Б.БЯМБАЖАРГАЛ
УИХ-ын дарга Г.Занданшатар том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судалгаа хийхийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөнд үүрэг өгсөн. Тэгвэл эдийн засгийн нөхцөл байдал таагүй, төгрөгийн ханш суларсаар байгаа энэ үед том мөнгөн дэвсгэрт шинээр гаргах нь зөв эсэх талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
Ч.Отгочулуу “Том мөнгөн дэвсгэрт гаргах нь оновчгүй зохицуулалт”
\Эдийн засагч\
-Манай улс хоёр жил дараалан сонгууль хийж бэлэн мөнгө тараасны улмаас инфляц өндөр байгаа. Инфляцын түвшин өндөр, иргэдийн сарын орлого бага байх тусам төгрөгийн ханш суларна. Том мөнгөн дэвсгэрт гаргах нь одоогийн нөхцөл байдалд шаардлагагүй, буруу зохицуулалт гэж үзэж байна. Иргэд том мөнгөн дэвсгэрт гаргахад төгрөгийн ханш суларч бараа бүтээгдэхүүний үнэ өсөж инфляц гаарсан юм байна гэдэг буруу хүлээлтийг үүсгэдэг. Европт эсрэгээрээ том мөнгөн дэвсгэртүүдийг ашиглахаа больж байгаа. Монголд төдийгүй дэлхийн улс орнууд бэлэн мөнгөнөөс илүү цахимаар төлбөр тооцоогоо хийж байхад шинэ мөнгөн дэвсгэрт шаардлагагүй. Бэлэн мөнгийг ихэвчлэн хууль бус үйл ажиллагаанд ашигладаг. Тиймээс төгрөг тэгтлээ үнэгүйдчихээгүй байхад энэ нь оновчгүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин