Б.ДОЛЖИНЖАВ

Рио Тинто компанийн Монгол Улс дахь томоохон зэсийн уурхайн төсөл 1.4 тэрбум ам долларын алдагдалд орсонд чулуулаг бус  буруу менежмент нөлөөлсөн гэж шинжээчид тайлбарлалаа. Энэ нь дэлхийн хоёр дахь том уурхай юм.

“The Wall Street Journal” сонины олж авсан 157 хуудас тайланд Оюу толгой уурхайн эзэмшигчид болох  “Turquoise Hill Resources” компанийнхан болон Монголын төрийн өмчит компанийн захиалгаар далд уурхайн зардал нэмэгдсэн болон бүтээн байгуулалтын  хугацаа хойшилсон шалтгааныг хөндлөнгийн судлаачид тайлбарлажээ. Үүнээс гадна АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс, Английн зохицуулах байгууллагууд Рио Тинтогийн ихэнх хувьцааг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс”  компани Монгол дахь Оюу толгойн гүний уурхайд үүссэн тодорхой асуудлуудыг хөрөнгө оруулагчдад мэдээлэх ёстой талаар судалж байна гэж ойрын эх сурвалж ярив.

Дээрх тайланд Оюу толгой гүний уурхайн талбайн ажилчдын  харилцааны соёлын дутагдлын талаар буюу баг хоорондын уялдаа холбоо муу байгааг онцолжээ. Шинжээчид “Нэг бүлэгт ажиллаж байгаа хүмүүс алдаа гаргавал бусдыгаа буруутгаж байсан” гэж тайландаа тусгажээ.

Рио Тинтогийн уурхайд үүссэн асуудалд газрын хөрс болон геотекникийн нөхцөл нөлөөлсөн гэсэн тайлбарыг тайланд эрс няцаажээ. Тодруулбал, бие даасан зөвлөхийн  бүлэг нь газрын хөрс болон чулуулгын чанар 2016 онд уурхайг эзэмшигчдийн таамаглаж байснаас ялгаатай гэснийг батлах нотолгоо байхгүйг дурджээ. Харин зарим хэсгийн чулуулгын чанар маш сайн байсан тухай тайланд бичсэн байна.

Оюу толгой уурхай нь өмчлөлийн нарийн бүтэцтэй. Рио Тинто компанийн шууд бус эзэмшлийн Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан “Туркойз Хилл Ресурс” компани Рио Тинтогийн хувьцааны 50.8 хувийг эзэмшдэг. Харин “Туркойз Хилл Ресурс” компани нь Оюу толгой уурхайн 66 хувийг үлдсэн 34 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг.

"Оюу толгой 2020 онд анхны зэсээ олборлох зорилт тавьсан"

Рио Тинто компани дээрх тайландаа нарийвчлан танилцсаны дараа Оюу толгойн ТУЗ-тай асуудлыг хэлэлцэнэ гэв. Рио Тинтогийн хэвлэлийн ажилтан “Говь цөлд дэлхийн орчин үеийн хамгийн том уурхайн дэд бүтцийн нэг хэсгийг бий болгох чиглэлээр өнөөдрийг хүртэл хийсэн ажлуудаараа бахархаж байна. Хамтран ажиллагсадтай үргэлжлүүлэн ажиллаж, газрын гүний төслөө дуусган, дараагийн шатанд шилжих зорилт тавин ажиллах боломж бидэнд дүүрэн байна” гэж ярилаа. Харин “Туркойз Хилл Ресурс” компанийн хэвлэлийн ажилтан тайланг хянаж үзээд шаардлагатай мэдээллийг хөрөнгө оруулагчдад ил болгоно гэв.

Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч зэргийг ашиглаж чулуужсан түлшнээс татгалзаж байгаа энэ үед Оюу толгой дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох боломжтойг шинжээчид мэдээлж байна. Рио Тинто болон бусад хамтран эзэмшигчид Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад  2016 онд 5.3 тэрбум ам доллар төсөвлөн, 2020 онд анхны зэсээ олборлох зорилт тавьсан юм. Гэвч 2019 оны дунд үеэр Рио Тинто компани бүтээн байгуулалтад урт хугацаа шаардагдахын сацуу төсөв ч их нэмэгдэнэ гэдгийг Оюу толгойд анхааруулж байв. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард бүтээн байгуулалтын өртөг 6.75 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн ч үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сар хүртэл хойшилсон юм.

Бие даасан зөвлөхүүдийн тайланд “Гүний уурхайд ажиллаж байгаа багууд цаг агаарын таагүй нөхцөл болон газар дээрх геотекникийн хүнд хэцүү байдлыг даван туулахад шаардлагатай туршлагагүй байсан. Тэд төслийг гүйцээхэд тулгарах сорилтуудыг даван туулахад шаардлагатай  ур чадвар, хамтын ажиллагаатай гэдэг итгэхгүй байна” гэж бичжээ.Хоёр өөр уурхайн зөвлөх энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ.

Тайланд Рио Тинтогийн өндөр албан тушаалтнууд тус төсөлд саатал гарч, хойшлох талаар хэзээ мэдсэн тухай тодорхой дурдаагүй ч  төслийн эхний зургаан сараас асуудал тулгарч, цаашид төлөвлөсөн хугацаанаасаа улам бүр хоцрох нь ихэнх хүнд тодорхой болсон тухай бичжээ.Мөн төслийн багийнхан халаалтын байгууламж болон  орон нутгийн ажилтнуудыг сургах зардлаа дутуу тооцоолсон байна.

Эх сурвалж:The Wall Street Journal