Б.БЯМБАЖАРГАЛ
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлж өнөөг хүртэл шат дамжин хэлэлцсээр байгаа. Жил бүрийн хаврын тариалалтын үед таримал ургамлын үрийн тогтворгүй байдал, чанар, нөөц, хүрэлцээний асуудал сөхөгддөг. Мөн зөвхөн үрийн сорт төдийгүй хүнсний аюулгүй байдлын асуудал ч яригдана. Энэ хуулийн төсөл батлагдвал тариаланчдад төдийгүй улсын хэмжээнд тулгамддаг олон асуудал шийдэгдэх боломжтой. Монгол орны байгаль, цаг уурт тохирсон халуун хүйтэнд тэсвэртэй, ургац арвин өгдөг үрээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болчихвол иргэд чанартай, боломжийн үнээр эх орондоо ургасан хүнс худалдаж авах боломж бүрдэх юм.
Үрийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна
Газар тариалангийн үйлдвэрлэлийн гол үндэс нь таримал ургамлын үрийн чанараас шууд хамааралтай байдаг. Тиймээс үр, үрийн сорт нь стратегийн хувьд тун чухал ач холбогдолтой. Гэвч бид таримал ургамлын үр сортын тухай хуулиа анх батлагдсанаас нь хойш 20 жилийн дараа л эргэн харж шинэчлэх гэж гурван жил дамнуулчихлаа. Эрс тэс уур амьсгалтай манай оронд жилээс жилд цаг уурын өөрчлөлт эрчимжиж газар тариалан эрхлэхэд хүндрэлтэй болж байгааг мэргэжилтнүүд хэлсээр байна. Мөн хаврын тариалалт дөрөвдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан бол хаврын урин дулаан орох цаг хойшилсноор тавдугаар сарын 1-нд тариалалтаа эхэлдэг болсон талаар тариаланчид учирлав. Тиймээс манай орны нутагт дасан зохицсон тэсвэртэй сайн чанарын үр зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Манай улсад таримал ургамлын үр сортын салбар нь төр, засгийн мэдэлд байдаг ч одоог хүртэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй. Импортоор оруулж ирдэг таримал ургамлын үрийн ихэнх нь чанар, стандартын шаардлага хангадаггүй, тариаланчдын ургац алдах гол асуудал болдог. Мөн 20 жилийн өмнө батлагдсан таримал ургамлын үр, сортын тухай хуулийн найруулга, зохицуулалт нь зарим талаараа өнөөгийн шаардлагад нийцэхгүй байгаа нь энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байна.
Сайн сортын үрээр тариалалт хийснээр ургац 25-50 хувиар нэмэгдэнэ
Шинээр боловсруулсан 31 зүйлтэй энэ хууль нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, шинэ сорт бүтээхийг дэмжих зорилготой. ХХААХҮЯ-ны мэдээлснээр шинэ хууль батлагдвал таримал ургамлын шинэ сортыг бүртгэж, хамгаалах замаар шинэ сортыг бүтээх ажлыг дэмжих, нутагшуулах үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлэх боломж бүрдэх юм байна. Мөн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр таримал ургамлын өвчин, хэт халалт, хүйтрэлтэд тэсвэрт чанарыг сайжруулсан үр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэг га талбайгаас авах ургац 25-50 хувиар нэмэгдэх гэсэн эерэг үр дүн гарна гэж тооцоолж байгаа аж. Энэ мэтээр газар тариалангийн салбарт өөрчлөлт авчирах таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдахыг салбарынхан хүлээж байна.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Н.Баярсүх \Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал\: Таримал ургамлын сортын зохиогчийн эрхийг хуулиар хамгаална
-Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногооны жимс жимсгэний арвин ургац хураах нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг боловч хамгийн чухал нь тухайн бүс нутагт дасан зохицсон сайн сортын үрээр тариалалт хийх явдал юм. Бидэнд таримлын нутагшсан сортын сайн чанартай үр дотооддоо үйлдвэрлэх нөөц боломж бүрэн бий. Монгол Улсад 1990-ээд оны эхэн үе хүртэл таримал ургамлын үрийн аж ахуйн иж бүрэн тогтолцоо ажиллаж дийлэнх таримал ургамлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг байсан. Гэвч зах зээлийн тогтолцоонд шилжих үеэр таримал ургамлын сорт сорилт, үрийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг шат шатны байгууллагууд татан буугдаж, үр үржүүлдэг аж ахуйн нэгжүүд хувьчлагдсанаар үр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа их доголдсон. Таримал ургамлын үрийн чанар, хангамж, хүрэлцээ болон үрийн нөөц бүрдүүлэлтийн талаар өнөөдөр үүсээд байгаа хүндрэл нь тогтолцоо дутмаг байгаатай шууд холбоотой. Хуулийн шинэлчилсэн найруулгын төсөлд олон улсын жишгээр таримал ургамлын сортын зохиогчийн эрхийг хамгаалах тухай цоо шинэ бүлэг нэмж оруулсан. Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа оюуны өмчийн тухай хуулийн зохицуулалтаар таримал ургамлын шинэ сортын зохиогчийн эрхийг баталгаажуулж, хамгаалах боломжгүйгээс монгол эрдэмтэд оюуны бүтээлээ үнэлүүлж чадахгүй байна. Ингэснээр өндөр үр ашигтай шинэ сортууд бүтээх монгол эрдэмтдийн бүтээмж, өрсөлдөөн, урам зориг эрс нэмэгдэх өргөн боломж нээгдэнэ. Мөн сортын эрхийг хамгаалдаг болсноор үйлдвэрлэлд тариалах таримал ургамлын нэр төрөл, шинэ сортуудын тоо нэмэгдэж, нэгжийн ургац, чанар эрс сайжирч тариаланчдад өгөөжөө өгнө.
М.Оюунжаргал \“Идэр-Онон” компанийн захирал, гавьяат механикжуулагч\: Үрийн аж ахуйг төрөөс дэмжих шаардлагатай
-Манай компани импортын үрээр тариа тарьж үзээгүй, дотооддоо үйлдвэрлэсэн Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс гаргадаг “Дархан-34, 74, 144, 166” сортоор тарьдаг. Эдгээр сорт нь Хэнтий аймгийн бүс нутагт дасан зохицсон, ургац сайн өгдөг. Гэхдээ сортуудын үрийн хангамж, хүрэлцээ бага, цаг хугацааны хувьд орой гарч ирдэг. Дотоодын үйлдвэрлэлийн хүрэлцээ, нөөц бага байдаг учраас тариаланчид импортын үр авдаг. Тариаланч хүний хувьд үр, сорт, тариаланг үргэлж ажиглаж явдаг. Заримдаа импортоор сайн үр орж ирдэг ч зарим талаараа чанарын шаардлага хангадаггүй үр орж ирсээр байна. Импортоор таримал ургамлын үр оруулж ирэхэд гааль, мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалт сул байдаг гэж хардаг. Импортоор стандартын чанарын шаардлага хангасан үр оруулж ирэхээс илүү бизнесийн ашиг олох зорилгоор л оруулж ирж байна. Тиймээс таримал ургамлын үрийг төр бодлогын хүрээнд зохицуулалт хийж оруулж ирэх үү, хувийн ААН-үүдэд тендер зарлаж чанарын шаардлага хангасан үр оруулж ирэх үү гэдэгт зааг гаргах хэрэгтэй. Үр үйлдвэрлэлээр дагнасан ААН-үүдийг улсаас бүс бүсэд нь байгуулах шаардлагатай байна. Ингэснээр дотоодын үрийн хэрэгцээгээ хангаж чадна. Үрийн аж ахуй явуулахад газар тариалангийн өөр үйл ажиллагаа эрхлэхээс илүү өндөр зардал гардаг учраас төрөөс дэмжих шаардлагатай.
Б.Эрдэнэболор \Монголын тариаланчдын үндэсний холбооны зөвлөх\: Үрээ нөөцөлдөг болчихвол импортоос хараат байдал багасна
-Улаанбуудайн үрийн тухайд авч үзвэл манай улсад жилд 55-65 мянган тонн үр хэрэгтэй болдог гэсэн тооцоо бий. Үүний 40 мянга орчим тонныг иргэн, ААН-үүд, 10 мянган тонныг Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбар хадгалдаг. Үлдсэн 5000 тонн үрийг импортоор оруулж ирдэг байсан ч энэ жил цар тахлын улмаас 15 мянган тонн үр авахаар тендер зарласан 12 мянган тонн үр орж ирсэн байгаа юм. Үрийн нөөц бүрдүүлэхтэй холбоотой заалт одоо мөрдөгдөж буй Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Улсын нөөцийн тухай хууль болон Хүнсний тухай хуульд байдаг ч аль байгууллага ямар ургамлын үрийн нөөцийг бүрдүүлэх, зориулалт, ашиглалтыг аль ч хуульд тодорхой зааж өгөөгүй. Тиймээс хуулийн давхардал, үүнийг дагасан тодорхой бус байдал үүсдэг. Нөгөө талаар хангалттай хэмжээний үрийн нөөц бүрдүүлдэггүйгээс жилийн жилд хаврын тариалалт эхлэх үеэр үрийн чанар, хүрэлцээ, хангамж, үйлдвэрлэл тойрсон асуудал дэгддэг.Түүнчлэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 6.1.1-д хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалга, гэрээгээр торгон, сортын болон эрлийз үр үржүүлэх гэж зааснаас харахад яам захиалга өгөөд буцааж үр нөөцлөх эрх нээлттэй байгаа мэт боловч зах зээлийн үед энэ нь хэрэгжих боломж багатай. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор үрийн нөөцийг аюулгүйн ба технологийн нөөц гэж хоёр хувааж оруулсан. Үрийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон асуудлыг Улсын нөөцийн тухай хуулиар, үрийн технологийн нөөцөд байх таримлын төрөл, нөөцийг бүрдүүлэх, удирдах үйл ажиллагааны журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусад нь зааж өгсөн. Энэ зохицуулалт хэрэгжсэнээр хэрэгцээтэй хэмжээний үрээ дотоодоосоо нөөцөлдөг болж, жил бүр гадаадаас үр импортолдог хараат байдал багасна гэж үзэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.6 БААСАН № 153 (6630)