд экспортын ерөнхий сургалтаас гадна салбар, салбарынханд зориулсан кластерын сургалтуудыг зохион байгуулж байна.
-Манай улсын экспортын 95 хувийг уул уурхай үлдсэн таван хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд ямар асуудал тулгарч байна вэ?
-Уул уурхайн бус экспортыг харахад түүхий эдийн экспорт зонхилсон байгаа. Тиймээс түүхий эдээ хэрхэн хагас боловсруулж, цаашлан эцсийн бүтээгдэхүүн болгох вэ гэдэг дээр бүх шатны зохицуулалт шаардагдаж байна. Аж ахуйн нэгжүүдийг экспортын хувьд нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр нэг чиглэл стратегид холбох хэрэгтэй. Нөгөө талдаа экспорт хийх аж ахуйн нэгжүүдээ чадавхжуулах шаардлагатай байна. Экспортлогч аж ахуйн нэгжүүдийг харахад цөөн тооны том экспортлогч нарт л хамаарагдаж байна.
-Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт бага байна гэдэг нь салбаруудын дотоодын бизнесийн хөгжил, өрсөлдөх чадвар сул байгааг илтгэж байна гэж ойлгож болох уу?
-Олон улсын зах зээлд манай бизнесийн хөгжил, өрсөлдөх чадвар сул байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зөвхөн боловсруулах үйлдвэр, түүхий эд бэлтгэгч нараас гадна маркетинг борлуулалтын салбар энэ чиглэлд тааруу хөгжсөн байна. Олон улсад өрсөлдөхийн тулд бид ганц ганцаараа биш олуулаа нийлж, кластераар ажиллаж сурах хэрэгтэй байна.
-Хэрэв тийм бол уул уурхайн бус салбарын, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төр, засгаас ямар арга хэмжээ, зохицуулалтыг хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Энэ чиглэлд төр, засгаас хийж буй ажлын нэг нь манай төсөл. Тиймээс бид өөрсдийн төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаандаа чанартай гүйцэтгэж, аж ахуйн нэгжүүдэд нэн шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх, чадавх бий болгох ажлуудаа хийж, холбогдох яамдуудтай уялдаа холбоотой ажиллах нь зөв гэж харж байна. Үүнд экспортын зах зээлд өрсөлдөх бараа тус бүрийн стратегийг тодорхойлох хэрэгтэй. Энэ стратегийн хүрээнд кластераар ажиллах, кластерын өртгийн сүлжээнд оролцогч талуудын чанарын удирдлага, стандартыг хангах, түүнчлэн оролцогч талуудын экспортын чадавхыг нэмэгдүүлэх ажил орж байна. Мөн экспортыг нэмэгдүүлэх үүднээс татварын бодлого, экспортын шат дамжлагыг хөнгөвчлөх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.17 МЯГМАР № 160 (6637)