Ч.ЗОТОЛ

Завхан  аймгаас  сонгогдсон  УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өнгөрсөн хавар хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болох гэж байгаа талаар мэдээлж байсан нь биеллээ олжээ. Тэрбээр  “Эрүүл  мэндийн  сайд  асан  Т.Мөнхсайханд  хүсэлт тавьж  байсны  дагуу  аймгийн  нэгдсэн  эмнэлгийг  эхо,  рентген,  амьсгалын аппарат,  үйлчлүүлэгчийн  монитороор  хангах,  Тосонцэнгэл  сумын  Нэгдсэн эмнэлгийг  диализийн  аппараттай  болгох  зэрэг  асуудлыг  шийдвэрлэсэн.  Үүнээс Хүчилтөрөгчийн  бэсрэг  үйлдвэрийн  байр,  монтаж,  тоног  төхөөрөмж  нийлүүлэлт  нь  хийгдээд  явж  байна.  Цар  тахлын  онцгой  нөхцөлийн  улмаас  хугацаа  алдах,  суурилуулах  инженер,  техникийн  ажилчид  очсон  аймагтаа  тусгаарлалтад  орсны  дараа  ажлаа  эхлүүлэх  зэрэг  хүндрэл  бэрхшээлүүд  гарч  байгаа  ч  Завхан  аймагт  “Хүчилтөрөгчийн  бэсрэг  үйлдвэр”   ашиглалт оруулах төлөвлөгөөний ажиллаж  байна”  хэмээсэн  юм.  

 Тэгвэл  завханчууд   хүчилтөрөгчийг  өндөр  зардлаар  холоос  тээвэрлэдэг асуудлыг  шийдвэрлэх  зорилгоор  аймаг  хөгжүүлэх  2021  оны  төлөвлөгөөндөө  тусгасны  дагуу  улсын  төсвийн  270  сая  төгрөгийн  хөрөнгө  оруулалтаар  Нэгдсэн  эмнэлгийг  түшиглэн  “Хүчилтөрөгчийн  бэсрэг  үйлдвэр”  байгуулжээ.

Завхан  аймаг  бэсрэг  үйлдвэртэй  болсноор  цаг  хугацаа,  зардал  хэмнэхээс  гадна  Нэгдсэн  эмнэлэг,  Төрөх  эмнэлгийн  бүх  тасгийг  24   цагийн  турш  хүчилтөрөгчөөр  хангах  боломж  бүрдэж,  яаралтай  тусламж  хүргэх,  хүний  амь  нас  аврах,  ковидын  халдвараар  өвчилсөн  иргэдийн  эмчилгээнд  чухал  хэрэгцээтэй  зэрэг  олон  давуу  тал  бүрдэж  байна.

Тус  үйлдвэр  нь  аймгийн  Нэгдсэн  эмнэлгийн  бүх  тасгуудад  хүчилтөрөгчийг  түгээхийн  зэрэгцээ  хоногт  30-40  ширхэг  хүчилтөрөгчийн  баллон  цэнэглэх  хүчин  чадалтай  тул  23  сумын  Эрүүл  мэндийн  төвийг  хүчилтөрөгчөөр  бүрэн  хангах  боломжтой  юм  байна.

Эх сурвалж: www.polit.mn