С.САРУУЛ

Энэ намраас эхлэн хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжихаар бэлтгэл ажил хийж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд 13 аймгийн 120 гаруй тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгч болон мэргэшсэн брокерууд, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагууд зэрэг арилжаанд оролцогч талуудтай уулзалт зохион байгуулжээ.

Өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн биржээс Дорнод аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, биржээр улаанбуудайг хэрхэн арилжих, үүний давуу сул тал, үр өгөөжийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Уулзалтад оролцсон тариаланчид биржээр улаанбуудай арилжих ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд зөвхөн дотоодод гэлтгүй экспортын чиглэлд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй болохыг онцолж байлаа.

“Нью Ариг Ус” ХХК-ийн нягтлан бодогч Г.Ундрах “Хүнсний улаанбуудай нь стратегийн хүнс гэдэг утгаараа дотоодынхоо /Дорнод аймаг/ хэрэгцээг хангаад үлдсэнийг нь экспортод гаргах боломжийг нээж өгвөл зүгээр байна. Газар тариалан цаг хугацаатай уралддаг салбар учир энэ ажлыг аль болох хурдтай зохион байгуулахгүй хэрэгтэй. Ер нь бид биржийг дэмжиж байгаа. Бирж нь бидний эрх ашгийн төлөө дугарах ганц газар болчихоод байна. Бирж үнэхээр бидний төлөө ажиллаж явж чадвал хаа хаанаа хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Дорнод бүсийн тариаланчдын холбооны тэргүүн Б.Галхүү “Биржийг зөв явуулах нь зүйтэй гэж хувь хүнийхээ хувьд бодож байна. Үүн дотроо алслагдсан аймгууд руу чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх талаар тодорхой болгох нь чухал. Брокерууд бид нар шиг өөрөөр хэлбэл, улаанбуудайг чанарыг нь муудуулахгүй үнэтэй зарахыг хичээж чадах болов уу, биднээс илүү хичээх боломжууд юу байна гэдгийг илүү сайн харах ёстой байх. Мөн алслагдсан аймгууд хоршоо хэлбэрийн зохион байгуулалтад ороод явах хэрэгтэй юм байна.

Дорнод аймагт 20 гаруй аж ахуйн нэгж байдгаас 10 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 80 гаруй мянган га-д тариалалт хийдэг. Энэ жил бид 60 мянган тонн улаанбуудай хурааж авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Дотоодын гурилын үйлдвэр болох Дорнод гурил компани хамгийн ихдээ 10 мянган тонныг авлаа гэж бодвол манай аймагт 50 гаруй мянган тонн улаанбуудайн илүүдэл гарна. Дотоодын  зах зээлээ хангаад үлдсэн 50 гаруй мянган тонн буудайг яах вэ гэдэг асуудал үүснэ. 1000 гаруй километр газар тээвэрлээд Улаанбаатарт худалдана гэвэл өндөр зардал гарна. Тариаланчид үүн дээр тодорхой хэмжээний алдагдал хүлээнэ. Тэгэхээр  энэ 50 гаруй мянган тонн улаанбуудайг 35-60 километр зайтай Хятадын зах зээл рүү экспортод гаргачихмаар байгаа юм.  Ингэх нь хамгийн зөв шийдэл. Бидэнд экспорт хийх зөвшөөрөл өгчихвөл улс хожино, учир нь бид урамшуулал гэж авахгүй. Үүгээрээ улсад ашигтай. Тариаланчид  тонн тутамд 150-200 мянган төгрөгийн тээврийн зардал төлөхгүй учраас ашигтай ажиллана. Энэ хэрээр техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтээ бүрэн хийх боломжтой. Тиймээс бидний зүгээс гол хүсэж байгаа зүйл бол бирж зөвхөн дотоодын арилжаанд оролцохоос гадна бидэнтэй хамтраад экспортын чиглэлд ажиллах хэрэгтэй. Бирж ч гэсэн үүнээс тодорхой хэмжээний хувь авч болно шүү дээ. Ингэж хамтдаа хөгжвөл илүү үр дүнтэй" гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn