Б.БЯМБАЖАРГАЛ

УИХ-ын дарга Г.Занданшатар том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судалгаа хийхийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөнд үүрэг өгсөн. Тэгвэл эдийн засгийн нөхцөл байдал таагүй, төгрөгийн ханш суларсаар байгаа энэ үед том мөнгөн дэвсгэрт шинээр гаргах нь зөв эсэх талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

 

Б.Эрдэнэбат “Том мөнгөн дэвсгэртийн хэрэгцээг хэн гаргаад байгаа нь чухал”

\МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш\

-Том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судалгаа хийхэд буруудахгүй. Гэхдээ энэ төрлийн судалгааны ач холбогдол тийм ч өндөр биш. Монголчуудын сарын дундаж цалин 945 мянган төгрөг. Үүнийг хамгийн том мөнгөн дэвсгэртээр авлаа гэж үзэхэд 47 ширхэг 20 мянгатын дэвсгэрээр авна. Америкийн дундаж цалин 3460 доллар байдаг гэж үзвэл 34 ширхэг 100 долларын дэвсгэртээр авна. Ингээд өндөр хөгжилтэй орнуудынхтай харьцуулж үзэхэд ширхэгийн хувьд боломжийн гэж үздэг. Иргэд цалингаа хамгийн том дэвсгэртээр авахад хэтэрхий олон ширхэг болоход том мөнгөн дэвсгэрт гаргаж болно. Гэхдээ одоо иргэд бүх төрлийн төлбөрийг дижитал хэлбэрээр төлдөг болсон тул том мөнгөн дэвсгэрт шинээр гаргах шаардлагагүй. Банкны секторт итгэхээ больсон хүн мөнгөө том мөнгөн дэвсгэртээр хадгалахыг хүсдэг. Тэгэхээр том мөнгөн дэвсгэртийн хэрэгцээг хэн гаргаад байгаа нь чухал. Том мөнгөн дэвсгэртийг эдийн засагт гаргахад иргэд инфляцыг төр хянаж чадахаа больж төгрөг үнэгүйдлээ гэсэн сөрөг хүлээлт үүсгэдэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин