Б.БЯМБАЖАРГАЛ
Хүнсний улаанбуудай Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах болсон талаар Хөдөө аж ахуйн биржийн захиргаа, удирдлагын нэгжийн менежер Х.Энх-Амгалантай ярилцлаа.
-Биржийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
-Манайх Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн дагуу байгуулсан компанийн бүтэцтэй байгууллага. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авч хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд учраас зөвхөн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахаас илүү салбарын өөрчлөлт, дэд бүтцийг сайжруулахаар ажилладаг. Блокчэйн технологид суурилсан биржийн арилжаанд улаанбуудайг нэвтрүүлэхээр зорьж байна. Улаанбуудайг биржээр арилжаалбал сорт, чанар, хаана тариалсан, бодит зах зээлд хэдэн тонн улаанбуудай нийлүүлж байгаа мэдээлэл ил тод болох болно. Манай хөдөө аж ахуйн биржийн систем хөгжүүлэлтийг “Ай түүлс” компани хийж өгсөн. Бүртгэл нь арилжааны платформуудад хийгдэж брокерууд тэр системдээ арилжаагаа хийж тухайн мэдээлэл нь бүртгэгдээд явах зохицуулалттай байгаа. Блокчэйн технологид суурилсан учир арилжааны мэдээг өөрчлөх, устгах боломжгүй. Эхний арилжааг есдүгээр сараас хийж эхэлнэ. Цаашдаа Хөдөө аж ахуйн биржийн зах зээлд ноос, ноолуур, мах, мал, тосны ургамал, улаанбуудай, арьс шир гэсэн долоон төрлийн бүтээгдэхүүн арилжаалахаар төлөвлөж байна. Дотоодын хэрэгцээг биржээс авах боломжийг бүрдүүлж цаашлаад экспортоор гаргах төлөвлөгөөтэй байгаа. Биржийн зах зээлд арилжаалагдаж байгаа бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангасан байдаг учраас дотоодын нэмүү өртөг шингээх боломжтой. Өнгөрсөн онд 427 тэрбум төгрөгөөр зөвхөн ноолуур арилжаалсан нь энэ салбарт ямар том боломж байгааг харж болно. Одоо 327 мянган тонн улаанбуудайг биржээр арилжаалах зорилт тавиад ажиллаж байна.
-Биржээр улаанбуудайгаа арилжаалсан тариаланчдад урамшуулал, хөнгөлөлт олгох уу?
-Улаанбуудайг биржээр арилжаалахад улаанбуудайн чанар, арилжааны дүнгээс хамааран тариаланчдад урамшуулал олгоно. Урамшуулал олгох харилцааны журмыг хуульд тодорхой заасан байгаа. Гэхдээ улаанбуудайн урамшууллыг гурван этгээд худалдаж авсан тохиолдолд олгоно. Тариаланчид Улсын нөөц, гурилын үйлдвэр, ХААДС-гийн зээлдээ буудайгаа өгсөн тохиолдолд урамшуулал авах боломжтой.
-Биржээр арилжаалж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын стандартыг яаж тогтоох вэ?
-Худалдан авагч тал бараагаа үзэхгүй, харахгүй авч байгаа учраас бараа бүтээгдэхүүний чанарын стандарт, хадгалалт маш тодорхой байх ёстой. Үүнийг Хөдөө аж ахуйн биржийн захирал, ХХААХҮ-ийн сайд тодорхойлолтуудыг хийж байгаа. Гэхдээ бид шинэ стандарт, хяналт тогтоохоос илүү Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа MNS стандартыг үйл ажиллагаандаа мөрдөнө. Тиймээс худалдагч тал, худалдан авагч тал стандартаа ойлгосон байх учир үл ойлголцол үүсэхгүй гэж бодож байна. Хамгийн гол нь стандартаа мөрдсөн эсэхэд анхаарч ажиллана. Энэ ажлыг үе шаттайгаар сайжруулах төлөвлөгөөтэй байгаа.
- Үнийг хэрхэн тогтоох вэ?
-Тариаланчид Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээлсэн төлбөртөө төрөөс тогтоосон үнээр улаанбуудайгаа өгдөг байсан. Одоо тариаланч, гурилын үйлдвэр хоорондын чөлөөт зах зээлд үнэ тогтоох үйл ажиллагаа хэвийн журмаараа явна. Улаанбуудайг биржээр арилжаалахад ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйг дэмжих сан үнэ зарлахгүй. Ингэснээр бирж дээр цэвэр арилжааны зарчмаар бодит үнэ тогтоод явна. Биржийн зүгээс үнэд оролцох ганцхан зүйл нь үнийг тогтвортой байлгахад анхаарна. Биржийн зах зээлд бараа, түүхий эд зарах арилжаалах захиалгын төрлүүдтэй. Хаалттай болон нээлттэй зарчмаар арилжаалах нөхцөл, гэрээ нь тусдаа ойлголтууд учраас бид зохицуулалт хийж байгаа. Тэгэхээр улаанбуудайн үнэ эрэлт нийлүүлэлтээсээ шалтгаалж тогтоно.
- Тээвэр, хадгалалтыг хэрхэн зохицуулах вэ?
- Улсын хэмжээнд 395 мянган тонны багтаамжтай 24 ААН-ийн агуулах бий. Бидний зүгээс агуулах, лаборатори, тээврийг итгэмжлэгдсэн даатгалтай байхыг шаардаж байгаа. Гэхдээ энэ онд ХААДС-гийн агуулахуудыг түшиглээд арилжаагаа зохион байгуулна. Хувь хүн өөрөө агуулахтай бол стандартаа мөрдүүлээд, шаардлага хангаж байвал арилжаанд оролцох боломжтой. Өмнө нь тариаланчид улаанбуудайг хүйтрэхээс өмнө 9-11 сард богино хугацаанд зардаг байсан учраас худалдан авагч талд илүү ашигтай байдаг байсан. Одоо хадгалах савыг бид бэлдээд өгөх учраас цаг хугацаатай уралдахгүйгээр жилийн турш биржийн зах зээл дээр чөлөөтэй зарах боломжтой болно. Тогтмол арилжаа хийгээд эхэлвэл үнийн савлагаан дээр тоглодог зуучлагч, брокер, хөрөнгө оруулагчид оролцоод эхэлнэ. Ингэснээр салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэж хөрөнгө оруулалт татах боломжтой болно.
-Улаанбуудайг биржээр арилжаалахад шимтгэл авах уу. Төлбөрийн ямар зохицуулалт хийх вэ?
-Биржийн хуулиар биржийн арилжааны үндсэн оролцогч брокер буюу хоршоо байна гэж тодорхой заасан байдаг. Биржийн арилжааг зохион байгуулахаас өмнө бид программ дээрээ бүх нөөцөө бүртгэнэ. Худалдан авагчид анхдагч дэнчинг байршуулснаар биржийн арилжаанд оролцох боломжтой. Харин брокерууд 20 сая төгрөгийн баталгаат дэнчин тавьж зуучлалын үйл ажиллагааг явуулна. Хэрэв хэлцэл биелсэн тохиолдолд үнийн дүнг 100 хувь төлж бараагаа авна. Бирж нь худалдаж байгаа тал, худалдан авагч талуудын хийсэн арилжаанаас мэргэжлийн үйл ажиллагаа хийсний шимтгэл авч ашиг олдог. Гэхдээ энэ онд улаанбуудайн арилжаанаас шимтгэл авахгүй. Харин брокер бол тусдаа үйл ажиллагаа явуулж, хоёр талыг холбож байгаа учраас 0.1 хувийн шимтгэл авна. Жишээлбэл, 100 сая төгрөгийн арилжаа хийхэд брокер 100 мянган төгрөгийн л шимтгэл авна гэсэн үг юм.
-Тариаланчид арилжаанд хэрхэн оролцох вэ. Арилжааны алхмуудыг энгийнээр тайлбарлавал?
-Тариаланч брокертой гэрээ байгуулан биржийн брокерын системд данс, бүртгэл үүсгэнэ. Дараа нь тариаланч бараа, түүхий эдээ итгэмжлэгдсэн агуулахад байршуулах ёстой. Ингэснээр агуулахаас бараа, түүхий эдийн чанарыг тодорхойлсон лабораторийн шинжилгээ болон хэмжээг агуулахын удирдлагын системд оруулна. Арилжааны үед талуудын үнийн санал, барааны хэмжээг брокер системд оруулах юм. Ингээд арилжааны үнийн дүн, брокерын шимтгэл дээр дурдсан журмын дагуу явагдана. Хэрэв бараа, түүхий эдийн чанар, стандарттай холбоотой маргаан, зөрчил гарвал Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр шийдвэрлэнэ.
-Улаанбуудайг биржээр арилжаалахад худалдан авагч талын захиалсан буудайны жинг хэрхэн тооцох вэ. Жиндээ хүрэхгүй байх асуудал гарвал ямар зохицуулалт хийх вэ?
-Хүнсний буудайг нэг газраас нөгөө газарт задгай тэвшин дээр зөөвөрлөх, цэвэрлэхэд хорогдол гарч цэвэр жингийн асуудал хөндөгдөнө. Энэ асуудлыг уулзалтын үеэр тариаланчид олон удаа асуусан. Үүнийг худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулна. Гэрээнд ± 2-3 хувиар хорогдол байна гэдгийг тусгаж өгөхөөр ажиллаж байна.
- Энэ онд Хөдөө аж ахуйн бирж шимтгэл авахгүй гэсэн. Хэзээнээс шимтгэл авч, ашгаа юунд зарцуулах вэ. Төрийн өмчийн оролцоотой байгууллага учраас улсын төсөвт орох уу?
- Арилжааны шимтгэлийг зөвхөн энэ онд тэглэсэн. Дараа жилээс арилжаа амжилттай болбол шимтгэл авч эхэлнэ. Бирж дээр арилжаа явуулаад тодорхой хэмжээний ашиг, орлого төвлөрвөл компанийн хуулийн дагуу ТУЗ ногдол ашиг тараах, хөрөнгө оруулалт хийх зэргийг шийднэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.4 ЛХАГВА № 151 (6628)