Т.САЙХАН

"Цахим шүүх" олон улсын хэлэлцүүлэг өчигдөр /01.27/ болсон.  Энэ үеэр Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа шүүхийг цахимжуулах асуудалд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг онцлов.  Тэрээр  "Аливаа улс оронд цахимжилт өөрийн гэсэн онцлогтой явж байна. Үүнээс ямар цахимжилт илүү амжилттай байна вэ гэхээр тухайн улс орны өөрийнх нь үндэстний онцлог, хүний эрхийн соёл, ухамсарт үзэл санаан дээр тулгуурласан цахимжилт амжилттай хэрэгжиж байна.  Энэ нь хэдий хол сонсогдож байгаа ч бид анхаарахаас өөр аргагүй.  Өнөөдөр дандаа  барууны судлаачид энэ танхимд ирсэн ч гэлээ манай эрх зүйт уламжлалд хуулийн хэм хэмжээний ойлголт их өөр шүү.  Хуулийн хэм хэмжээ гэхээсээ илүү ёс суртахуунд тулгуурласан хуультай улс. Тэгэхээр ялангуяа хуулийн байгууллагын цахимжилт дээр бид анхааралтай хандах нь зөв. Нөгөө талаар технологийн чиглэлийн хувийн компаниудад маш их хэмжээний дата мэдээллээ бид өгч байна.  Тухайлбал, шүүгч нарын тоон гарын үсгийг цахимжуулж авна гэдэг асуудал яригдаж байна.  Тоон гарын үсэг дээр манай улсад гурван компани тэргүүлж ажиллаж байгаа.  Түүний нэг нь шүүх дээр 10 гаруй жил маргаантай яваа юм билээ.  Тэгэхээр шүүгчид тоон гарын үсгээ өгөхөөс болгоомжилж байгаа. Ялангуяа шүүх байгууллага цахим шилжилтэд яарахгүй, аажмаар хийх ёстой гэж харж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn