Т.САЙХАН
Шатахууны үнэ өнөөдрөөс /07.30/ дахин нэмэгджээ.
Тодруулбал, өчигдрийн байдлаар АИ 92, 93 бензиний үнэ 1750 төгрөг байсан юм. Харин өнөөдрөөс нэр бүхий шатахуун түгээх станцууд автобензины үнээ 300 төгрөгөөр үнээ нэмсэн байна.
Тодруулбал, Магнай Трейд ХХК болон Петровис ХХК-ийн АИ 92, 93 бензин 2050 төгрөг болсон байна. Түүнчлэн бусад ШТС-ууд ч автобензины үнээ нэмэхээр зэхэж буй аж.
ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-нийг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн талаар өчигдөр Засгийн газраас мэдээлсэн.
Тиймээс манай улс АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байгаа аж. Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "БНХАУ дахь автобензины үнэ ОХУ-ынхаас харьцангуй өндөр байдаг. Гадаад зах зээл дээрх шатахууны үнэ өндөр байна. Ийнхүү газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ тасралтгүй өсөж байгаа учир манай улсад борлуулагдаж буй шатахууны үнэ буух боломжгүй. Гадаад зах зээл дээр өссөн үед нь өсөөд, буусан үед нь бууна гэсэн үг" гэж мэдээлсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn